Ж.Алтанцаг нарыг маргааш шүүнэ

Зоос банкийг дампууруулсан гэх хэрэгт холбогдоод буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг маргааш шүүх гэж байна.

Шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болох юм. Шүүгдэгчдийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа юм.

Эл хэрэгт тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийг холбогдуулан шалган, шүүхээр хэлэлцээд түүнд зургаан жилийн хорих ял оноосон ч 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, түүнд оноосон зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, харин харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ. Тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа билээ.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих