Анд явсан МАН-ын дарга нар газарчныхаа амийг егүүтгэжээ

Энэ сарын 7-ны өглөө Төв аймгийн Жаргалант суманд анд явж байсан хүмүүс буу алдаж нэгнийхээ амийг егүүтгэсэн хэрэг гарсан билээ.

Төв аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адъяасүрэн, тус аймгийн Жаргалант сумын ИТХ-ын дарга Ц.Цолмонгэрэл нарын арваад хүн хоёр машинтай анд явахаар тохирч, аймгийн начин Б.Баянбатыг газарчлуулахаар гуйсан байна.

Өчигдрийн зарим сонинд талийгаачийг аймгийн заан, анд дөрвүүлээ явсан мэтээр бичсэн нь ташаа мэдээлэл хэмээн ойрын эх сурвалж хэлсэн юм. Анчид арвуулаа хоёр машинд хуваагдан сууж явсан бөгөөд замдаа зогсч буугаа шалгах гэж байгаад буу алдсанаас сум нь Б.Баянбатын хөндий цээжийг нэвтэлжээ. Тэр даруй эмнэлэгт хандалгүй, нэлээд удсаны эцэст түүнийг эмнэлэг бараадуулсан байна.

Анд дагуулж явсан хүмүүс түүнийг эмнэлэгт хүргэж өгчихөөд гэр гэрийн зүг явцгаасан бөгөөд сумын эмнэлгийнхэн өөрсдийн “Фургон”-оор нийслэлд авчирсан ч хожимдсон байна.

Хохирогчдын талынхны өгүүлснээр Төв аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адъяасүрэнгээс гадна тус аймгийн ИТХ-ын хэд хэдэн албан тушаалтан анд хамт явж байсан гэнэ. Анчид нь бүгдээрээ аймаг, сумын МАН-ын хорооны дарга нар байсан бололтой.

У.Төмөр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих