Улс төрөөс арчигдсан Л.Гүндалай уулын бугаар мөнгө олдог уу
Жигжидийн зусланд 10 буга ил хоригдож байх мэдээллийн мөрөөр мөшгөсний эцэст итгэмээргүй сонин зүйлийн шижмийг олсон нь одоогоос жилийн өмнө билээ. Өвсөн тэжээлд ороогүй, эхийнхээ сүүнээс өөр зүйлд идээшдэггүй нялх илийнүүд өнгөрсөн зуны сард тус зусланд байсан бөгөөд жил жилд ийнхүү нялх илийнүүдийг энд хорьдог тухай аман яриа тархаад байгаа юм.
Энэ жил ч мөн адил. Монгол гэрийн ханаар бяцхан бугануудыг бүрхэн хорьсон жилийн жилд ийм зүйл хийж, өөрийнхөө хашаа хороонд амьдруулаад байгаа эрхэм бол УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай. Үүнийг тус зуслан орчмын ахмадууд аль хэдийнэ ажиглаж, учир мэддэг нэг нь Л.Гүндалайг бугаар бизнес хийж байгаа хэмээн хардлаа.
Үнэхээр ч эхийнхээ сүүг ууж, өсч бойжиж байх ёстой илийнүүд хүний гарын аясаар хүйтэнд хананд хашигдаж, зуны халууныг өнгөрүүлнэ гэдэг хүнээр бодоод үзсэн ч яаж олигтой байхав. Тэднийг уул нь бол өдөрт 3-4 удаа үнээний сүүгээр угждаг ч зарим нэгэн нь энэ сүүндээ дасахгүй өвдчихдөг байна.
Улсын их хурлын гишүүн асан Л.Гүндалай нь Ар Гүнтийн зусланд томоос том хашаа хатгасан зуслангийн газартай юм билээ. Мөн түүний зуслангийн байшин эртний орд харш гэж болохоор чулуугаар сүндэрлүүлсэн нь Жигжид хайрханы энгэрийг чимж харагдаж байлаа. Улсын их хурлын гишүүн эдгээр бугын илийг нялх байхаас нь барьж аваад амралт, сувиллын газруудад үзүүлэн байдлаар ашигладаг байна.
Өдгөө Хөвсгөлд 7-8 буга жуулчдын нүдийг хужирлах ховор амьтан болоод байгаа юм.
Л.Гүндалай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авч жилийн жилд бугын үр төлийг эхээс нь салгасан гэж албаныхан тайлбарлалаа. Гэхдээ өсгөж үржүүлэх нэрээр 11-13 сая төгрөгөөр үнэлэгддэг бугын төлийг мөнгө олох аргаар ашиглаж байгаа нь зөв үү? Монголын ховор амьтдыг хамгаалах үндэсний комиссынхны хувьд бол энэ үйлдлийг эрс буруушааж байгаа юм.
Л.Гүндалай гишүүн үүнийгээ бизнес огтоос биш гэсэн тайлбарыг нэгэнтээ телевизээр хийж байсан ч үнэндээ бол тэрбээр байгальд байх ёстой амьтдыг ийнхүү хувийн өмч мэтээр үзүүлэн болгох шаардлага байгаа эсэхийг уншигч та бодож үзэх биз ээ.
Бугыг дан ганц байгаль дэлхийд нь зэрлэг байдлаар өсгөж үржүүлнэ гэсэн хууль байдаггүй, өсгөж үржүүлэх журмаар тэжээж болно гэж заасан байдгаас биш түүнийг үзүүлэн хэлбэрээр ашиглаж мөнгө олж болно гэсэн хуулийн заалт байдаггүй.
Улсын их хурлын гишүүн асан Л.Гүндалай Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байдаг Хустайн байгалийн цогцолборт газраас нялх амьтдыг мөнгө олох гээд олзлоод байна уу, аль эсвэл үржүүлэх гээд байна уу гэдгийг магадгүй хүн бүхэн өөр өөрийнхөөрөө хүлээн авч, ойлгож тайлбарлах биз ээ.
Ямартаа ч түүний ээжийн хариуцан ажиллуулдаг Хөвсгөл далайн эрэг дэх амралтын газар, жуулчны бааз бугаараа бусдаас ялгарч чаддаг.
Бас зуслангийн хашаандаа илийнүүдийг байлгаж ойр хавийн хүмүүсийн анхаарлыг татаж байгаа нь зөв үү, буруу юу? Хэрвээ гишүүнийхээ бүрэн эрхээр ингэж байгалийн ховор амьтдыг зөөж болж байгаа бол энгийн иргэдэд ч гэсэн ийм боломжийг олгож, жуулчдад буга үзүүлэх бизнес хийхийг яагаад зөвшөөрдөггүй юм бол?
У.Сарнай
Short URL: http://sharmedee.mn/?p=13526
URL: