Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сан устжээ
Энэ мэдээлэл хоёр хоногийн өмнөөс төрийн байгууллагуудад мэр сэр сонстоод эхэллээ. Баттай, батгүйг нь өнөөдөр эцэслэн тогтоочихоогүй байгаа ч УБЕГ-ын дотор энэ асуудал нэлээд хурцаар хөндөгдөж байгааг эх сурвалж мэдээллээ. Цахилгааны гэмтлээс эсвэл сервер шатсанаас болсон гэж байгаа ч үнэндээ юунаас болсныг өдгөө тогтоогоогүй байна.
Монгол Улсын мэдээллийн сан, тэр дундаа иргэний бүртгэлийн төгөлдөр системийг бий болгож, иргэний мэдээллийг бүрэн автоматжуулах үйл явц тэртээ 2010 оноос эхэлсэн. Хүн бүр зургаа авахуулж, хурууныхаа хээг таниулснаар монголчууд арай гэж нэг орчин үеийн бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй улс болох нь гэж сайшаасан иргэд бүртгэлдээ идэвхитэй оролцсон. Энэ ажлын хүрээнд архивын материалууд ч багагүй солигдож, МУ-ын архивт огт бүртгэлгүй байсан олон зуун иргэд иргэн болохоо баталгаажуулж баярласан юм.
Гэтэл хоёр сая есөн зуун 51 мянга 786 иргэний бүртгэл үгүй болжээ. Энэ бүхний бурууг нуруун дээрээ үүрэх хүн бол мэдээж хүчээр томилогдож бүртгэлийн газрыг сонгуулийн өмнөхөн толгойлсон Б.Амарсанаа гэгч яахын аргагүй мөн. Тэрбээр 2500 төгрөгийн үнэтэй байсан лавлагааг таван мянга болгож үнийг нь нэмсэн, архивын материалыг дүүргүүдэд дураараа гаргаж тараасан гээд олон будлианыг эхлүүлсэн гэдэг. Гэтэл гай газар доороос гэгчээр ийнхүү хэрэг мандаж иргэний бүртгэлийн сервер устжээ. Устсан файлыг сэргээдэг программ дэлхийд бий. Ийм ч болохоор чадалтай инженерүүд үүнийг хийж чаддаг хэрэг. Гэтэл УБЕГ-т үүнийг чадах сэхээтэн өдгөө байхгүй, төрийн өндөрлөгүүдийн чихэнд серверийн энэхүү гэмтэл хүрчих вий гэхээс тус газрынхан үнэндээ шээс нь гоожиж байгаа ажээ.
Амралтын өдрүүдээр хаалгаа нууцлан баглаж боож ажиллаад ч серверийн гэмтлийг засч, устсан файлаа сэргээж чадаагүй байна. Б.Амарсанаагийн эцсийн хувилбар нь Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн иргэдийн мэдээллийг буцааж тэднийхээс копидож өөрийнхөө муу ажиллагааны балагийг цэвэрлэн, нам дарахаар оролдож байгаа ажээ. Харин үүнийг нь болж дээ гэж бодоход харамсалтай нь 18 нас хүртэлх хүүхэд багачуудын мэдээлэл ор тас үгүй болно гэсэн үг.
Дахин бүртгэж бөөн цаас, бөөн мөнгө үрэх эсвэл файлаа сэргээх ийм л зам Улсын бүртгэлийн ерөнхий газарт үлдээд байна. Аливаа ажлын арыг даах, эсвэл хариуцлага хүлээх гэдэг маш том зүйл бий. Энэ бол хувь хүний хийгээд төрийн алба хаагчийн ёс суртахуун байх учиртай. Тэргүүн шадар сайдын томилгоо нүдээ олоогүй юу, эсвэл Б.Амарсанаа анхнаасаа улсын бүртгэлийг будлиантуулж учир битүүлэг бантан зуурах ажилд томилогдов уу гээд олон асуудал энэ хавар, зуны туршид болсон ажиллагаануудаас урган гарах болно. Энэ бол тоглоом биш. Үндсэндээ улсын бүхэл бүтэн бүртгэл яагаад устав гэдэг л асуудал юм. Ганцхан сервер байдаг, тэр сервер нь цахилгааны хэлбэлзлээс болоод шатчихдаг нь ямар учиртай юм бэ? Үүний хариултыг хүлээж сууя.
П.Арилдий (www.wikimon.mn)
URL: