III эмнэлэг рүү түргэний машин орох орц хаагдлаа

Улсын III төв эмнэлэг рүү яаралтай тусламжийн машин орох гарцыг хаажээ.  Одоогоос таван жилийн өмнө зориулалтын замыг нь “Дашваанжил” ХХК компани хийн шатахуун түгээгүүрийн станц барьж хаасан. Хаачихлаа гээд тойрч орж байсан замыг нь манай газар гээд “Дэл оюу дөл” компани хашаалаад гурав хонож байна. “Дэл оюу дөл” компани нь протез үйлдвэрлэдэг компани юм. III эмнэлгийнхэнд манайх газар дээрээ барилгын ажил эхлүүлье гэж өчнөөн хэлж, яриа хэлцэл хийжээ.

Харин гуравдугаар эмнэлгийнхэн нь Нийслэлийн газрын алба, авто замын газар гээд хэлээ хүрэх газар заргалдаж хөлөө хүрэх газар явна гэдэг шиг баахан албан тоот үйлдэл учир байдлаа тайлбарлаж. Нийслэлийн газрын албанаас ирсэн хариу нь та нар боломжоо ашиглаад орц гарцын асуудлаа шийд гэсэн байна. Шийдэх боломж нь шарил хадгалах газар, ариутгалын байр, хогийн цэг гэсэн эмнэлгийн хамаг л эмзэг газруудыг дайрч зам гаргах юм байна. Гэлээ гээд хашааны цаана байгаа хашаалсан газрын эзэн зам тавих нь гээд газраа өгөх нь юу л бол.

Протезийн үйлдвэрт бүрэн буруу өгч болохгүй байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд юун түрүүн хэрэгтэй байгаа үйлдвэр барих зөвшөөрөл ном ёсны дагуу. Хамаг учир улаан зам дээр, эмнэлгийн хажууд, хэзээ ч дэлбэрч болох аюултай хийн газ түгээгүүрийн станцад байгааг хэлж байна. Зам хаасан газрын зөвшөөрлийг Баянгол дүүргийн газрын алба өгчээ. Газрын алба байтлаа, газар зохион байгуулалтгүй өгсөн талаар нь гомдол гаргахаар олигтой хариу өгөхгүй олон жил болж байгааг ч хэлж байна.   Ер нь гуравдугаар эмнэлгийнхэнд газрын асуудалтай холбоотой албан тоот бичиг цаасыг өгөөгүй газар гэж алга. Сүүлийн найдлагаа Нийслэлийн шинэ удирдлагуудад тавьж байгаа юм байна.

Ажлын эхний өдөр НИТХ-ын дарга Баттулгатай уулзаж учир байдлаа тайлбарлая гэтэл бүтэн хуралтай дараа уулзая гэжээ. Түүнд үзүүлэх гээд ном шиг л их бичиг цаас бэлдчихэж. Мэргэжлийн хяналтын байцаагчийн хийн газын түгээгүүрийн станц эмнэлгийн хажууд барьж болохгүй гэсэн дүгнэлт, эмнэлэг, шатахуун түгээгүүрийн станц, протезийн үйлдвэрийн кадастрын зургаас эхлээд түмэн цаас. III эмнэлгийнхэн Улаанбаатарт шинээр барилга байшин эхлүүлэхгүй гэж саяхан баталсан тогтоолд нь л эцсийн найдлагаа тавьж байгаа юм байна.

Л.БАЯРЦЭЦЭГ: МАНАЙ ЭМНЭЛЭГТ НОЦТОЙ АСУУДАЛ ҮҮСЭЭД БАЙНА

III ТӨВ ЭМНЭЛГИЙН СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨЛТ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ ДАРГА

-Танай эмнэлэг дээр яг ямар нөхцөл байдал үүсээд байгаа юм бэ?

-Манай эмнэлэгт ноцтой асуудал үүсээд байна. Үүссэн нөхцөл байдал хүнд байна. Өнгөрсөн баасан гаригаас эхлээд манай эмнэлэг рүү түргэний машин орох гарах гарцгүй, нас барсан хүмүүсийн шарил гаргах гарцгүй болчихоод байна. Ер нь энэ асуудлаар 2007 оноос эхтэй. Зам хааж хийн газ түгээгүүрийн станц барьсан асуудлаар бичиг цаас, албан тоот өгч болох бүх газарт хандсан. Ерөөсөө энэ газар олголт гэдэг зүйл эмх замбараагүй. Эмнэлгийн үйл ажиллагаатай уялдуулаагүй нь эцэстээ ийм байдал үүсгээд байна.

-Нэг талаас “Дашваанжил” ХХК, нөгөө талаас “Дэл оюу дөл” ХХК ямар буруутай юм бэ?

-Манай эмнэлэг рүү  түргэний тэрэг орох төв замаас туслах зам руу ордог зам дээр Баянгол дүүргийн газрын алба “Дашваанжил” ХХК-д газар олгосон. 2007 онд шүү дээ. Зам хааж колонк барьсан болохоор тойрч, “Дэл оюу дөл” компанийн газар дээгүүр зам гаргаж явж байсан юм. Тэр зам ч бас хөгийн, энхэл донхол болсон. Хоёр машин зөрөхгүй хэсгээр зам гаргасан. Гэтэл Протезийн үйлдвэрийн захирал бид үйлдвэрээ баримаар байна. Газар чөлөөлөөч, гарцынхаа асуудлыг шийдээч гэж байнга бичиг явуулж байсан юм. Одоо яах вэ гэж байнга уулзалт хийнэ, үр дүнгүй. Гэхдээ энэ уулзалтад “Дашваанжил” ХХК-аас төлөөлөл ирдэггүй. Бид энэ талаар нийслэлийн газрын алба, Авто замын газар гээд хандаагүй газар байхгүй.

“Дэл оюу дөл”-ийнхөн сүүлдээ ингэж яриад нэмэргүй юм байна гээд зам хаагаад барилгын ажлаа эхлүүлчихлээ. Тэдэнд буруу өгч бас болохгүй байгаа юм л даа. Протезийн үйлдвэр ямар хэрэгтэй байгаа билээ. Эзэд нь ч өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй, олон хүний тусын тулд энэ үйлдвэрээ барих гээд байгаа юм. Тэгээд барь гэхээр манайх руу түргэн тусламжийн машин орохгүй болчих гээд байдаг. Хамгийн сүүлд хүчин мөхөсдөөд та нар энэ газрыг хашсанаас хүний амь эрсэдвэл танай хоёр байгууллага хариуцна шүү гэсэн бичиг явуулчихаад байна.  Бидний энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол яаралтай тусламж авч чадаагүй гээд хүний амь эрсэдвэл хамгийн том гарз хохирол болно. Энэ талаар эрүүл мэндийн сайдад мэдэгдээд бичиг явуулсан байгаа.

-Одоо тэгээд түргэний тэрэг хаагуур нь орж байгаа юм бэ?

-Яаралтай түргэн тусламжийн машин үнэхээр орох орц, гарц алга. Эцсийн аргаа хэрэглээд нэг хашаагаа эвдэж түр хаалга хийсэн. Зөвлөх поликлиникийн хэсгээр. Түргэн тусламжийн төв рүү яриад манайд дуудлага ирэх юм бол манай манаач гарч ирж онгойлгоно шүү гэж хэлсэн. Гэхдээ ганц түргэнээр хүнд хүн ирдэггүй. Бусад эмнэлгээс, гэрээсээ яаралтай ирдэг. Тэр хүмүүс орох гарцгүйгээс эмэнэлэг тойрч гүйж байгаад хүний амь нас эрсдэх вий гэсэн айдас байна. Бидний айж байгаа хамгийн аюултай асуудал энэ л байна гэв.

Хашаа эвдэж хаалга гаргасан хэдий ч тэр хаалгыг байнга нээлттэй байлгах боломжгүйг хэлж байна. Түргэний тэргээс илүү үйлчлүүлэгчдийн машин ороод орц хаах магадлалтай гэнэ. Яаралтай тусламжийн машин ирвэл манаач нь гарч онгойлгоно. Амьсгалын тоо нь минут секундээр хэмжигдсэн хүнд өвчтөн түгжээ мулталж хаалга онгойхыг хэр удаан хүлээх вэ.

Аливаа юманд стандарт гэж байдаг. Эмнэлгийн ойролцоо 100 метрийн дотор дэлбэрэх аюултай станц бүү хэл барилга байшин барьж болохгүй гэсэн наад захын стандарт бий. Гэтэл III эмнэлгийн эргэн тойрон байшин шавчихсан. Эмнэлгийнхэн гомдол гаргахаар нийслэлийн өмчит газар, нийслэл өмчөө мэдэж байна гээд дуудлага худалдаанд оруулаад үнэ хүргээд зарчихдаг. Эмнэлгийн өмнө байсан сүүлийн хэсэг газар нь ч зарагдчихаж. Аль дээр олон давхар орон сууцны барилга барих зураг төсөл болоод кадастрын зураг нь гарсан байна. Харин ямар компани бариад байгаа юм бэ заргалдъя гэхээр эзэн олддоггүй гэнэ. Уг нь өвчтөнд салхилах, талбай хэрэгтэй. Салхилах талбай дүүрч, Өдөрт 5500-7000 өвчтөн энэ эмнэлгээр үйлчлүүлдэг.

Тэднийг дагасан ар гэрийнхнийг энэ тоон дээр нэмэхээр хэр олны хөлийн газар болох нь тодорхой. Үлдсэн жаахан газартаа энэ хүмүүсийн унаа тэргийг тавих зогсоол хийе гэтэл аль дээр эзнээ олсон гэх. Уг нь зогсоол хийгээд байхааргүй ч дурсгалтай талбай юм билээ. Байгаа хоёр модыг нь эмнэлгийн анхны ажилчид тарьсан гээд юм ярьвал ярихаар. Эмнэлгийн өмнө талаас нь харахад ичмээр. Талбайдаа тохируулсан жижигхэн хашаа барьчихсан. Газраа булаалгасан нь бүр илт мэдэгдэм.

Улсын нэр урдаа зүүсэн том эмнэлгийн хүлээн авах руу хүнд өвчтөн оруулах, моргоос бурхан болоочийг гаргах хаалгыг нь дарж барилга байшингийн ажил эхлүүлсэн гэхээр газрын наймаа хэр шатанд “хөгжсөнийг” илтгэх. Сүүлийн гурван өдөрт бурхан болоочоо эмнэлэг дундуур зөөж байгааг эмнэлгийнхэн хэлж байна. Шарил ачсан машин цонхны доогуур нь өнгөрөхөд хүнд өвчинтэйгөө тэмцэж байгаа өвчтөнд ямар сэтгэгдэл төрүүлэх билээ. Бурхан болоочийн ар гэрийнхэнд ч хүндрэлтэй байна гэсэн гомдол гурван өдрийн дотор хоёронтой иржээ. Лам хуврагаас зүг чиг асууж сүсгээс сэтгэлээ тайтгаруулж байхад эмнэлэг сүлжүүлж гаргаж байдаг, арай ч дээ гэж хэлэх үгээ олж ядаж байгаа аж.

III эмнэлэг бол гуравдугаар шатлалын эмнэлэг. Энэ эмнэлэгт хөдөө орон нутгаас яаралтай тодотголтой хүнд  өвчтөнүүд ирдэг. Гэтэл тэр холоос зорьсон эмнэлэг нь энд ирэхэд хүлээн авах зам гарцгүй болсон гэхээр хэлэх үг олдохгүй байна гэсэн үйлчлүүлэгчид ч таарч байлаа.

Газрын наймаачдын балгаар эмч, эмнэлгийн ажилтнууд хүний амины өрөнд орох дээрээ тулснаа халаглан ярьж байна. Газрын албаныхан ямар ч уялдаагүй, зам дээр газар өгнө, зам хааж кадастрын зураг гаргана. Улсын III төв эмнэлэг рүү орох, орц гарцын асуудлыг шийдээгүйгээс хүний амь эрсэдвэл эцсийн эцэст эмч нар л буруудна. Олон саяар газар наймаалцсан эрх мэдэлтний түрийвч л түнтийнэ. Тэр хүнд хүн үхнэ үү, сэхнэ үү падлий ч үгүй. Өөрийнх нь үйл лай олон хүний амиар тоглох хэмжээнд очсоныг ч мэдээгүй яваа шүү дээ.

Л.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих