МАХН Н.Энхбаяргүйгээр замнахаар шийдэв
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Н.Энхбаярт ял өгвөл засагт орохгүй гэсэн нь бойкот байв. АН-ынхныг, ардчилсан Ерөнхийлөгч шүүхэд нөлөөлж мэднэ гэж найдсны хэрэг биз. Гэвч шүүх улстөрийн хүчнээс, улстөрчдөөс хараат байх ёстой. Шүүхийн шийдвэрийг хэн нэгэн шүүн тунгаагаад улстөржүүлээд ч байх учиргүй. Хилс ял өгсөн гэж үзэж байгаа бол давж заалдах гээд дараагийн арга зам нь бий. Гурван шатны шүүх хэлэлцээд эцсийн хариуг гаргана. Тэр дунд алдаа оноо байсан бол цагаатгаж, өршөөж,, ялыг бууруулж, тэнсэн ч болгож болох талтай. Тиймээс Шударга ёс эвслийнхэн МАХН-ын дарга Н.Энхбаярт ял өгсөн гээд хамтарч засаг байгуулах гэрээнээсээ ухрах нь амандаа орсон шар тосыг түлхсэнтэй ялгаагүй байлаа.
Энэ дөрвөн жилийн хугацаанд АН-ынхантай гар нийлэн бүтээн байгуулалт өрнүүлж, өөрчлөлт хийж чадвал МАХН гуравдахь биш тэргүүлэх улс төрийн хүчний нэг болох боломж ч бий.
Сүхбаатар дүүргийн шүүхээс экс ерөнхийлөгч Н.Энхбаярт дөрвөн жилийн ял оноосон нь МАХН-ынхныг хоёр хуваагдахад хүргэсэн аж. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б. Хуяг тэргүүтэй хэсэг гишүүд засагт орох гэрээгээ цуцалж, шударга ёсны төлөө тэмцэнэ хэмээн сүрийг үзүүлжээ. Тэд үнэнч гишүүдийнхээ хамт шар цэцэг шидэж Сүхбаатар дүүргийн шүүхийг “оршуулах” гэж оролдов.
Харин МАХН-ын тулхтай улстөрчид болох УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал нар “Асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй, бид хамтрах гэрээгээ цуцаллаа гээд юу хожих юм бэ” гэсэн байр суурьтай байсан гэсэн. Хэрэв тэд шударга ёс тогтоохыг уриалсан “тэмцэгчдээ” даган шийдвэр гаргасан бол эвсэл задрах байв.
М.Энхсайхан даргатай МҮАН -ынхан ч олдож байгаа алтан боломжийг алдахгүй шүү, бид гэрээгээ цуцлахгүй хэмээн түрүүлж зарлан мэдэгдэл гаргаж байв. МАХН-тай эвсээгүй бол тэд өдийд засагт орох байтугай парламентад суудалтай улстөрийн хүчин болж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байх байлаа. Тиймээс Н.Энхбаяртай, Н.Энхбаяргүй байх нь хамаагүй. Нэгэнт шүүхээс экс ерөнхийлөгчид ял оноосон учраас ирэх дөрвөн жилд тэр “урт гар” аа улс төрд дүрэхгүй. Энэ нь М.Энхсайханы хувьд ашигтай ч байж мэднэ.
Ер нь эвсэл задрах нь МАХН, МҮАН-ын аль алинд ашигтай биш. УИХ-дах бүлэг нь бутарна. МАН-ынхны амны бай болж эд угаасаа тогтвортой, тууштай биш, ийм хүмүүс төр барьдаггүй юм хэмээн даапаалж, алдаан дээр нь дөрөөлнө.
Харин хамтрах гэрээгээ тууштай хэрэгжүүлснээр 2012 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, албан тушаалыг 75:25 гэсэн харьцаатайгаар АН-ынхантай хувааж авч, хоёр намынхаа чамгүй олон гишүүдийг ажилтай болгоно, нөгөө уриалаад байсан таван хувьсгалаа ч хуулийн дагуу хийх боломж ч нээгдэнэ.
Энэ мэт эрсдэлтэй тал, давуу боломжийг харж МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн Удирдах зөвлөл өчигдөр шийдвэрээ гаргажээ.
Тэд “УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргах, мөн Засгийн газар байгуулах хүрээнд Ардчилсан намтай хамтрах гэрээгээ хадгалж, төр засгийг эмхлэн байгуулах ажилдаа шуурхай орох ёстой” гэсэн шийдэлд хүрсэн байна.
Засгийн газрыг байгуулахад хамтарч оролцох улстөрийн намууд өөрсдөө өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг зарлах хүсэлтийг УИХ-ын даргад гаргажээ. Ээдрээтэй асуудалд ингээд шийдэгдэх талруу явж байна.
Х.Тэргэл www.times.mn
URL: