С.Баяр Хонгор хоёр

Гэр хороололд амьдарч, зуухны өмнө шүдэнз бариад сууж үзээгүй хүн байр шатаасан гэнэ. Уг нь Ерөнхий сайд асан С.Баяр утаат гэрийн борог амьдрал туулаагүй болохоор гал асаахдаа муу байж таарна. Гэтэл яаж намынхаа тэр том байшинг галдаж дөнгөсөн юм бол.
Одоо түүний хаана яваа тухай бүдэг бадаг л сураг сонстох болов. Ийнхүү түүнийг байхгүйд хазайсан дээр нь нэмж түлхдэг өөдгүй “монгол зан”-тай олонх нь АНУ-ын аль үнэтэй гэсэн буудлуудаар гэр хийж, массажист охидоор хань хийж явна лээ хэмээн харсан хүн шиг ярина. Зарим нэг нь хөөрхий С.Баяр даргын бие нь муу болоод л эмчлүүлэх гэж яваа биз хэмээн өмгөөлсөн янзтай өгүүлэх. Үнэндээ зугаацаж байгааг нь баримтаар нотлоогүй, эмнэлэгт дугаарлаж зогссоныг нь фотогоор ч болов үзээгүй учир итгэх юм даанч алга. Уг нь иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл түүнийг Монголын “Алдарт луувирчин” хэмээн цоллож, сүр дуулиантайгаар энэ нэрэн дороо эвлэлдэн байж АНУ болоод Европын холбооны улсууд руу нэвтрүүлэхгүй байх хүсэлтийг холбогдох ЭСЯ-уудад тавьсан удаатай. Гэсэн хэдий ч О.Магнай тэргүүтний хоншоор нь дутсан юмдаг. Хамгийн инээдтэй нь хөдөлгөөн эвслүүд гараа барилцан байж нийгмийг хөдөлгөөнд оруулах гэсэн энэ мэргэн санааг нь С.Баяр гэх буурал үстэй эр даанч юман чинээ бодоогүй билээ.
Ямартай ч одоогоор С.Баяр шиг хэрэгтэй хүн Монголд лав алга. Түүнийг байхгүй хойгуур манайхан “Хэрэв тэр яг энд байсан бол намын байрыг шатааснаас эхлээд таван хүний аминд хүрсэн нөхдийг барьж аваад шууд торны цаана өөртэй нь хамт суулгана” мэтээр уран донгодож байна. Бүр хамт зүтгэж явсан намын нөхөд нь нэмж намнахаар гараа сунган ор хөнжлийн үлгэр болоод асуудалтай олон уурхайг түүний халаас руу чихэх гэж улайрч байгаа нь харваас илт.
Харин одоо түүнийг байхгүйд л жинхэнэ утгаараа хэрэг мандаж байна. Өнөөх хүний эрхийн сонгодог жишээ, бидний нүдээр үзсэн аллагын баримтат домог болсон долдугаар сарын 1-ний хэрэгт улс төрийн жижиг хүчнүүд түүнийг буруутгаж, томоохон төслийг хууль бусаар батласан хэрэгт сэжигтнээр татаад байгаа. Түүний гэм буруутайг хууль хяналтынхан Н.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил нарын дэмжлэгтэйгээр батлах юм гэнэ лээ. Энэ үг үнэн эсэхийг цаг хугацаа харуулна биз. Гэхдээ манайхан буруутай үйлдэл хийсэн, идсэн ууснаар нь дууддаг шигээ С.Баярын хэргийг нотолж чадах байсан бол Б.Хурцыг гаднынханд “олзлуулсан” шиг яг тийм аргаар барьж ирж болох л байсан. Одоо ч оройтоогүй байхад худал сураглахаас өөр хэтрэх хүн даанч алга. Бүр сүүлдээ хөгшин анчин тарвага сахиж байгаа юм шиг л хэзээ ирэхийг нь чимээгүй отоод суугаа нь гайхалтай. Энэ үйл явц хэдхэн жилийн өмнө хөршүүдийг ч чичлүүлж байсан Хонгор сумын хордсон хордоогүй гэсэн маргаантай адилхан өрнөж байна.
Тэгээд ч шуудхан хэлэхэд Монголын төр Хонгор сумынхан шиг мөнгөн усанд биш мөнгөн хахуульд хордож гүйцсэн тул С.Баярын буруутайг нотолж, таван хүний амийг нэхэх эзэнтэй болно гэдэг юу л бол. Харин ч буруутайг тогтоох гэсэн биш гай болж, нэг оронд “хамгаалалтгүй” хэвтэж байгаа хамтарсан Засгийн газраасаа эхлээд олон зүйл дээр эрх баригчид нэг нэгнээ татаж унагаад бөөн дэмий юм болох байлгүй.
Манай төрийн өндөрлөгүүд, эмч, сайдууд хэдэн жилийн өмнөөс нэг л биш болсон Хонгор сумын иргэдийг хордоогүй. Бараг л худлаа баашилж байгаа юм гэх нь холгүй авч үзсэн. Үүнийгээ ч батлахыг хичээж Дэлхийн эрүүл мэндийн газраас хорт бодис байтугай дусал ус асгарсан газрыг ч андуурч үзээгүйгээр нь магтаж, баахан шинжээчийг ирүүлэн мөнгө дэмий үрж, эерэг хариулт авч үлдээд буцаасан удаатай. Харин үүнийг нутгийнхан тайлбарлахдаа Дархан-Уул аймгаас УИХ-д суудал авсан гишүүд хордлогыг нуухад манлайлан оролцсон хэмээн буруушаадаг юм. Гэтэл одоо хүртэл Хонгор суманд үсгүй тугал төрж, хүмүүс нь хордоод байдаг. Яг л С.Баярыг гал асаагаагүй байхад намынх нь байр шатчихсан байдаг шиг. Энэ бүхэн адил биш байна гэж үү.
Д.Ганбаа

Эх сурвалж Asunews.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих