Ичих нүүргүй эмч нар
Шууд.мн сайтын зүгээс эмч нарын хууль зөрчсөн баримтуудыг цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаад эрүүгийн хэрэгт татагдсан эмч нарын хэргийг хууль хяналтын байгууллагынхан хэрхэн шийдвэрлэж буйг мэдээлж байна.
Их эмч С.Ганбат, Ш.Дугар нарыг цагаатгажээ
Дорнод аймгийн Хэрлэн сумын эмнэлгийн их эмч болох С.Ганбат, Ш.Дугар нар ажлын хариуцлага алдаж эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдсан билээ. Тэднийг харьяа орон нутгийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр татан шалгаж эхэлсэн талаар өмнө нь манай сайт мэдээлж байсан юм. Гэтэл С. Ганбат, Ш. Дугар нарт холбогдох хэргийг саяхан тус аймгийн шүүхэд хянан хэлэлцээд гэм буруугуй хэмээн цагаатгажээ.
Шүүх хуралдааны явцад С.Ганбат нарын хэрэгт хяналт тавьсан улсын яллагч нь шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэн яллахаас татгалзах саналыг гаргасан байна. Тиймээс хэргийг хянан хэлэлцсэн шүүгчид тэдний холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь энэ аж.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 106.2-т зааснаар “өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан” гэх үндэслэлээр яллах байжээ. Хэрэв анхан шатны шүүх хурлаар С.Ганбат нарыг гэм буруутай гэж үзсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх байв.
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч нарыг шалгаж байна
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч нарын буруугаас нярай хүүхэд хорвоог орхисон талаарх мэдээллийн мөрөөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс тус төвийн эмч нарыг шалгаж эхлээд байгаа юм. Эргэн сануулахад Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд иргэн Н-гийн эхнэр Э өнгөрөгч есдүгээр сарын 5-ны өдөр нярайлж 3кг 200 грамм охин төрүүлжээ.
Төрөлтийн явцад Э эмэгтэйн охин архаг бүтэлттэй гарсан тул эмнэлгийн ажилтнууд хүчилтөрөгчийн аппарат залгажээ. Гэтэл аппаратаас хий алдаж ээлжийн хоёр сувилагч гэмтэл гарсан хэсгийг бохиор наах оролдлого хийж будилах зуур бяцхан охин амь насаа алдсан билээ. Ийн нярай хүүхэд амь насаа алдчихаад байхад тус төвийн тасгийн эрхлэгч “Эмч нар буруугүй , аппарат буруутай” гэсэн тайлбарыг хэлж буй. Амьгүй аппаратад буруугаа тохсон алтан гартнуудад шүүхээс ямар хариуцлага тооцсон талаар бид дараагийн цувралдаа мэдээлэх болно.
М.Номинжин охины тархийг үхжүүлсэн эмч нарын хэргийг шүүхээс буцаав
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн их эмч Б.Одгэрэл, С.Очир нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Тэдэнд эрүүгийн хуулийн 106.2 зааснаар Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ.
Дээрх хэргийн талаар манай сайт өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлж байсан билээ. Энэхүү хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Шүүх эмнэлэг гурвын дунд гурван жил шахам явж эцэст нь охины өвчний түүх өөрчлөгдөж төрөлхийн тархины өвчтэй байсан гэх оноштой болж хувирсан байна. Мөн охины өвчний түүхийг эмч нар зориудаар өөрчилсөн гэдгийг ч өмгөөлөгч нар шүүх хурлын үеэр хэлж байсан.
Тухайлбал “Охины зүрх хоёр удаа зогсч, цаг гаруй хэртээ амьсгал дэмжих эмчилгээ хийснээр амь насыг нь аварсан гэх өвчний түүхээс хуулсан Клиникийн захирал Ш.Энхтөрийн гарын үсэг бүхий бичилт, 2009 оны тавдугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 03-05 цагийн үед зүрх нь хоёр удаа зогссон” гэсэн тэмдэглэлийг авч шинээр хуудас нааж, нэмэлт бичилт хийсэн байжээ. Түүнчлэн 2009 оны 12 дугаар сараас ЭНЭШТ-ийн эмч С.Очир, Б.Одгэрэл, Б.Гэрэлтуяа, С.Энхтуяа, н.Энхцолмон нар нь М.Номинжин охины өвчний түүхийг тус төвийн архиваас гурван удаа авчээ. Одоогоор М.Номинжин охин шөнийн дөрвөн цаг хүртэл унтдаггүй, хараагүй, сонсголгүй, биеийн байдал нь өдрөөс өдөрт муудсаар байна.
Н.Бүжин
URL: