Н.Түвшинбаяр:Аавын намайг уйлтал загнаж хэлсэн үгийг мартдаггүй

Лондон руу дэлхийн зон олон хараа “бэлчээж”, манай орны тамирчин амжилт гаргах нь уу хэмээн  догдлон тоглолтыг үзэж сонирхож байна. Монголчуудын хувьд өчигдөр нар гийсэн өдөр байлаа. Дэлхийн 205 орны тамирчид оролцож байгаа олимпоос  Найдангийн ТҮВШИНБАЯР өчигдөр мөнгөн медаль хүртэж  Лондонгийн тэнгэрт  Монгол төрийн алтан соёмбот далбааг  мандуулж, элэг нэгт ахан дүүсийнхээ цөсийг хөөргөлөө. Тэрээр үнэхээр авьяаслаг, ясны тамирчин гэдгээ харуулсан юм. Олимпоос анхны алтан медаль авчирсан. Энэ удаад  мөнгөн медаль хүртсэнээр олимпийн наадмаас хошой медаль хүртсэн Монголын түүхэн дэх  анхны тамирчин боллоо.
Тайландын жүдоч Теерават Хомклинийг ердөө 55 дахь секундэд цэвэр ялснаар ялалтын буухиагаа эхлүүлсэн тэрбээр удаахь барилдаандаа дэлхийн аваргын хүрэл медальт, Францын жүдоч Тьерри Фабрег сөхрүүлж, улмаар Узбекистаны жүдоч Рамзиддин Саидовыг Golden score буюу нэмэлт цагт үүрэх мэхээр цэвэр ялснаар хэсгийн аварга болсон.
Узбекистаны жүдоч нь 2004 онд 81 кг-ын жинд Ази тивийн аварга болж байсан, 2006 оны Дохагийн Азийн наадамд 90 кг-д зодоглож, хүрэл медаль хүртэж байсан чамгүй хүчтэй өрсөлдөгч байлаа.

Ингээд хагас шигшээ барилдаанд 90 кг-ын жинд дэлхийн аварга цол хүртэж байсан, БНСУ-ын жүдоч Хван Хи-тэйтэй барилдаж, юүко үнэлгээгээр өрсөлдөгчөө ялав. Энэ барилдаан түүний хувьд хүнд байсан биз ээ. Хөлнийх нь бэртэл сэдэрч, доглоход монголчууд яанаа хэмээн уулга алдаж байв. Гэвч тэрээр шүд зуун тэсч, туршлагатай, бяртай тамирчин гэдгээ харуулж, өрсөлдөгчөө ялсан юм.
Хэрэв хөлнийх нь бэртэл сэдрээгүй бол түүнд алтан медалийг энгэртээ гялалзуулах боломж байсныг үгүйсгэх аргагүй. Хөлөө зөөж ядан алхах тэрээр мэдээ  алдуулагч тариулаад, монголчуудынхаа итгэлийг тээж, олимпийн татамид хүч шавхан барилдсан. Олимпийн аваргын төлөө 2009 оны Европын аварга, 2011 оны дэлхийн аварга, ОХУ-ын жүдоч Тагир Хайбулаевтай хүч үзэж, цэвэр ялагдав. Өмнөх барилдаанууд шиг Н.Түвшинбаяр алтын төлөө барилдахдаа  дайчин, хурдтай байж чадалгүй цэвэр ялагдсан. “Хөл нь зүгээр байсан бол ч манай Түвшинбаяр ялахаар юм байна”  хэмээн олон монгол шүүрс алдан харамсч байсан биз ээ. Гэхдээ тэрээр эх орондоо мөнгөн медаль авчирлаа.
Н.Түвшинбаяр хөлөндөө 2008 оны олимпоос өмнө гэмтэл авсан гэдэг. Гэвч тэрээр Бээжингийн олимпт оролцохын тулд хөлнийхөө хагалгааг хойшлуулж, бэлтгэлээ хийсээр 2008 оны олимпт гайхамшигтай амжилт үзүүлж, олимпийн аварга болж, монголчуудын олон жилийн хүсэл мөрөөдлийг  биелүүлсэн юм. Олимпийн дараахан АНУ руу явж хагалгаанд орсон. Тэр үед тус улсын эмч нар толгой сэгсэрч “ийм хөлтэй хүн яаж олимпийн аварга болж чаддаг байна аа” хэмээн гайхаж байсан гэдэг. Суга таягтай явж, хөлний дасгал хийж хагалгаагаа амжилттай давсан.
Түүнд сэтгэл санааны хувьд дайралтууд бишгүй л ирж байв. Олимпийн аварга байж анхны гараандаа уначихлаа, ийм аварга байдаг юм уу, аз нь л  гийж алтан медаль зүүсэн юм биш шүү хэмээн хатуухан үгийг түүн рүү иргэд, хэвлэлийнхэн “чулуудаж” байсан цаг үе бий.
Гэвч Найдангийн Түвшинбаяр Ази, Дэлхийн аваргад гайхамшигтай амжилт гаргаж чадаагүй ч бэлтгэлээ базааж,  2012 оны Лондонгийн олимпт анхаарлаа хандуулж, алтан соёмбот төрийн далбаагаа дахин мандуулахын төлөө зүтгэжээ.
2008 оны Бээжингийн олимпод оролцохоор явахад  Н.Түвшинбаярыг медаль хүртэнэ гэж хэн ч таамаглаж байгаагүй.  Тэрээр битүү “морь” байв. Гэвч тэр үед дасгалжуулагч Насантогтох багш л “Манай Түвшээ нэг унасан хүндээ дахиж унадаггүй, гартаа их бяртай хүүхэд. Яахав шуугиж ярихгүй байгаа нь ч дээр. Хэл амны сүүдэр тусчихна. Энэ хүү юм дуулгана даа” гэж 2008 оны  олимпийн өмнөхөн дотныхоо хүмүүст хуучилж байсан гэдэг.
Үнэхээр тэрээр багшийнхаа  итгэлийг алдаагүй. Бээжингийн олимпод  аваргын төлөө барилдахаар болоход Жүдогийн холбооны ерөнхийлөгч , УИХ-ын гишүүн Х.Баттулга түүнд “Аж амьдралын хувьд санаа зовох зүйлгүй. Бүгдийг зохицуулчихна. Хангалуун амьдрах болно. Харин амжилт гаргахад л хамаг хүчээ шавх” гэж хэлсэн  нь хөлсний байранд амьдардаг тамичинд ямар сонстох нь мэдээж. Н.Түвшинбаяр “Тулга ахын энэ үг амжилт гаргахад  дэм болсон юм шүү”  гэж дурсч ярьдаг юм билээ. Түүнийг олимпийн аварга болчихоод ирэхэд хүн бүр хүндэлнэ, бахархана. “Тэр үед  хүн өөр болдог юм билээ” гэж Н. Түвшинбаяр нуулгүй хуучилж байсан удаатай. Энэ үед аав Найдан нь хүүгээ загнаж “Чиний нас бага. Ах зах хүний дээр гарч сууж болохгүй. Хэдийгээр олимпийн аварга ч гэлээ ахмад хүнийг хүндэлж яв. Бие тоож болохгүй. Чи хэн юм. Хүнээс илүү зүйл байхгүй, мэдэв үү ” хэмээн уйлтал аашилсан гэдэг. Энэ үед  анхандаа хатуу сонсогдож, аавдаа гомдож байсан ч хорь гаруйхан настай хүүд нь том сануулга болж ухаарал хайрласан гэдэг. Н.Түвшинбаяр “аав маань намайг  уйлтал загнаж хэлсэн  үгийг би ямагт санаж явдаг” гэж ярилцлагадаа онцолж байсан билээ.    Найдан гуайн хүү өнөөдөр дахин монголчуудаа баярлуулаа.
Х.Тэргэл www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих