ӨМНӨД ХИЛИЙН ГАЗРЫГ “ХУВЬЧИЛЖ” ЭХЭЛСНИЙГ МЭДСЭН ҮҮ, ҮАБЗ-ИЙНХӨӨН

Улстөрчдийг албан тушаалын бялуугаа хувааж, Төрийн ордондоо тохиролцож байх хооронд Өмнийн говийн газар нутаг лиценз гэх алга дарам цаасаар эрх мэдэлтнүүдийн эзэмшилд очоод дуусаж байна. Гаднынхан газар дорх баялгийг нь хуу хамж, харин хил хязгаарыг нь хувийн компаниуд хуваан авч байгаа талаар өмнийн говиос өр сэмрүүлсэн мэдээлэл ирж эхэллээ. Говийн хөрсийг улаанаар эргэтэл нүүрсийг нь зөөдөг байсан бол, харин одоо “агаар”-аар урсгах байгууламжийг өмнөд хилийн хоёр ч боом тод барьж, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн нүүрсийг хамгийн хурдан, хамгийн их хэмжээгээр бас ямар ч хяналтгүйгээр урсгах үүд хаалгыг удахгүй нээх гэж байна. Баялгаа ашиглаж болно оо. Гэхдээ батлан хамгаалах, аюулгүй байдлаа ийнхүү урсгах гэж буй нь өнөөдөр Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд ноцтой заналхийлэл дагуулж мэдэхээр болов. Нэгэн жарны өмнө буу шийдмээр хил хязгаарыг эзлэн түрэмгийлж, улс ор ныг нь эзэмшин колончилдог байсан.

Харин одоо эдийн засгийн аргаар, лиценз гэх алга дарам цаасаар хэдхэн улс төрчийн лообий, дэмжлэгтэй цөөн тооны хувийн компани хилийн бүс нутгийг хуваан эзэмшиж, дуртай үйл ажиллагаагаа явуулах эрх авч байгаа нь улаан мөнгөний төлөө улсаа худалдаж эхэлсний тод жишээ болж байна. Улсын тань өмнөд хил баялаггүй, бас газаргүй болж эхэллээ, анхаарал хандуулаач, Ерөнхийлөгч өө. БНХАУ-д илэрсэн нууц байгууламжийн талаар гадаадын хэвлэлийн хуудсаар цацагдах болсон. “Google Earth” программын тусламжтайгаар БНХАУ-ын Шинжааны цөлд учир битүүлэг байгууламж байгааг тогтоожээ. Эрдэмтэд үүнийг БНХАУ-ын цэргийн нууц байгууламж эсвэл сансар судлалын төв, цөмийн зэвсгийн үйлдвэрлэл хэмээн янз янзаар таамаглаж байсан.

Хамгийн анхаарал татахуйц нь нийт 18 шоо километр талбайг эзлэх уг байгууламж Монгол Улстай хиллэн оршиж байгаа явдал. Гаднын зарим орон цөл газрыг цөмийн зэвсэг турших газар болгон ашигладаг. Үүний нэг ч байж мэднэ. Гэхдээ энэ байгууламж Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээхүрэнгийн боомтоос ердөө 500 метрийн зайд байрлаж буйг зарим эх сурвалж хэлж байгаа. Энэ нь Монгол Улсын хил дээр байгуулж буй туузан дамжуургатай ямар нэг байдлаар холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Монгол Улсын Хилийн боомтын тухай хуульд Улсын хилийг таван төрлийн тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч болно гэж заасан байдаг. Үүнд: авто зам, агаарын зам, төмөр зам, усан зам мөн цахилгаан дамжуулах шугам ордог. Гэтэл Монгол, БНХАУ-ын хооронд туузан дамжуургат тээвэрлэлт гэх хуультай зөрчилдсөн ийм байгууламжийг Өмнөговийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн боомтод барих зөвш өөрлийг олгосон нь үндэсний аюулгүй байдал болон дархан хилийн хуультай зөрчилдөж буйг эрх мэдэлтнүүд мэдээгүй байна гэж баймааргүй юм. Туузан дамжуургаар нүүрс тээвэрлэнэ хэмээн эрх мэдэлтнүүд тайлбарлаж буй. Гэтэл түүгээр урсах нүүрсэндээ хэн, яаж хяналт тавих вэ. Хилчид үү, гаалийнхан уу.

Улсын хил дамнасан ийм байгууламжийг байгуулах зөвшөөрлийг яам олгох уу, Засгийн газар, УИХ шийдэх үү гээд эргэлзээтэй олон асуулт урган гарч ирнэ. Гэтэл өнөөдрийн байдлаар Өмнөговийн хилийн боомт дээр барьж буй туузан дамжуурга байгуулах зөвшөөрлийг ЗТБХБЯ, МХЕГ олгож байна. Хамгийн ноцтой нь, тэдний зөвшөөрөл олгосон үйл ажиллагаанд хил, гааль ялангуяа тагнуулынхан өнөөдрийг хүртэл хяналт тавьж буй, эсэх нь тодорхойгүй, Төрийн байгууллагуудын уялдаа холбоо учир нь олдохоо болчихоод байгаа юм. Уг нь улсын хил, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой ийм асуудал УИХ, Засгийн газар улмаар ҮАБЗ-ийн хэмжээнд яригдаж, хянагдах ёстой. Гэтэл сонгуулийн дөрвөн жилээр солигддог улс төрийн “статустай” яамны сайд, агентлагийн даргын түвшинд шийдэж буй нь зөв үү. Тэр тусмаа улсын хил дээр барилга, байгууламж барих, газар эзэмших зөвшөөрөл олгох нь өнөөдөр хотын төвд барилга барих, Богд ууланд аялал жуулчлалын бааз байгуулахтай адил хэмжээнд үнэлэгддэг болоод байна.

Өнөөдөр Өмнөговийн газар нутаг, тэр тусмаа улсын хилийн ойр орчим, Говийн дархан цаазат газарт аялал жуулчлал, үйл ажиллагаа явуулахтай холбоотой газрын зөвшөөрөл олголт учир утгаа алдчихаад байна. Өмнөговь бол Төв аймаг биш ээ. Монгол Улсын өмнөд хил хязгаар. Бас стратегийн хамгийн чухал ач холбогдолтой аймаг. Гэтэл ийнхүү баялгийг нь ашиглах нэрийдлээр байгаль орчин, газар нут гийг нэр бүхий хэдхэн улстөрч өөрсдийн мэдлийн ком паниуддаа хуваан эзэмшүүлж буй нь Төрийн хийгээд үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн хэмжээнд яригдах учиртай. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэрэг эрс Монгол Улсын дархан хилийг манадаг. Гэтэл өнөөдөр БОАЖ-ын сайд улсынхаа хилийн бүсэд, Их говийн дархан цаазат газар “аялал жуулчлал”-ын зориулалтаар хэдэн зуун га-гаар нь газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгочихоод байгаа. Энэ нь үндэсний эрх ашгаа дээдэлдэг Төрийн сайдын шийдвэр мөн үү. Үүнийг шалгаж нягтлах шударга төрийн түшээ байна уу.

Улсынхаа хилийг хувийн компаниудаар сахин хамгаалуулах алсын бодлыг зарим нэг улстөрч өвөртөлж яваа ч байж мэднэ. Хэрэв тийм бол буу үүрсэн хилчдээ гэр рүү нь буцаавал ямар вэ. Сонгуулийн маргаантай байгаа тойргуудад УИХ-аас Ажлын хэсэг гарган ажиллуулахаар болсон. Ийм шийдвэрийг улстөрчид тохиролцоод л шийдчихдэг юм билээ. Харин одоо улсынхаа өмнөд хилийн аюулгүй байдлыг шалгах Ажлын хэсгийг УИХ-аас яаралтай томилон ажиллуулах хэрэгтэй байна. Үүнийг үндэсний аюулгүй байдал шаардаж эхэллээ шүү, улстөрчид өө. Засгийн газрын бялуу хуваалтыг горьдож, зөөлөн суудалд тухалж суухаар эх орныхоо өмнөд хилийг эргээд нэг ирээч ээ, эрхэм гишүүд ээ.

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих