Н.Түвшинбаяр 60, С.Ням-Очир 30 сая төгрөгөөр шагнуулав

Зуны ХХХ олимпийн жүдо бөхийн -100 кг-д мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 73 кг-д хүрэл медалийн эзэн болсон ОУХМ С.Ням-Очир тэргүүтэй жүдочид өчигдөр өглөө эх орондоо ирлээ. Тэднийг БТСГ, Монголын жүдо бөхийн холбооны төлөөлөгчид болон гэр бүлийнхэн, найз нөхөд нь угтан авч, баяр хүргэсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр чуулж, зуны XXX олимпийн дэд аварга Н.Түвшинбаярт 60 сая, С.Ням-Очирт 30 сая төгрөг, тэдний дасгалжуулагч Д.Баттулгыг 45 сая төгрөгөөр урамшуулах шийдвэр гарган, батламжийг нь гардуулсан. Олимпийн хос медальтан маань эрүүл мэндийн байдлаас шалтгаалан энэ үйл ажиллагаанд оролцож чадаагүй юм.

Шагналыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны төсвийн багц дахь спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт зөвшөөрлөө.

Ерөнхий сайд С.Батболд шагнал гардуулах үеэрээ “Та хоёрын барилдааныг сэтгэл огшин үзсэн. Бяр чадал, тэсвэр тэвчээрээ гайхуулж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан дүү нараараа үнэхээр бахархаж байна” хэмээлээ.

 

Б.ТОГТОХ


URL:

Сэтгэгдэл бичих