Ц.Шинэбаяр гаргасан салаавчнаасаа болж хэрэгт холбогдсон уу?
Улс төрчдийг нясалж унагах амархан ч болж дээ. Эвгүй үг хэлж, эвгүй үйлдэл гаргасан л бол Авлигатай тэмцэх газрынхан асуудалгүй хэрэг үүсгэдэг болж. Хариуцлага тооцох, аль эсвэл тэгсхийгээд тавиад явуулах нь хэний хүү болох, хэтэвч нь хэр зузаан болохоос шууд харагддаг. Удахгүй дээлээ нөмөрнө гэсэн “Мон-Уран”-ы Б.Наранхүү гурван тэрбумаар хэргээ хаалгаж, УИХ-ын гишүүн болтлоо даварчихаад байгаа. Харин зөрөөд УИХ-ын гишүүний өндөр сэнтийгээс улам ч долоон дор байдалд очихоор болоод байгаа нэгэн бол Ц.Шинэбаяр гэнэ.
Хаачихаа мэдэхгүй халаглаж, халаглаж Н.Энхбаярыг дагасан Ц.Шинэбаяр зартай баривчилгааны үеэр цагдаагийн ажилтнууд руу долоовор, дунд хурууныхаа завсраар эрэлхэг эрхийгээ зоригтой чихэж, ээж, аавын хүү болгонд харуулаад байдаггүй “салаавч” гээчийг үзүүлснийхээ төлөө ялтан болохоор болжээ. Түүний энэ хэрэг үндэсний аюулгүй байдалд тун ч сөргөөр нөлөөлөх юм гэнэ. Хурууныхаа завсраар нэг хуруугаа гаргасныхаа төлөө эрүүгийн хэрэгт татагдана чинээ хэн санах билээ дээ.
Ямартаа ч Тагнуулын ерөнхий газар ажлаа хийж мэддэг байгууллага болохоо нотолж ийнхүү Ц.Шинэбаярыг шалгаж байгаа. Сахлаараа имиж хийдэг Ц.Шинэбаяр ийнхүү салаавчаараа алдаршиж мэдэхээр хэрэг төвөгт хутгалдчихаад байна. Цагаа олоогүй салаавч түүнийг юунд ч хөтөлж мэдэхээр байна шүү, салаавчийг санаатай, санаандгүй гаргадаг залуус аа…. Ц.Шинэбаяр ийнхүү салаавчнаас болоод ял авчихвал салаавч гаргасан бүхнийг тагнуулынханд өгч яллуулж болох аятайхан боломж бүрдэж ч мэдэх юм. Хүлээж л сууя даа.
Т.Баясгалан (www.wikimon.mn)
URL: