Улстөрчид эвлэрэхэд Олимпийн алт л дутаад байна

Лондонгийн Олимпод оролцогчдоос монголчууд хүрэл медальтай боллоо. Гэсэн ч AH, МАН хоёр зөвшилцөж чадахгүй хэвээр байна. Тэгэхээр хурдхан шиг нэг алтан медаль авчхаасай. Тэр цагт л улстөрийн нам, хүчнүүд гар гараасаа барилцаж, нуруугаараа бус нүүр, нүүрээ харалцан нэг танхимд сууж, УИХ-ын чуулган үргэлжлэх бололтой. Төрийн ажил гацаанаас гарах нь ээ.

Төрийн эрхийг ээлжлэн барьж буй хоёр намын өнөөгийн дүр зураг өмнөх сонгуулийн дараах үеийг санагдуулах шиг. 2008 онд сонгуулийн үр дүнгээс өнөөг хүртэл бүрэн шийдэгдэхгүй яваа 7 сарын 1-ний гэх тодотголтой хэрэг гарсан. Ардчиллыг тайван замаар шийдэж байсан монголчууд сонгуулийн үр дүн, эрх мэдлийн төлөө тийн жагсаал, цуглаан зохион байгуулсан.

Энэ нь эцэстээ хэд, хэдэн энгийн иргэний аминд хүрч, онц байдал гээчийг зарлан, төв талбайн эргэн тойронд байлдааны хэрэгсэлтэй цэргүүд эгнэн зогсож, хуягт танкууд байрлуулсан байлаа. Үнэндээ тэр үед улстөрчдийн хагарал эцэс төгсгөлгүй үргэлжлэх мэт харагдаж бас санагдаж байв.

Гэтэл тэрхүү 7 сарын 1-ний хэргээс хойш cap гаруйхны дараа Бээжинд болж буй Олимпоос ОУХМ, Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр алтан медаль авсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс түүхэндээ анх удаа Олимпийн алтан ме­дальтай болсон билээ.

Энэхүү баярт мөч, алтан медалийг монгол түмэн 44 жил хүлээсний эцэст хүртэж чадсан. Н.Түвшинбаярын авсан алтан медаль ганц түүнийх бус монголчуудынх байсан юм. Энэ медаль монгол түмний бахархал болоод зогсолгүй улстөрчдийн эвлэрлийн гэрээний шанг татсан гэж болно. Сонгуулиас хойш зөрчилдөөнтэй байсан улстөрийн хоёр том намынхан бие бие рүүгээ бурууг тохоож байх үед тэрхүү медалийн баярыг тэмдэглэн Монголын ард түмэн хэнээр ч удирдуулалгүй «эв нэгдлийн цуглаан» зохион байгуулж байсан билээ.

Бусад өдөр машиных нь толийг шүргэсний төлөө цөс нь хөөрч, зодоон цохиондоо хүрдэг байсан залуус үнэн төрхөө илчилж, хэчнээн уужуу сэтгэлтэй болохоо харуулсан гэхэд ч болно. 2008 оны 08 дугаар сарын 14-ний 20 цагаас хойш төв замаар төрийн далбаагаа намируулсанң, машинууд хөлхөлдөж, түгжрэл үүсэн бас ч үгүй зам тээврийн ослууд ч гарсан. Тэд Сүхбаатарын талбайд цуглахын тулд тийн яарч явсан билээ. Яагаад гэвэл монголчууд дэлхийн эв санааны нэгдлийн илэрхийлэл Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн учраас энэхүү эв нэгдлийн баярыг эх орондоо ч тэмдэглэхийг ч хүссэн. Тиймдээ. ч хэн нэгнээр удирдуулж хатгуулалгүй, өөрсдийн сэтгэл зүрхээрээ цугласан. Залуусынхаа догдлон хөөрч буйг харсан төрийн өндөрлөгүүд тэр үдэш зүгээр суугаагүй. Бүр залуусаасаа ч урьтан алтан медалийг «угааж» эхэлсэн бололтой байсан.

Нэгэнт ард түмэн нь баяраа хамт тэмдэглэхийг хүсэн төв талбайд цугларсан болохоор тухайн үеийн төрийн гурван өндөрлөг ч Төрийн ордныхоо өмнө гарч ирсэн. Та санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж нар гар гараасаа барилцан, баярласан сэтгэлээ ард түмнийхээ өмнө «илчилсэн». Бүр бие биенээ нэг нүдээрээ харахгүй шахам байсан хүмүүс хамтдаа зогсон бас ч үгүй бага зэрэг гөлөмцчихсөн, найрын дугараа аятай Төрийн дууллаа хамт­даа дуулж байлаа. Тэгээд «Монголчууд эвтэй байхдаа хүчтэй» хэмээн дуу нэгтэйгээр хэлж байв.

Үндсэндээ XXIX Олим­поос Монголын тамирчин эх орондоо анх удаа алтан медаль хүртсэн нь улстөрчдийг эвлэрүүлсэн хэрэг. Тэгвэл энэ удаагийн Олимпоос анхны хүрэл медалиа хүртсэн ч Төрийн ордонд нам жим байна. АН, МАН хоёр зөвшилцөж чадахгүй хэвээрээ байгаа учраас тэр. Тиймээс л тамирчид маань хурдхан шиг л ганц алтан медаль авч, Төрийн далбаагаа Лондонгийн тэнгэрт намируулж, Төрийн дууллаа эгшиглүүлээсэй. Тэр үед л эх орныхоо төлөөх сэтгэл нь хөдөлж, энэ хэдэн улстөрч зөв­шилцөж төрийн ажлаа хийх бололтой.

Сонгосон гишүүдээ эвлэрүүлж, ажлыг нь хийлгэн, амласнаа биелүүлэхийнх нь төлөө та бид тамирчдынхаа захыг л сайн мушгия даа.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж: Өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих