О.Дөлгөөн: Миний завь бол “Мөрөөдлийн театр”
-Үзэгчдэд хүртээл болгохоор бэлтгэж буй шинэ уран бүтээлийн талаар яриагаа эхэлье?
-Театр байгуулагдсанаас хойш шахуу хөтөлбөртэй ажил лалаа. Энэ ч утгаараа чамлахааргүй уран бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэсэн байна. Бид наадмын дараагаас амарч байгаад одоо шинэ уран бүтээлээ хийхээр бэлтгэж эхэлсэн. Ерөнхийдөө ямар төрлийн жүжиг хийхээ төлөвлөчихсөн байгаа. Энэ сарын сүүлээр үзэгчдэдээ хүргэнэ.
-Хүмүүст инээд бэлэглэсэн хошин төрлийн уран бүтээл хийх гэж байгаа тухай мэдээлэл гарсан?
-Энэ удаагийн бүтээл маань хошин төрлийнх. Ер нь манай театраас төрсөн уран бүтээлүүдийг ажиглавал хошин өнгө аясыг хадгалсан байгаа. Гэхдээ мэдээж драмын өнгө аясаа алдалгүй уран бүтээл хийнэ.
-Энэ Таны тоглосон хэд дэх бүтээл вэ?
-Би үүнээс өмнө тайзны бүрэн хэмжээний хоёр жүжигт тоглосон. Мөн уран сайхны киноны гол болон туслах дүрүүдийг бүтээлээ. Дээрээс нь телевизийн олон ангит хоёр ч кинонд тоглоод амжсан шүү. Одоо театрынхаа ах нартай хамтарч ажиллаад тэднээсээ суралцаж байна. Ах нар маань “Хүн өөрийн гэсэн завьтай байх хэрэгтэй” гэж хэлдэг. Миний завь бол “Мөрөөдлийн театр”. Тиймээс миний бүхий л зүйл энэ театртай салшгүй холбоотой.
-Тайзны бүтээлд тоглох нь дэлгэцийн кинонд дүр бүтээхээс хэцүү гэдэг. Таны хувьд аль нь хялбар санагддаг вэ?
-Киноны зураг авалтын үеэр алдаа гаргахад дахин зураг авч болдог. Харин тайзан дээр үзэгчдэд уран бүтээлээ хүргэж байгаа тохиолдолд алдаа гаргах эрхгүй. Хэрвээ ямар нэг алдаа гаргахад дахин тавих боломжгүй учраас жүжигчдээс илүү ур чадвар шаарддаг. Гэхдээ энэ нь дэлгэцийн бүтээл муу тайзных сайн гэж хэлж байгаа юм биш. Тайзан дээр гарсан тохиолдолд жүжигчин тухайн дүрээ амилуулах, амьдруулахын тулд бүхий л авьяас чадвараа гаргадаг. Тиймээс илүү чадварлаг уран бүтээлчид тайзны бүтээлд тоглодог гэж боддог юм. Мэргэжлийн бус жүжигчид тайзны бүтээлд тоглодоггүй.
-Та тайз дэлгэц гээд аль алинд нь тоглосон. Цаашдаа аль нэг төрлөөр нь дагнах бодол бий юу?
-Хэрвээ хүмүүс миний авьяасыг үнэлээд санал тавибал аль нэг төрлийг нь онцлолгүйгээр дүр бүтээнэ. Мөн театр маань ямар уран бүтээл тавихаас шалтгаалж миний тоглох бүтээл тодорхойлогдоно. Мэдээж надад таарсан, таалагдсан бүтээлд тоглохыг үгүйсгэхгүй.
-Амжилт дагуулах зам мөрийг тань заасан хүний талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багшийн маань сургаал, сургамж надад их тус болсон. Багшаараа бахархаж, насан туршдаа баярлаж явах болно. Мөн МУГЖ Л.Чаминчулуун багшдаа баярладаг юм. Хүүхэд насныхаа мөрөөдлийг энэ л эрхэм хүмүүсийн тусламжтайгаар биелүүлэх болсон. Охид том болоод жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөддөг. Би тэдний нэгэн адил жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Тиймээс мөрөөдөлдөө хөтлөгдөөд СУИС-д орсон. Би өөрийгөө азтай гэж боддог. Сургуулиа төгсөөгүй байхдаа олон ангит кинонд тоглож, үүний дараа Г.Эрхэмбаяр ахтай танилцаж уран бүтээлийн санал авсан. Тэгээд “Мөрөөдлийн театр”- т орж ах нартайгаа мөр зэрэгцэн ажиллаж байна даа.
-Сургуулиа төгссөн биз дээ?
-Энэ жил төгссөн. Өнгөрсөн зургадугаар сарын 4-нд хонхны баяраа хийсэн.
-Өөрийг тань төгссөнөөс хойш кинонд тоглох санал ирсэн үү?
-Саяхан нэг киноны санал ирсэн. Гэхдээ хамтлагийн уран бүтээлтэй давхцаад татгалзсан.
-Амьдрал өөрөө жүжиг гэдэг. Та амьдрал дээр хэр жүжиглэдэг вэ?
-Би хүн бүрийг сайн жүжигчин гэж боддог. Хүн бүр өөрийнхөөрөө байх хэцүү. Доллар биш болохоор хүн бүрт таалагдахгүй л дээ. Тэгэхээр тухайн хүний ая эвийг олж нийгэмтэй нь тохируулахын тулд тодорхой хэмжээнд жүжиглэх үе гардаг. Ер нь зөвхөн би ч гэлтгүй хүн бүр жүжиглэдэг байх л даа /инээв/.
-Хэрвээ жүжигчин болоогүй бол гэж бодож байв уу?
-Хэрвээ жүжигчин болоогүй бол санхүүч эсвэл нягтлан бодогч мэргэжилтэй болох байсан.
-Ямар насны хүний дүрийг бүтээхэд хэцүү санагддаг вэ?
-Багш маань “Хүн өөрийнхөө үзээгүй, туулаагүй зүйлийнхээ дүр байдлыг гаргахад хэцүү” гэж хэлдэг. Тиймээс жүжигчин хүн судалгаа хийх хэрэгтэй. Хэрвээ би өөрөөсөө настай хүний дүрийг гаргах хэрэгтэй бол тухайн насны хүнийхээ зан авир, хөдөлгөөн гээд бүхий л зүйлийг нь судалдаг. Мөн дүрийнхээ насны онцлогоос хамаарч унтахдаа, хүнтэй харилцахдаа, гутрахдаа ямар үйлдэл гаргадгийг бодох хэрэгтэй. Жүжигчин хүний туйлын зорилго үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүр бүтээх. Тиймээс энэ мэргэжлийг бүрэн дүүрэн эзэмшихийн тулд хичээнэ.
-Бүтээхийг хүсдэг дүр бий юу?
-Би СУИС-д орохоосоо өмнө жүжигчний ангийнхны дипломын ажлаа шалгуулж байгаатай таарч байсан юм. Тухайн үед “Ромео Жульетта” жүжгийг тавьж байсан. Тэгэхэд боломж олдвол Жульеттагийн дүрийг бүтээх юмсан гэж хүсч байлаа. Ер нь жүжигчний ангийн охидууд Жульетта, хөвгүүд нь Ромеод тоглохыг хүсдэг.
-Та Жульеттагийн дүрд тоглосон уу?
-Жульеттагийн дүрд тоглож үзээгүй төгссөн. Гэхдээ энэ дүрийг бүтээх боломж гарна гэдэгт найдаж байна.
-Гэр бүлийнхний тань талаар сонирхмоор санагдлаа?
-Би айлын дунд хүү хэд. Ам бүл тавуулаа. Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй ч мөрөөдөлдөө хөтлөгдсөөр өдийг хүрсэн. Мөн үерхдэг найз залуутай. Гэхдээ одоогоор гэр бүл зохиож хүүхэдтэй болох талаар төлөвлөөгүй байна.
-Та хэр зарчимч хүн бэ?
-Би ямар нэг зүйлийг “Тийм байх ёстой” гэж туйлшрах дургүй. Харин өглөө бүр хийх ажлаа төлөвлөдөг. Ер нь зорилго том байх албагүй шүү дээ.
www.UNEN.mn
URL: