О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нараас бусад УИХ дахь ”Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд Н.Энхбаярыг хүлээлгүй Засгийн газарт орох нь зөв гэж үзжээ
МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр дөрвөн жилийн хорих ял сонссоны дараа тус эвслийн удирдах байгууллага туйлын бужигнаантай байх болжээ.УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Энхбаярын туслах Б.Тулга, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэжамьяан нар хэвлэлийн бага хурал хийлгэж, ”МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс өнгөрсөн сарын 26-нд гаргасан дээрх тогтоолд эвсэл нь Ардчилсан намтай Засгийн газар байгуулахаар хэлэлцээр хийж байх шатанд, мөн хамтран Засгийн газарт ажиллаж байх хугацаанд улстөрийн хэлмэгдүүлэлт гарвал Засгийн газраас гарах хүртэл арга хэмжээнд шилжинэ хэмээн заасан. Иймээс ч тогтоолоо гаргаж, АН-д хүргүүлнэ ” хэмээсэн юм.
Гэсэн ч тус намын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар тодорхой бус шалтгааны улмаас МАХН-ын удирдах зөвлөлийн хуралдааныг зарлалгүй хойшлуулж буй аж.Тэр бүү хэл эвслийн нөгөө нэг нам болох МҮАН Н.Энхбаярын хэргийг хүлээлгүй Засгийн газарт орох хэрэгтэй гэдгээ албан ёсны мэдэгдэл гарган, зарлаад буй.Мэдэгдэлд : “МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхээс ял оноосонд харамсч буйгаа илэрхийлсэн ч уг шийдвэрийг эцсийн шийдвэр гэж үзэхгүй бөгөөд дээд шатны шүүх засна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хуралтай холбоотой улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар “Хэдийгээр хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн ч АН, ИЗНН, “МАХН-МҮАН Шударга ёс Эвсэл”-ийн зүгээс улс орны эрх ашгийг урьтал болгон ард түмний сонголтод тулгуурлан байгуулсан хамтын ажиллагааны гэрээнийхээ дагуу сонгогчдын өмнө амалсан мөрийн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажилдаа цаг алдахгүй орох ёстой гэж үзэж байна” хэмээжээ.Мөн эх сурвалжийн өгүүлж буйгаар УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, дараагийн шатны шүүхийн шийдвэрийг хүлээлгүй АН-тай хамтарч Засгийн газар байгуулах асуудлаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч буй аж. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар л Н.Энхбаярын хэргийг шийдтэл АН-тай яриа хэлэлцээр хийхгүй байх нь зүйтэй гэсэн бодолтой байгаа гэнэ.
Э.Мягмардорж
URL: