Ардын нам ахин Хөвсгөлийн даргын гарт ирсэн нь
МАН-ын Бага хурлын гишүүдийн 178 нь буюу 89 % нь Ө.Энхтүвшинг дэмжсэнээр Монгол Ардын Намын шинэ даргаар шазруун хотгойд эр сонгогджээ. Түүнтэй “өрсөлдсөн” Р.Рааш бол зүгээр л өрсөлдсөн болж харагдахын тулд босгосон үзүүлэн гэж олон нийтэд харагдаж байлаа. Ердөө жил хагасын өмнө буюу 2010 оны 11 дүгээр сард МАХН-ыг МАН болгодог 26 дугаар их хурал дээр Ө.Энхтүвшин намын даргын төлөө С.Батболдтой өрсөлдөн 15 хувийн санал аван ялагдаж байв.
Харин тэр үед түүнийг хэн ч өнөөдрийн Р.Рааш шиг дүрээр хараагүй юм. Тэрээр С.Батболдоос илүү өөрийнхөө давуу талыг “Би 1996 оноос өнөөг хүртэл МАХН-ын удирдах албан тушаалыг шат дараатай хашиж ирсэн. Тиймээс надад төрийн ажил хийх арвин туршлага байгаа. Энэ нь миний давуу тал юм болов уу гэж бодож байна” гэж тодорхойлоод “Аливаа зүйл өрсөлдөөний зарчмаар шударга явагдах ёстой. Тийм ч учраас би намын даргад нэр дэвшиж байгаа юм” гэжээ.
МАХН-ын XXVI Их хуралд Хөвсгөл аймгаас төлөөлөгчөөр оролцож буй тус намын нэг гишүүн нэр дэвшигчдээс бус Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяраас “Та нутгаа бодвол Ө.Энхтүвшинд, намаа бодвол С.Батболдод саналаа өгөх байх. Та яг хэнд нь саналаа өгөх гэж байна?” гэж асуусанд тэрбээр “Нутгийн гишүүнээс илүү намын ажил чухал. Тийм учраас одоогийн дарга С.Батболдыг дэмжиж байна. Энэ хүнийг МАН-ыг толгойлоод, удирдан зохион байгуулж явах чадвартай гэж үзэж байна” хэмээн өнөөх л доод өнгийн нухацтай хоолойгоороо товчхон хариулсан байдаг.
С.Баяр бол 1990 оноос хойш буюу МАХН-ын шинэ түүхэн дэх Хөвсгөлийн удамтай 2 дахь дарга нь. 2007 оны 10 сараас 2010 оны 4 сар хүртэл энэ намыг тэр удирджээ. Философийн ухааны доктор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Даш-Ёндон 2007 онд “Таны бодлоор хамгийн зөв баримжаатай замнаж байгаа улс төрч хэн бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “С.Баяр” хэмээн хариулж байв. Гэвч нэг л өдөр “эрүүл мэндийн” гэдэг шалтгаанаар ерөнхий сайд, намын даргын ажлаа өгчихөөд өнөө хүн нь их улс төр дэх “зөв баримжаатай замаасаа” холдсон юм.
С.Баярыг улайм цайм дэмжин “Сайн улс тєрчийн гол шинж бол муу юмыг хурдан мэдрэх” хэмээн айлдсан эрхэм Б.Даш-Ёндон бол 1991 оны 2 дугаар сараас 1996 оны 10 дугаар сар хүртэл буюу МАХН-ын түүхэн дэх сонгуулийн анхны ялагдлын дараах хүртэл намын даргын алба хашсан Хөвсгөлийн хүн юм. МАХН-ын толгой дахь Хөвсгөлийнхний фракцийн эхлэл бол тэр.
Ийм дарааллаар үзэх юм бол Ө.Энхтүвшин бол 1990 оноос хойш МАХН, дараа нь МАН-ыг удирдаж буй Хөвсгөл аймгийн уугуул 3 дахь дарга нь болж байна. Сүмо шиг статистик гаргаж үзвэл Хөвсгөлийнхэн МАХН-МАН-ын удирдлагад сүүлийн 20 жилд хамгийн олон даргатай аймаг хэмээх инээдтэй үзүүлэлт зохиож болох юм. 2012 оны сонгуульд ялагдаж удирдлагаа сольсон МАН-д орон тооны хуучин нарийн бичгийн дарга нараас нь Хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл үлдэж чаджээ. ТВ5-аар овоглодог энэ хатагтай бас л Хөвсгөлийнх.
Дөнгөж сонгогдсон МАН-ын шинэ дарга УИХ-ыг гацаахаас ажлаа эхлэн, намаа парламентад бүлэггүй болгох шахам бужигнуулж явна. Үйл явдлын өрнөл л түүний ийм “Чингүнжав” маягийн нүүдлийн зөв эсэхийг харуулах байх даа…
URL: