Солонгосууд Тавантолгойгоос доод тал нь 10 хувь эзэмшихийг хүслээ

Тавантолгойн баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг цуцалснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ.

Хөрөнгө оруулагчдын эзэмших хувь дээр тохирч чадаагүйн улмаас энэ асуудал зогсонги байдалд ороод байсан. Хөрөнгө оруулагчид одоо ч энэхүү тендерийг чих тавин хүлээж суугаа. Тэд өөрсдөд нь оногдох хувийг ямар хэмжээнд байлгахыг хүсч байгаагаа илэрхийлсээр байна. Хамгийн сүүлд Өмнөд Солонгосын тал Тавантолгойн баруун Цанхиас доод тал нь 10 хувийг эзэмших хүсэлтэй байгаагаа хэллээ.

Tyc улсын төрийн өмчит “Korea Resources соrр”-ын гүйцэтгэх захирал Ким Шин Жон “Өмнөд Солонгосын хувьд төслийн менежментэд оролцох боломж эрэлхийлж тийм хэмжээний хувийг хүсч байгаа” гэжээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр тус компани хилийн чанадад 600 тэрбум вон буюу 532 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсний дотор Баруун Цанхид оруулах санхүүжилт багтсан гэдгийг тодотгожээ.

Ким Шин Жон ярилцлагадаа “Монголын Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээтэй холбогдуулан Орос, Япон, Солонгосын консорциумд 36 хувь эзэмшүүлнэ гэдэг дэндүү бага хэмжээ” гэдгийг дурджээ. Дээрх консорциумд Өмнөд Солонгосын “Korea Resources Соrр”-оос гадна төрийн өмчит “Korea Electric Power Corp”, “Posco” гангийн үйлдвэр, “Daewoo International Corp”, “LG International Соrp” багтдаг байна.

Тавантолгойн баруун Цанхид гаднын ямар компаниуд хэр хэмжээний хувь эзэмших тухай асуудал сүүлийн нэг жилд нам жим байсан юм. Сонгон шалгаруулалтыг буцаасны дараа АНУ-ын “Пийбоди Энержи” компани өмнө нь хуваарилаад байсан 24 хувиасаа илүүг найдан хүлээж байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын нэгэн хэвлэлд “Шиньхуа” групп аль болох их хувь хүсч байгаагаа илэрхийлж, Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг тун удахгүй тодруулна гэдэгт найдаж байгаагаа хэлсэн билээ.

Японы тал ч мөн адил энэ төсөлд хамтран ажиллах чин хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдсээр байгаа. “Mitsui & Со”-ын гүйцэтгэх захирал Фуминобу Кавашима стратегийн хөрөнгө оруулагч болох саналаа өнгөрсөн гуравдугаар сард дахин тавьсан юм. Тэгвэл шинэ Засгийн газар байгуулагдахын өмнөхөн Тавантолгойн хөрөнгө оруулагчийн асуудал дахин яригдлаа.

Гаднынхан хувь эзэмших найдвараа алдаагүй байгаагийн тод жишээ энэ болов. Жилийн өмнөх явдлыг эргэн саная.

Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд АНУ-ын “Пийбоди энержи”, БНХАУ-ын “Шиньхуа” групп, Японы Мицуй компаниудын консорциум, Оросын төмөр зам болон Японы консорциум, Өмнөд Солонгосын компаниудын консорциум, Австрали, Швейцарийн “Экстрата Коул”, Бразилийн “Валэ”, Люксенбургийн “Арсэлор метал” зэрэг компани шалгарч үлдээд байсан юм. Гэвч тухайн үед хувь хэмжээн дээр тохироогүй.

Мөн сонгон шалгаруулалт будлиантай болсон гэсэн үндэслэлээр буцаасан. Хөрөнгө оруулагчийг сонгох ажил жилийн хугацаанд яригдаж, олон удаа хойшилсны эцэст энэхүү хэлэлцээ үндсэндээ зогссоныг Ерөнхий сайд С.Батболд хүлээн зөвшөөрсөн билээ.

Ийнхүү стратегийн томоохон орд болох Тавантолгойг эргэлтэд оруулах ажил дахин хойшилж, УИХ-ын сонгууль хүргэчихэв. Харин сонгууль өнгөрч, байдал намжин, Засгийн газрын халаа сэлгээний асуудал яригдаж байхад гаднынхан сонирхлоо дахин илэрхийлж эхэлсэн нь энэ.

Э.Уран


URL:

Сэтгэгдэл бичих