Хал үзэж, хашир суусан багачууд
Саяхны нэгэн өдөр тав, долоон настай хоёр хүүхэд эрүүлжүүлэгдсэн гэх мэдээг сонсоод золтой л “савж” унасангүй. Эцэг, эхийнхээ өвөрт эрхэлж суух насандаа бүр дэндүү балчир ахуйдаа эрүүлжүүлэх байранд морилсон эдгээр хүүхдүүдийн талаар сонсоод эмзэглэж, бухимдсанаа нуух юун.
Хүүхэд хүүхэд байхаа больжээ, та минь. Учир нь 10 настай жаалхүү эгчмэд бүсгүйг эрэлхийлж, 12-той нусгай охин санхүүгийн тусламж үзүүлэх залууг хайж, таван настай бацаан архи ууж, эрүүлжүүлэгддэг болж “10-tai boy байна танилцах girl байна уу…” “14-тэй царайлаг охин байна”. Дажгүй залуутай танилцъя гэх мэтчилэн эрээгүй үгстэй танилцах зарууд телевиз, радиогоор бишгүй сонсогддог. Уг нь зүй бус үгтэй танилцах зар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглосон боловч зарим телевиз, радиод хууль үйлчлэхгүй байна. Гэртээ өнждөг хэсэг нь эротик кино, бичлэгээр зугаацаж, өдөржин утасныхаа нэгжийг танилцах зар гэгчид бардаг.
Нөгөө хэсэг нь анги, танхимдаа архидан согтуурч, шөнийн цэнгээний газраар хэсүүчилж, буудалд хоноглож, эцэст нь эрүүлжүүлэгддэг. Саяхан Дархан-Уул аймгийн дунд сургуулийн гурван сурагч охиноос өнөөх хэцүү нэрт илэрсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугьж, салбарын сайд нь үгүйсгэснээр намдсан.
Ямартай ч ДОХ биш юм аа гэхэд дунд сургуулийн сурагчдаас БЗХӨ илэрч, өсвөр насны охидын ихэнх нь ээжийнхээ энгэрт эрхэлж хэвтэх насандаа хорвоогийн элдэв явдлын амтыг мэдэрсэн байдаг нь хэдийнэ илэрхий болсон. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь нэмэгджээ. Тодруулбал, зөвхөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 400 гаруй хүүхэд гэмт хэрэгт холбогдож, хуулийн дагуу ял шийтгэл хүлээсэн байх юм. Үүнээс гадна 10-13 насны охид биеэ үнэлэх явдал газар авсан бөгөөд 18-20 насныхан бараг ахмадын тоонд ордог гэх. Түүнчлэн “Дэлхийн зөн Монгол” байгууллага 12-17 насныхны дунд архи, согтууруулах ундааны хэрэглээний талаар судалгаа явуулжээ.
Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 70 хувь нь архи хэрэглэж үзсэн бөгөөд 10 хувь нь хэтрүүлэн хэрэглэж байсан гэжээ. Судалгаанаас хүүхдүүд 11 настайгаасаа эхлэн архи хэрэглэж байна гэсэн дүгнэлт гарсан гэнэ. Хамгийн харамсалтай нь 11-хэн настай балчир хүүхдүүд архи ууж, тасарч байгаа бол 14 жаалууд найз охинтойгоо буудалд хоноглож байна, 10-тай охид биеэ үнэлж, ДОХ, БЗХӨ-ний үүр, уурхай болж байгаа явдал юм. Ёстой өнөөх цөвүүн цаг иржээ гэдэг шиг энэ хүүхдүүд чинь юу болоод байна аа томчууд аа, эцэг эхчүүд ээ.
Хичээлдээ явлаа гээд буудалд архидаж, найзындаа хонолоо гээд хэн нэгэн эрийн зугааг гаргаж яваа юм биш биз. Хүүхэд насыг цагаан цаастай зүйрлэдэг. Гэтэл орчин цагийн хүүхэд царайтай “насанд хүрэгчид” аль хэдийнэ 5-10 насандаа хал үзэж, халуун чулуу долоодог болж. Мэдээж бүх айлын хүүхэд энэ мэт замбараагүй явдалтай, буруу хүмүүжилтэй гэж буруутгах гэсэнгүй. Хичээл, номондоо анхаарч, эцэг, эхийнхээ үгийг сонсдог хүүхдүүд бий. Гэвч Монголын ирээдүй болсон балчир үрс маань юугаар хүмүүжиж, хаашаа чиглэж байна вэ? Ээ дээ, энэ хүүхдүүд үү. Аюултай болж дээ.
Х.Өнөржаргал
”Монголын мэдээ”
URL: