Зам биш зогсоол

Өчигдөр зүгээр байсан зам өглөө сэрэхэд ухаад сэндийчээд хаячихсан байх юм. Тэгээд том том бетонон хаалт тавьж, тэдэн сард ашиглалтад орно гэсэн бичиг өлгөчихжээ. Нэгэнтээ засварын ажил хийгдэж байгаа болохоор тойрохоос өөр аргагүй боллоо. Ер нь жил бүр л засвар хийгддэг нийслэлийн автозамын засвар энэ жил их сунжирч байх шиг байна. Тэгээд өмнөхөө ашиглалтад өгөлгүйгээр дараахыг нь хаагаад байгаа нь тун сонирхолтой. Уг нь хааснаа нээж, замын хөдөлгөөнийг үргэлжлүүлмээр байгаа юм. Гэвч нийслэлд бүгдийг нэг дор хааж байгаад л засварын ажлыг хийх гээд байгаа юм шиг. Өдөр ирэх тусам замын ачаалал нэмэгдэж байна. Гадуур автомашин хөлөглөөд ажил хөөцөлдөнө гэдэг ёстой хэцүү болжээ.

Саяхны нэг өдөр өглөө ажилдаа явах гэж нилээд юм боллоо. Сансараас III, IV Хороолол орох гэсэн юм л даа. Урьд шөнө нь туннелийн замыг хаасан гэдгийг би яаж мэдэх вэ. Ингээд 100 айлаар явах боллоо. Тэгсэн Сансарын колонкоос цааш таг шүү. Хөдөлж байгаа машин нэг ч алга бараг л зогсоол гээд хэлчихэд болно. Тэгэхээр нь Дарь-Эхийн замаар ороод гишгэчихлээ. Арай л тойруу зам сонгосон болж таарлаа. Харин эргэдэг дээрээ зам хаалттай байна гэж яаж ч төсөөлөх вэ дээ. “Дэнжийн – 1000” гээд л тойрч, тойрч ажлынхаа үүдэн ирж байна. Юу ч болоод өнгөрсөн бэ бүү мэд. Ямартаа ч шатахууны шар гэрэл анивчиж байна. Цалин буугаад цангааг нь тайлсан юмсан. Гэвч Нийслэлийн тойрон аялалд юу ч үгүй шавхагдаж орхижээ. Энэ мэтчилэнгээр олон өдөр өнгөрвөл машин тэргээр гадуур явна гэдэг үнэхээр хэцүү болж байна.

Зам засварын ажил яагаад удаашралтай байна вэ гэж ажлын хэсгийн мэргэжилтнээс тодруулахад “энэ жил бороо ус ихтэй байна. Мөн санхүүжилт байхгүйгээс томоохон автозамын шинэчлэлтийн ажил төлөвлөгөөний дагуу хийгдэхгүй байна” гэлээ. Одоо тэгээд яанаа. Ядаж байхад энэ жилийн бороо усны ихийг. Дээр төр засаг минь учраа олохгүй байсаар намартаа золголоо шүү дээ.
Гэтэл томоохон гээд байгаа Сансарын туннелийн уулзвар, 100 айлын сэлбэ голын гүүр, МУИС-иас Самбуугийн гудамж руу ордог уулзвар 32-н тойрог, Хайлаастаас долоон буудлын эцэс хүртэл, тээврийн товчооноос Үндсэн хуулийн гудамж хүртэлх замууд одоог хүртэл хаалттай хэвээр байгаад байна. Эдгээр замуудыг уг нь есөн сард хүлээлгэн өгнө гэсэн. Гэвч энэ байдлаар хугацаандаа хүлээлгэн өгөхөд хэцүү л байх болов уу. Гэтэл дээр нь нэмж Сүхбаатарын гудамжийг хэсэгчлэн, Энхтайвны өргөн чөлөөнөөс нэгдүгээр хороолол хүртэлх замуудыг хааж засвар шинэчлэлтийн ажил хийгдэнэ гэнэ. Энэ ажил нь он дамжин хийгдэх аж.

Энхтайвны өргөн чөлөө гэдэг чинь Улаанбаатар хотын төв зам шүү дээ. Өнөөдөр энэ замаар хамгийн их автомашины урсгал хөвөрч байна. Бас л түгжрэл нэмэгдэнэ. Жил бүр зам засч, түгжрэл үүснэ, иргэдийг бухимдуулна. Тэгээд зассан зам нь дараа жил нь эвдэрчихдэг болохоор үргэлжийн мөнхийн зам засварын ажил нийслэлчүүдийг зовооно. Замын тендерийн сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод явуулж, хатуу хяналтан дор замын ажлыг явуулдаг байхгүй бол энэ байдал цааш үргэлжилсээр байх нь. Нийслэлийн шинэ удирдлагууд, Нийслэлийн авто замын газар энэ бүхэн дээр анхаарал хандуулна биз ээ.

Л.ТАМИР
Оллоо.мн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих