Коланы дарангуйлал буюу шавьжаар нэрдэг ундаа

Өнөөдөр дэлхийд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа хийжүүлсэн ундааг мэдэх үү гэвэл дийлэнх нь “Кока Kола” гэж хэлнэ. Энэ нь ч яах аргагүй зөв. Тийм ч болохоор өчнөөн их хүн ууж байгаа ундаа нь эрүүл мэндэд ямаршуу нөлөө үзүүлдэг тухай судалгаа явуулах болсон нь зүйн хэрэг.

Ингээд Коланы түүхээс эхэлье. Энэ алдарт ундааг анх 1886 онд АНУ-ын Атланта хотноо амьдардаг байсан Жон Смит Пембертон гэгч эм зүйч нөхөр зохиожээ. Тэр үед үндсэн найрлага нь кока нэртэй ургамлын навч гурван хэсэг, кола нэртэй халуун орны самар нэг хэсэг байжээ. Зохиогч нь ундаагаа бүх төрлийн мэдрэлийн хямралыг арилгана, бэлгийн сулрал эмчилнэ, морфи нэртэй хар тамхинд донтоод дутагдлын хам шинжээр зовж байгаа хүмүүс хэрэглэж болно гэж сурталчилсан байна. Зохиогч нь эрхээ удалгүй өөр хүнд зарж нөгөөх нь өнөөдөр дэлхийд алдартай том компанийг байгуулж, ундаа нь асар ихээр зарагдах болсон.

Гэвч кока нэртэй ургамалд агуулагддаг кокаин нэртэй мансууруулах бодис нь мансууруулах нөлөө үзүүлэх нь мэдээж. Ихэнх хүмүүс үүнийг анхандаа нааштай хүлээж авдаг байсан ч мансуурсантай холбогдсон элдэв хэрэг гарах болж 1903 онд “New York Tribune” сонинд ядуусын хорооллын хар арьстнууд кока кола ууж мансуурч баян чинээлэг цагаан арьстнууд руу дайрах явдал маш ихээр гарах боллоо гэж шүүмлжилснээр  хүмүүс ундаанд таагүй ханддаг болсон  байдаг.

Улмаар компани худалдан авагчдаа алдахгүйн тулд урьдчилаад бүх хар тамхийг нь шахсан кокайны навч ундаандаа хийдэг болсон гэдэгтээ хүмүүсийг итгүүлж чадсанаар байр сууриа эргүүлэн авчээ.

Тэр цагаас хойш кока кола ундааны найрлага албан ёсоор бол ийм байгаа юм байна. Сонгодог буюу манайд хамгийн ихээр зарагддаг коланы жор:
сахар
нүүрс төрөгчийн диоксид  (E290)
будагч: сахарын колер (Е150),
кармазин (азорубин) (E122)
ортофосфорын хүчил (E338)
кофеин
натуральные ароматизаторы

Ингээд найрлагад орсон бодисуудын талаар юу юу гэж айлдсан байгааг харцгаая.

Сахар хэтрүүлэн хэрэглсэн тохиолдолд жин нэмэгдэх, улмаар түүнийг дагалдсан олон төрлийн эмгэг илэрдэг болохыг эрдэмтэн мэргэд хэдийнэ тогтоосон. Иймдээ ч америкийн зарим мужийн сургуулиудад байдаг кола зардаг автомат төхөөрөмжөөр сонгодог буюу сахар ихээр агуулсан ундаа зарахыг хоригложээ. Мөн америкийн цэргийн ангиудад байдаг ундаа зардаг автомат төхөөрөмжүүдээр сонгодог хэлбэрийн сахартай ундаа зарахыг хориглосон байна. Шалтгаан нь гэвэл сахар ихээр агуулсан ундааг хүн өдөрт ихээр уух замаар илчлэг ихтэй нүүр ус болох сахарыг хэвийн хэмжээнээс хэт их хэрэглэж, улмаар хэт таргалахаас нь сэргийлэх.

Кармазин  (азорубин) (E122) нь будагчийн ангилалд багтдаг будагч бодис. Зарим судалгаагаар бөөрний дээд булчирхайн өнгөрийг гэмтээдэг гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Австри, Норвеги, Швед зэрэг улсуудад хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон байдаг. Австралийн хэрэглэгчдийн байгууллагаас энэхүү бодисыг гуурсан хоолойн багтраа, халуун бууруулах ба үрэвслийн эсрэг эмийн харшилтай хүмүүсийн хувьд маш аюултай бодисын тоонд оруулсан байдаг аж.

Ортофосфорын хүчил (E338) нь кальцын шимэгдэлтийг муутгаж, биенээс гадагшлуулдаг. Ингэснээр ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн ясанд сөрөг нөлөө үзүүлдэг. “Домог устгагчид” нэртэй нэвтрүүлгээр ортофосфорын хүчил шүдийг бараг бүхэлд нь хайлуулж байгааг харуулдаг. Үүнээс гадна энэхүү хүчлийн нөлөөгөөр колагаар сав суулган дахь өнгөр арилгаж, хүрэл болон зэс эдлэлийг өнгө оруулахаар угаах, цусны толбо арилгахаар хэрэглэдэг тухай мэдээлэл интернэтээр хангалттай олон байгаа. Хүссэн хүн “гүүгл”-дээд хайгаад уншиж болно.

Улмаар хийжүүлсэн энэ мэт ундаагаар хоол даруулж уухад ходоонд жирийн үед 4-5 цаг болох ёстой хоол ердөө 30-40 минутын дотор болж шингэдэг аж. Үр дүнд нь хүнд ердийн үед нэг хоол идсэний дараагаар ядаж 3-4 цаг өлсөлгүй явж чаддаг бол колагаар даруулж уусан бол цаг хүрэхгүй хугацааны дараа дахин хүчтэй өлсөж эхэлнэ. Харин өлссөн хүн мэдээж хоол иднэ. Ингээд үр дүнд нь хэт таргалалт, түүнийг дагалдсан элдэв өвчний үүр болдог. Тиймээс дагуулд нь үнэгүй кола өгнө гэсэн өндөгтэй хиамтай гамбир, эсвэл шарсан шувууны мах худалдаж авахын өмнө бодож үзэхэд илүүдэхгүй.

Мөн зарим мэдээнээс үзвэл энэхүү хүчил нь салстыг хатаадаг болохоор хүн хэзээ ч цангаагаа бүрэн тайлж чаддаггүй. Хэдий чинээ их ууна төдий чинээ ам нь хуурайшиж, төдий чинээ ахиад уух хүсэл төрнө гэсэн үг.

2009 онд Туркийн эрх баригчдын явуулсан шүүхийн явцад кока коланы найрлагад Кармин (120) нэртэй будагч ордог болох нь илэрсэн. Энэхүү будагчийг Dactylopius coccus ба Coccus cact гэсэн төрлийн шавьжны эмэгчинг өндөглөх үед түүж хатаан, тусгай аргаар боловсруулан авдаг ажээ. Улмаар зарим шашин, ард түмэн шавьжийг хүнсэндээ хэрэглэх цээртэй байдгаас болж тухайн үедээ ихээхэн дуулиан дэгдэж байсан.

Колагийн тухай дуулиант мэдээ дэлхийгээр дүүрэн хэрэн хэсэх боловч бид коланы дарангуйлалд улам бүрт автсаар байна. Бид коланы тухай өөр бусад сонирхолтой баримтуудыг дахин хүргэх болно.

zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих