Үнэт өв соёлоо аврая, гишүүд ээ

Улс орны оршин тогтнох нэг чухал үндэс бол түүх соёл. Тиймдээ ч түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг. Гэтэл орчин үед түүх соёлын өв, үнэт зүйлсийг хадгалсан музейг зорих залуусын цуваа цөөрч буй нь үнэхээр үндэсний эмгэнэл гэлтэй.

Гэхдээ мэдээж энэ бүхэнд өөрийн гэсэн учир шалтгаан бий. Энэ бүхнийг “Би бодохдоо” 21 дүгээр зуун нь техник, технологийн их үүц учраас ном унших залуусын тоо цөөрсөнтэй адил музейг зорих хүмүүсийн хөл тасарсан юм болов уу хэмээн багцаалдаг.  Манай улсын музейн үзмэр хийгээд байр танхимын аюулгүй байдал алдагдсан гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Үүний тод жишээ нь УИХ-ын 2008 онысонгуулийн үр дүнд үүссэн долдугаар сарын 1-ний үймээнээр Соёлын төв өргөөний зүүн хэсэгт байрлах галерейг дурьдаж болно. Манай улсаас өөр оронд бүхэл бүтэн хэдэн үеийнхээ түүхийг “хөлсний байранд” хадгалдаг жишиг үгүй биз.

Тэрхүү галерей нь тус өргөөний 2-3 давхарт өндөр түрээсийн мөнгө төлдөг, дохиолол хамгаалалт муутай, задгай, сувдаг сэтгэлтэн  дайраад ороход ямар ч саадгүй байхаар тийм л газар байсан. Хуучин нийгмийн үед бүх зүйл олон нийтийн өмч байхад асуудал арай ч ийм байсангүй. Нэг үгээр хэлбэл, Соёлын яам, Музейн удирдах газар гэж эрх биш хардаг ухаантай байгууллага, эзэн байсан юм билээ.

Гэтэл ардчилал гэдэг нэрийн дор аливааг тэр дундаа ардын урлаг соёлын дахин давтагдашгүй үнэт өвийг  эзэнгүйдүүлэх суурь болон хөгжиж байна уу гэсэн эмзэглэл төрөх боллоо. Түүнчлэн орон нутаг төдийгүй нийслэлд үүргээ гүйцэтгэж, үеэ өнгөрөөсөн музейн барилгууд их бий. Жишээ нь гэхэд,Улаанбаатар хотын музей хаана байдгийг та мэдэх үү.

Ер нь л мэддэг хүн цөөхөн болов уу. 1921 онд хувьсгалчид байрлаж байсан гэх жижигхэн шавар тагцанд бүхэл бүтэн хотын түүх хадгалагдаж байгаа юм. Хүний нүдэнд өртөхөөргүй, зүүн талаасаа газарт орсон, орой нь цухуйхтай үгүйтэй газар, шороонд дарагдсан, давчуухан өрөөнүүдэд нь бүх үзмэрээ битгий хэл оновчтой, тоймтойг нь ч тэр бүр дэлгэх боломжгүй, хуйлаад хураачихсан сууж байна.

Хэн тэрнийг хайхарч байна вэ. Энэ цаг үед Улаанбаатар үндсэндээ овсгоотой, хөрөнгөтэй хүмүүсийн хувийн өмч давамгайлсан “амбаар хот” болсоныг бүгд мэднэ. Гэтэл  хотынхоо музейг, өчнөөн үүх түүхтэй хуучин жижигхэн байшинг  өөд  татчих бодол хотын захиргааны  газраа, хөрөнгөө мэддэг үе үеийн удирдлагуудад өнөөдрийг хүртэл төрсөнгүй бололтой. Ийм байхад энэ салбар яаж цаг үетэйгээ хөл нийлүүлж алхаж чадах вэ.

Гэхдээ асуудал бүхний цаана шалтгаан бий гэж… Уг салбарын өдрөөс өдөрт уналтад орж буй гол шалтгаан нь төсвийн татаасаар амь зогоодогтой холбоотой. Тийм ч учраас Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаармузей нь зарлагаа нөхөж чаддаггүй нь тогтоогджээ. Тэгэхээр энэ бүхэнд төр засгаас гарц хайх цаг нь аль хэдийнэ болжээ. Өнгөцхөн харахад, улсын төсөвт өч төчнөөн ашиг оруулаад байгаа нэг хэсэг байгаа шүү дээ.

 

Энэ хоёрын балансыг яаж тэнцвэртэй байлгах вэ гэдэгт төрийн бодлого шийдвэр дутагдаж байна. Нэг үгээр хэлбэл, ашигтай салбарыг нь илүү ажиллуулж мөнгө олоод, ашиг муутай ч зайлшгүй мөнхөд авч явах салбараа хөгжүүлэх замаар энэ асуудлыг шийдвэрлэж болох юм.Энэ салбарт дутагдаж буй хамгийн гол асуудал бол соёл, урлагийн бодлогын суурь хуулийг 1996 оноос хойш ерөөсөө шинэчлэгдээгүйтэй холбоотой.

Уг нь энэ салбарт шинэчлэлт хийхээр БСШУ-ны сайд санаачилга гаргасан ч ажил хэрэг болсон нь үгүй юм. Улстөрчдийн бэлэн амалж “Монголын соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”гэгчээс нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлийг би л хувьдаа олж харахгүй явсаар энэ хүрлээ. Тиймээс нэн тэргүүнд соёл, урлагийн нэгдсэн бодлоготой болох ёстой, манай улс. Гэхдээ энэхүү бодлого нь Монгол Улсын төрийн бодлоготой нийцэж байх учиртай.

Тэгэж гэмээнэ хэрэгжүүлэх стратегиа боловсруулж, Соёлын тухай хуульд шинэчлэлт оруулснаар их түүх маань аврагдах болно. Мөн ойрын үед, цаг алдахгүй зайлшгүй амжуулах ёстой нэг ажил бол Соёл, урлагийн байгууллагуудын менежментийн шинэчлэл юм. Энэ бүхэнтэй холбогдуулан нэгэн мэдээлэл дуулгахад, тус салбарынхан нэлээд хэл ам болж байж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороотой болсон

. Тэгтэл БСШУЯ-ны Соёл урлагийн газар гэж давхар газар бий болсон ч одоог хүртэл хоцрогдсон бодлогоор замнан, мастер төлөвлөгөөгүй байгаа нь энэ салбарындоголдож буйн нэг жишээ биш гэж үү. Түүнчлэн музейд үзэгч ирэхгүй байгаа нь боловсон хүчинтэй холбоотой. Ер нь соёл, урлагийн байгууллагуудыг удирдаж байгаа хүмүүсийн ихэнх нь мэргэжлийн маркетинг, менежер биш.

Тухайн байгууллагад ажиллаж байсан нэг нөхөр л дарга болоод ээлжилж солигдоод явдаг нь бодит үнэн. Ялангуяа, орон нутагт энэ байдал маш их ажиглагддаг. Үүнээс болоод соёл, урлагийн менежмент зах зээлд гарч чадахгүй байна. Мөн бусад улс орны музей өдрөөс өдөрт яг л амралтын газар шиг болж хөгжиж буй нь бодит үнэн.

Гэтэл манайд эсрэгээрээ. Энэ нь юуны өмнө төр засгийн бодлого дутагдаж буйг илтгэж байна. Нөгөөтэйгүүр, үзэгчгүй театр гэдэг шиг шинэ үзмэргүй “музей” энэхүү уналтын байдлыг үүсгээд буй. Ямартай ч шинэ парламент бүрдсэн энэхүү цагт үнэт өвөө хамгаалж, хойч үедээ өвлүүлэх шинэ бодлого хэрэгтэй байгааг төрийн чихэнд хүргэхийг зорьлоо.

О.МӨРӨН

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих