“Тусгаар тогтнол” сэдвийн сэтгэгдэл
Чонос овогт Чимэддоржийн Бат-Эрдэнэ. 2011.03.07
Жанжин Сүхийн хөшөөгөөр муур хулгана болж тоглосон өнгөрсөн өдрүүдийн маргааны гол сэдэв нь угтаа бол Монгол улсын тусгаар тогтнолын асуудал байсан юм. Тусгаар тогтнол бол Монгол хүн бүрийн амин чухал, эрхэм нандин зүйл бөгөөд хөшөө буулгах, сэргээх, ордонтой болох мэтхэнээр тунхаглан зарлах, мөн түүнчлэн хэн нэгэн эсвэл хэсэг мундаг хүмүүс олж ирсэн юм шиг амархан тодорхойлогдох боломжгүй, олон жилийн түүхэн тэмцэл, дэлхий дахин, бүс нутгийн нөхцөл байдал, дэлхийн дайнууд, тэдгээрт ялсан, ялагдсан их гүрнүүдийн хэлэлцээр, тохироо зэрэг олон зүйлээс хамаарах одоо ч бүрэн төгс судлагдаж дүгнэлт хийгдээгүй сэдэв болой.
Тусгаар Монгол улсын түүхийг 1921 оноос эхлүүлэх сонирхолтой байгаа нэг хэсэг байхад, 1911-1921 он хүртэлх үеийг орхигдуулахгүй нэг хэсэг байна гэж харагдаж байна. Хүнээр бол намтрын нэг хэсгийг орхих, орхихгүйтэй адил юм уу. Хамгийн сонирхолтой нь өсвөр үеийнхэн маань ямар түүх сонсож байгаа бол доо, одоо. Иймээс энэ тал дээр түүхчдийн хийх ажил их байх нээ.
1911 оны 12-р сарын 29. Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж, 8-р Богдыг хаан ширээнд залсан нь халх 4 аймаг, Ховдын хязгаараас гадна Өвөрмонгол, Барга, Урианхай, Буриадын бүх монголчуудыг нэгтгэсэн улс байсан юм. Тухайн үед хаанд дагаар орсон хошуу, нутгийг өөрт хамааруулан үздэг хаант улсын системтэй байлаа.
1911 онд Богд хаант Монгол улс дэлхий дахинд тусгаар тогтнолоо зарлаад 1912 онд хаант Орос улстай найрамдлын гэрээ байгуулсан нь Орос-Японы дайны дараахь хэлэлцээр ёсоор Оросын нөлөөний бүсэд хамрагдсных байлаа. Орос улс Монголыг тусгаар улсын хувиар найрамдлын гэрээ байгуулсан боловч 1915 оны Хятад, Орос, Монгол гурван улсын гэрээний үеэр Монголыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөөгүй өөртөө эзэрхэх улс гэж ойлгож байгаа гэдэг дипломат заль хэрэглэсэн байдаг. Энэ тухай О.Батсайхан докторын “Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны Хиагтын гэрээ (1911-1916)” гэсэн бүтээлд дэлгэрэнгүй бий.
“Гурван улсын гэрээгээр Монголын хил хязгаарыг Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаар нутаг байхаар тогтоосон явдал нь Монголыг ар, өвөр болгон албан ёсоор хувааж хуульчилсан баримт болсон юм. Энэ нь 1911 онд эхэлсэн Монголын үндэсний хувьсгалын тэмцэлд монгол үндэстэн нэгдмэл хүчээр нэгдэж тэмцэж амжилтанд хүрнэ гэсэн алсын зорилт биелэгдэхгүй байх нэг нөхцөл болсон юм. Хэдийгээр монгол үндэстэн, түүний уламжлал, зан заншил, соёл хуваагдмал байх нь монгол овогтонд олон сөрөг үр дагавар авчирсан сайн зүйл бус боловч үүний зэрэгцээ Монгол төрийн гал голомт хил хязгаар тогтоосон тэрхүү нутагт дахин сэргэн хөгжих нөхцөлийг бий болгосон явдлыг бодитойгоор үнэлэх нь зүйтэй болов уу. Хиагтын гэрээгээр тохиролцсны дагуу Монголын төрд дагаар орсон өвөр Монголын зарим ноёд нутаг буцах болсон билээ.” гэжээ. (дээрх зохиол, х185.)
Манжийн ноёрхлын дараа 1912-1916 онд Хятадын ерөнхийлөгч байсан Юань Шикай Хиагтын гэрээгээр Монголын тусгаар тогтнолыг бүрмөсөн устгана гэж тооцоолж байсан боловч хүчирхэг Оросын нөлөө, мөн дэлхийн нэгдүгээр дайны дараахь нөлөөллийн бүсийн хуваарилалт тэдний санаархлыг хязгaaрласан байна. 1919 онд автономийг устгах хүртэл Монгол хэдийгээр Хятадаас хараат автономит “улс” болсон ч эдийн засаг, хил гааль, хууль цааз, зэвсэгт хүчин зэрэг бүх талаар тусгаар улсын статустай байсан билээ. Мань Юань Шикай манжийн үед цэргийн жанжин, ерөнхий сайд байсан бөгөөд 1911 оны Хятадын хувьгалын дараа үндэстний эв нэгдлийг бодсон Сун Ят Сэн (тухайн үед 2 ерөнхийлөгчтэй болоод байв) түүнийг дэмжиж татгалзснаар тэрээр Бээжинд сууж байсан Манжийн хааны бодлогыг үргэлжлүүлэгч болсон юм. 1915 онд өөрийгөө хаанд өргөмжлөн бүх талаар нэгэнт хоцрогдсон өмнөх засгийн бодлогыг үргэлжлүүлэхийг санаархсан нь улс орныг дахин эмх замбараагүй байдалд хүргэжээ. Тэрээр 1916 оны 6-р сард таалал төгсч, Хятадын өнцөг булан бүрт эрхшээлээ тогтоох гэсэн цэргийн эрхтнүүдийн 20 жил үргэлжлэх замбараагүй байдал эхэлсэн юм. Хятадын хамгийн том муж Сычуаньд гэхэд энэ 20 жилд 50 гаруй генералын хооронд 500 орчим зөрчилдөөн үүссэн байх жишээтэй. (p.101, Generalissimo Chiang Kai-Shek and the China he lost)
1917-1918 онд гэхэд л Хятад улсад 2 ерөнхийлөгч, 8 ерөнхий сайд солигдсон байна. (Wikipedia, List of state leaders) Ер нь Бээжин дэх Хятадын засгийн газрын хүчин ихээхэн мөхөс байжээ. Хятадын өнцөг булан бүрт цэргийн генералууд төв засгийн газраас хараат бус дээрэм, тонуул, аллага хядлагаар ноёрхлоо тогтоож байв. 1918-1920 онд Хятадын засгийн эрхэнд хүчээ авч Үндэсний Ассемблейн дөрөвний гурван хувийн суудлыг авсан Анхуй бүлгийн толгойлогч, ерөнхий сайд Дуан Чируй (Duan Qirui)-н баруун гар, Баруун хойд хил хамгаалах армийн захирагч, генерал Сю Шүжэн (Xu Shuzheng) 1919 оны 10-р сард Монголыг эзлэн түрэмгийлж, 11-р сарын 17-нд Монголыг Хятадын эрхшээлд түр зуур авсан байна. Энэ үйл явдалд Монгол улсаа худалдсан гэх улсын дээд хурлын гишүүд, сайд ноёд, Чен И-тэй хамтран 64 зүйлийн бичиг илгээсэн тухайн үеийн ерөнхий сайд, гадаад явдлын яамны сайд, эрхтэн дархтны тухай ард түмэн “уут уут мөнгөөр улсаа худалдсан ноёдууд” гэсэн дуу хүртэл зохиосон билээ. Манай сайд ноёд Хужирбуланд Сю Шүжэн-ий зохион байгуулсан цэргийн жагсаал, зоогонд уригдаж оролцсон байдаг. (доктор Е.Беловын диссертацид бий.)
Автономийг устгах шийдвэр гаргах Улсын дээд болон доод хурлын хамтарсан хурал дээр доод хурлын гишүүд болох Нийслэл хүрээний цагдаагийн дарга Цэмбэл бэйс, Баатарбадрах гүн зэрэг эх орончид эрс эсэргүүцэж доод хурлын шийдвэр эсрэг гарсан байна. Үүнийг үл харгалзан Сю Шүжэний хүссэн автономийг устгах Улсын дээд хурлын шийдвэрт дээд хурлын гишүүн бүх 5 сайд, 11 дэд сайдын хамт гарын үсэг зурж, Богд хаанаар тамгалуулах гэсэн боловч тэрээр татгалзсан байдаг. Хэдий тийм ч тэр шийдвэрийг хожим Хятадын засгийн газар Орост “монголчуудын өөрсдийн хүсэлт” гэж тайлбарласан юм.
Баруун хойд хилийг төвхнүүлэх генералын үйлдэлд 1919 оны хоёр, гуравдугаар сард Читэд хуралдсан панмонголчуудын хурлаар байгуулагдсан Өвөр Монголын нэйс гэгээн Мэндбаяр ерөнхий сайдтай “Нэгдсэн Монгол” улсын “аюул” ихээхэн шалтаг болсон юм. Уг хурлын зохион байгуулагч атаман Г.М.Семёнов гэх буриад гаралтай нэгэн 1946 он хүртэл амьдрахдаа энэ санаагаа орхиогүй байна. Xu Shuzheng болон Grigory Semyonov-н намтрыг Wikipedia-с уншиж болно. Сю Шүжэн дээрх албан тушаалаас 1920 онд огцорч, 1925 онд өшөө авалтын бай болж, насан эцэслэсэн байна.
Манай сайд ноёдын Автономийг устгаж Хятадын эрхшээлд бүрэн орох бичиг үйлдсэн үйлдэл нь түүнээс нэлээн хойно тухайн үеийн улсын удирдагчдаас БНМАУ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орохыг хүссэн бичгийг 1945 оныг хүртэл хэд хэдэн удаа, бүр 1950, 1953 онуудад хүртэл илгээж байсан үйлдэлтэй нэлээд төстэй байдаг. Эдгээр үйлдэл нь дэлхийн хүчирхэг гүрнүүдийн, одоогоор бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөл юм уу даа, харилцан тохиролцсон гэрээг зөрчих болно гэдгийг манай аль ч үеийн удирдлагууд мэдэхгүй байсан нь харамсалтай.
Иймд энэхүү нарийн төвөгтэй, эрхэм нандин сэдвийг маргааны бай болгох биш улам нарийвчлан судалж, үнэн мөнийг мэдэж авах зайлшгүй шаардлагатай байна
URL: