Ноён ерөнхийлөгчийн лагерын байшин
Аливаа улсын төрийн тэргүүн ч гэсэн хүн учир зуны цагт амрах эрхтэй. Тиймээс АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нарын тухлан саатаж, алжаал юугаа умартаж байсан зуслангийн байшингийн зургуудыг толилуулж байна. Доор үзүүлэх зураг дээрх зарим байшинд Америкийн хэд хэдэн ерөнхийлөгч тухлан саатсан бол заримд нь кино одод, бусад улстөрчид амарч тухалж байжээ. Бүр зарим байшинд нь киноны зураг авалт хүртэл болж байсан гэнэ. Ерөнхийлөгч нэгэнтээ саатсан бол тухайн байшингийн үнэ тэнгэрт хаддаг бөгөөд яг одоогийн ханшаар эдгээр байшин 1,6-95 сая ам.долларын үнэтэй.
Хавайн арал дахь энэ байшин 5 унтлагын өрөө, 7 угаалгын өрөөтэй 1500 мкв талбайтай. Энэ байшингийн хажууханд Барак Обамагийн гэр бүл 2008 оноос эхлэн байшин түрээсэлж, амардаг байжээ. Яг одоо худалдаанд байгаа энэ байшин 10 сая ам.долларын үнэтэй. Хулс модон дээвэр, урд талдаа шүрэн арал хэлбэртэй усан сан, рашаантай бол арын хаалгаар нь гараад л далай.
Ирэх 11 сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж, Америкийн дараагийн ерөнхийлөгч болох магадлал өндөр улс төрч бол Митт Ромней. Калифорн мужийн Ла Жоллад байх энэ шилтгээн 12 сая ам.долларын үнэтэй ч ердөө л 3 унтлагын өрөө, 4 угаалгын өрөөтэй. Митт Ромнейн гэргий Анн тун удахгүй зай талбай муутай энэ байшингаа гурав дахин томсгох гэж байгаа. Ингэхдээ 4 машины гараж, автомашины лифт, усан сан зэргийг нэмэх гэнэ.
Калифорн мужийн Хиллбороугт орших 12 унтлагын өрөөтэй энэ байшинд америкийн хэд хэдэн ерөнхийлөгч тухлан саатаж, зуны амралтаа өнгөрүүлж байжээ. Тюдорын загвартай энэ том шилтгээнийг банкны өв залгамжлагч Силиа Тобин Кларт өөртөө зориулж бариулжээ. Тансаг гайхамшгийн дээд дуулал болсон энэ шилтгээнд Ричард Никсон, Рональд Рейган, Жералд Форд, эцэг Буш нараас гадна Йорданы хаан агсан Хуссейн, Британий анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тетчер нар амарч байжээ.
Ерөнхийлөгч Ричард Никсон мөн л Калифорн мужийн Сан Слементед өдгөө 1,9 сая ам.долларын үнэ хүрч буй 3 унтлагын болон угаалгын өрөөтэй байшинд саатдаг байжээ. Энэ байшинд Ерөнхийлөгч Ричард Никсоноос гадна Глориа Свансон, Жосеп Кеннеди, Кларк Габл, Мэрилин Монро, Дорис Дэй нарын алдартнууд удаан саатсан түүхтэй гэнэ. Энэ байшингийн гол онцлог нь эртний сүмийг санагдуулам чимэглэл бүхий тааз, Голланд хаалга, гадаах шүршүүр, хоёр ил зуух, хоёр тагт зэрэг аж.
Жонн Кеннедийн дуртай байсан энэ гоёмсог шилтгээн Калифорны Беверли Хилсст бий. 95 сая ам.долларын үнэтэй энэ шилтгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тун хомс байдаг. Жонн эхнэр Жаклины хамт бал сараа энэ шилтгээнд өнгөрүүлжээ. Энэ гайхамшигт шилтгээнд “Загалмайлсан эцэг”, “Бие хамгаалагч” зэрэг алдартай кинонуудын зураг авалт болсон байна. Энэ эдлэн 95 сая ам.долларын үнэ хүрэх нь аргагүй. Гадаад талбайдаа 400 хүний хүлээн авалт хийх зайтай, нэг шөнийн клуб, хоёр ч хурлын танхимтай аж.
URL: