Эрүүл ахуйн шаардлага хангаагүй жимсний мухлагууд иргэдэд үйлчилсээр байна

Автобусны буудлын дэргэд жимс, жимсгэнэ худалдаалдаг жижигхэн мухлагууд ажиллаад удаж буй. Улбар шар өнгөөр ижилссэн эдгээр мухлагаас жимс авч байсан ч эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд хэр баталгаатай хүнс бол гэж бодож байгаагүй юм байна.

Анх удаа энэ тухай бодол толгойд зурсхийж, жимсний мухлагийн дэргэд автобус хүлээх зуураа нэлээд удаан ажиглалаа. Багшийн дээдийн буудал дээр 10 цагийн орчим жимс худалдаалдаг наймаачид уван цуван ирцгээв. Тэд жимсээ ойролцоо цайны газарт хадгалдаг бололтой. Жимснийхээ тоосыг арчих, савлах, өрөх гээд ажил ихтэй байв. Зав чөлөөг нь харж байгаад түр амсхийх зуур нэгэн худалдагчтай хэдэн хором хөөрөлдлөө. Түүний ярьснаар бүх жимсээ “Барс” захаас авдаг гэнэ.

Түүнчлэн хогний төлбөрт cap бүр 15000 мянган төгрөг, талбайн түрээс 6000 мянган төгрөг төлдөг аж. Тухайн дүүргийн мэргэжлийн хяналтынхан сардаа нэг ирж сандаргадаг гэнэ. “Ер нь ямар ч жимс нар салхинд амархан муудчих гээд байдаг юм. Жаахан муудсан жимсээ үнийг нь бууруулаад зарахаар хүмүүс авчихдаг. Биднийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй жимс зарлаа гээд буруутгаад байдаг. Яг үнэндээ “Барс” захын том наймаачид жимсэндээ элдэв янзын муутгадаггүй бодис шахдаг гэх юм билээ” хэмээн ярьцгаав.

Жимсээ өрөх зуураа гадилаа наранд тавиарай гэж нэгэндээ захихыг сонсоод гайхан муудчихдаггүй юмуу гэж асуухад өнгө нь сэргээд шинэ юм шиг сайхан болчихдог юм хэмээн хээвнэг хариулж сууна. Баянзүрх дүүргийн Хүнс технологи хариуцсан мэргэжилтэн С.Тунгалагтамирын хэлж буйгаар тус дүүрэгт 30 гаруй жимс худалдаалдаг цэгүүд байгаа гэнэ. Эдгээр мухлаг ирэх аравдугаар cap хүртэл үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Өнгөрсөн тавдугаар сараас эхлээд дүүргийн хэмжээнд зөвшөөрөл олгох ажил дуусчээ.

Шинээр зөвшөөрөл хүсч буй иргэдийг эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах, мухлагаа хотын өнгө үзэмжинд нийцүүлэн ижил стандартаар барьж байгуулахыг шаарддаг байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мухлаг нээх тусгай зөвшөөрлийг үнэ төлбөргүй өгсөн гэнэ. Хэдийгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа ч хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарал хандуулмаар санагдаж байсан.

Иргэд худалдаа хийгээд дуусахаар өгсөн мөнгөөр нь жимсээ цохиж байгаа харагдсан. Ингэх нь мөнгө далладаг гэсэн мухар сүсэг. Олонх мухлаг автобусны буудлын дэргэд олны хөлийн газар ажилладаг учраас жимс, жимсгэнэ тоос шороонд дарагдаж, нян бактери үржих аюултай. “Монголд аюулгүй хүнс, хүнсний бүтээгдэхүүн гэж алга даа. “Барс” зах гэж бас хог новшин дунд үйлчилгээ явуулсан газар байна.

Ер нь мухлагууд, захуудын жимсний худалдаачдыг нэгтгээд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн зориулалтын байртай, жимсний зах байгуулах хэрэгтэй. Албаны хүмүүс нь юу хийж суудаг байна” хэмээн бухимдах хүн ч байв. Жимс, жимсгэнэ гэдэг халуун хүйтэнг халгаахгүй эд бараа биш учраас эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд зарах нь зүйн хэрэг юм.

Ц.Оюунтунгалаг


URL:

Сэтгэгдэл бичих