НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААР Э.БАТ-ҮҮЛИЙГ ЯАРАЛТАЙ ТОМИЛОХЫГ ХҮСЭВ
НИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан өчигдөр 41 хүний ирцтэйгээр болж өнгөрлөө. УИХ болон НИТХ-ын сонгууль болоод сар гаруйн хугацаа өнгөрсөн боловч нийслэлийн Засаг дарга одоо хүртэл томилогдоогүйд НИТХ-ын шинэ төлөөлөгчид шүүмжлэлтэй байгаагаа хуралдааны үеэр илэрхийлсэн юм.
Уг хурлаар нийслэлийн Засаг даргад төлөөлөгчдийг нэр дэвшүүлэх, НИТХ-ын дотоод журмыг хэлэлцэхээс гадна нийслэлийн төсвийн талаар ярилцахаар болов. Улаанбаатар хотын захирагчид НИТХ-ын АН-ын бүлгээс Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлсэн. Мөн төлөөлөгч Ц.Сандаг-Очир шинэ, залуу хүнээр нийслэлийг удирдуулах нь зүйтэй хэмээн үзэж, Хан-Уул дүүргийн АН-ын дарга Ж.Ганхуягийн нэрийг дэвшүүлэв. Гэвч Ж.Ганхуяг намын бодлогоо хүндэтгэн үзэж, нэрээ татсан тул хотын даргад ганцаар нэр дэвшсэн Э.Бат-Үүлд төлөөлөгчид асуулт тавьж, саналаа хэлсэн юм.
Нийслэлд тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдэх, одоо ажиллаж байгаа бүтэц бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах уу, гэр хорооллыг орон сууцжуулах ажлаа хэдий хугацаанд, яаж хийх вэ, санхүүжилтийг нь хаанаас гаргах вэ, авто замын бөглөрлийг яаж сааруулах вэ? зэрэг төлөөлөгчдийн тавьсан олон асуултад Э.Бат-Үүл хариулт өглөө.
Э.Бат-Үүл: Гэр хорооллын 160 гаруй мянган айлыг амины тохилог сууцтай болгоход ирэх дөрвөн жилд 1.2 их наяд төгрөг шаардлагатай. Энэ нь улсын төсвийн зарлагын гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө учраас боломжтой гэж үзэж байгаа. Ирэх оноос уг ажлыг эрчимтэй явуулна. Гэр хороолол руу хотын үйлчилгээг хүргэнэ. XXI зуунд Улаанбаатар хотод 560 гаруй мянган иргэн гал түлж, гаднаа бие засаж байгаа нь бидний хувьд энгийн боловч бусад оронд байж болшгүй асуудал. Энэ байдлыг бүрэн эцэслэнэ. Санхүүжилтийг шийдэхийн тулд УИХ-ын зарим гишүүн Зорилтот татварын тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Хилээр гарч буй ашигт малтмалаас авдаг татварын тодорхой хувийг гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зарцуулна. Бүтцийн өөрчлөлтийн хувьд Төрийн албаны тухай хуулийн дагуу хийнэ. Гэхдээ хариуцлага алдсан, хууль зөрчсөн хүмүүстэй хатуу ярина. Тэднийг солихоос өөр арга байхгүй. Аливаа хотод стандарт гэж бий. Өнгөн хөрсийг хуулсан л бол хатуу хучилт хийх, эсвэл зүлэгжүүлэх ёстой. Гэтэл Улаанбаатар хотын хөрсний 40 хувь нь шороон дэвсгэр байгаа. Энэ байдлыг өөрчилнө.
ЖАИКА олон улсын байгууллагаас Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тохиромжтой, багтаамж ихтэй тээврийн хэрэгслийн талаар судалгаа хийхэд метро нь үр дүнтэй, хямт өртөгтэй гэсэн урьдчилсан дүн гарсан байна лээ. Ирэх оны гуравдугаар сард эцэслэн гарах уг судалгааны дүн нааштай, боломжийн байвал нийслэлийг метротой болгоход хүчин зүтгэнэ. Дөрвөн жилийн дараа авто замын бөглөрлийг арилгана. Харин тендер авчихаад стандартаа дагадаггүй, чанаргүй зам барьж байгаа одоогийн компаниудад шалгалт оруулахаас өөр аргагүй хэмээн хариулав. Улсын төсвийн хөрөнгөөр хийх томоохон ажлуудад хүндрэл гараад байгаа юм байна. Тухайлбал, Хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод 17 замыг засахаас 14- ийнх нь ажил эхэлсэн байгаа. Гэтэл санхүүжилт нь орж ирэхгүй байгаа аж. Түүнчлэн 2013 онд Улаанбаатар хот ямар салбарт бонд гаргаж, тэр нь төсвийн хэдэн хувийг эзлэх вэ зэрэг судалгааг одооноос хийж, төлөвлөх Ажлын хэсэг яаралтай байгуулагдах шаардлагатай байгаа юм байна. Энэ бүхэн Засаг даргыг яаралтай томилох шаардлагатайг илтгэж буй. Тиймээс “Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолоо Засгийн газарт өргөн бариад, Засаг даргаа томилуулах хугацаа хангалттай байна. Яаралтай батлуулах хэрэгтэй” хэмээн Хотын мээр Г.Мөнхбаяр сануулсан.
Ийнхүү асуулт, хариулт өрнөж, зарим төлөөлөгч санал бодлоо илэрхийлсний дараа санал хураалт боллоо. НИТХ-ын төлөөлөгчид 97.6 хувийн саналаар Э.Бат-Үүлийг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж, тогтоолын төслийг нь 100 хувийн саналаар батлуулав. Түүнчлэн тогтоолын төслийг Засгийн газарт яаралтай хүргүүлэхээр боллоо. Энэ үеэр Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та хотын даргаар томилогдвол хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Үндсэн хууль болон Засаг захиргааны нэгжийн тухай хуулиар Ерөнхий сайд томилсноор өмнөх Засаг даргын бүрэн эрх дуусгавар болж, дараагийн Засаг даргын бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг. Тиймээс миний бүрэн эрх хэрэгжих арай болоогүй. Ер нь Улаанбаатар хотод дөрвөн жилийн хугацаанд юу хийх вэ гэдэг ажлын хөтөлбөрөө томилогдсоныхоо дараа НИТХ-аар оруулж, хэлэлцүүлнэ. Хамгийн эхний хийх ажил бол авлигагүй Улаанбаатар болгох асуудлыг богино хугацаанд шийдэх бодолтой байгаа. Ер нь өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын үйл ажиллагааны төлөвлөгөө доголдсон үндсэн шалтгаан бол хотын удирдлагуудын үйл ажиллагаа нээлттэй биш, авлига ихэдсэн, бизнесийн шинжтэй байсан явдал. Энэ бол судалгааны байгууллагуудын тайлантай танилцахад төрсөн сэтгэгдэл юм. Тийм учраас богино хугацаанд захиргааны үйл ажиллагааг тунгалаг, ил тод, хүнд сурталгүй, шударга болгоход эхний үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
-Газрын асуудлыг та нэлээд хөндөж ярьж байгаа. Энэ хүрээнд юу хийх гэж байна вэ?
-Хууль бус газар олголт хэтэрсэн. Одоогоор НИТХ-ын даргын шийдвэрээр шинэ барилгын ажлуудыг зогсоогоод байгаа. 2011 онд Хэнтий аймагт 50, Говь-Алтай аймагт 75 газрыг дуудлагаар худалдсан бол Улаанбаатар хотод ганцхан газрыг зарсан байгаа юм. Тэгэхээр газар олголтын асуудалд анхаарах хэрэгтэй. Хууль бусаар олгосон газрыг бүгдийг нь хурааж авна. Ялангуяа, орон сууцны хорооллын дунд олгосон газар үндсэндээ хууль бус байгаа. Яагаад гэвэл оршин суугчдаас эхэлж зөв шөөрөл авч байж барилга барих ёстой гээд холбогдох хуулиудад заасан байдаг. Гэтэл оршин суугчдаас зөв шөөрөл огт аваагүй, дарга нар ший дэж олгосон. Энэ бүхнийг зогсооно. Өөр арга байхгүй гэв. Ийнхүү Э.Бат-Үүлийг нийслэлийн Засаг даргаар яаралтай томилохыг НИТХ-ын дарга Д.Баттулга Засгийн газраас хүсэхээр боллоо.
Р.СОНДОР
URL: