Төрийн эрхийг хууль бусаар авах төрийн эсрэг гэмт хэрэг
УИХ-ын даргаа хууль бусаар сонгосныг Монгол Ардын Нам буруутгаж, хууль тогтоох дээд байгууллага нь хуулиа балмад бүдүүлгээр зөрчихөөр цаашид хэрхэх вэ хэмээн цөхөрсөн олон нийтийн гайхаш тасарч, “уучлах шалтгаан олж ядаж” байх зуур Ардчилсан нам үргэлжлүүлэн хүч хэрэглэлээ. Хууль бусаар Монголын төрийн байгуулалтыг бүрэлдүүлэн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог байгуулав.
Баян-Өлгийгөөс бас л автомат машины илбэ шидээр ялсан А.Бакей гишүүн урд өдөр нь хэдэн сонин, цөөнгүй ч сайтад “Монгол Ардын Нам төрийн ажилд соёлтой оролцох хэрэгтэй” гэж ярилцлага өгөөд л Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болоодохов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгоос ирж, Ардчилсан намынхан шинэ Засгийн газартаа сайдын суудал хуваарилан нооргоо барьж гүйлдэв. Энэ Засгийн газрыг байгуулах гэж л яарч сандчин Төрийн байгуулалтын байнгын хороог сурсан аргаараа, хууль бусаар байгуулчихлаа.
Тэнэг хүн тэмдгэнд дуртай гэгчээр З.Энхболд ч модон алх тогших суудал уруу зүтгэж буйгаа хууль бусыг мэдсээр хэр нь хэтэрхий их яарсан юм даа. Хэзээ нэгэн цагт төрийн эрхийг хууль бусаар авах төрийн эсрэг гэмт хэргийг эхлүүлсэн хэмээн “цаазын тавцанд” очихоо мэдсээр хэр нь хууль зөрчилтийг цааш гаргуун үргэлжлүүлсээр байгаа нь цэцэн хүнээс гарах үйлдэл биш. Угийн хэрүүлч, Авлигатай тэмцэх газрын даргыг ч албаны мөнгөөр загасны уурга авсан гэж заргалддаг нэг муу жижиг гарын улстөрч З.Энхболд уг нь энэ улсын бүх хуулийг агуулсан интернэт сайтыг хичээнгүйлэн ухаж, төнхөж суудгийг би хувьдаа мэдэх юм.
Элдэв хэрүүлдээ багаж, бамбай болгох гэж тэр л дээ. Тийм хүн өөрийг нь шатаж мэдэх туг болгоод Үндсэн хууль зөрчиж байгаа Ардчилсан намын тэнэгрэлийг мэдэхгүй баймааргүй. Эсвэл эрх мэдэлд хэт шунаглаад төрийн эсрэг гэмт хэрэг хийж буйгаа өөрөөсөө ч нууж, бодохыг ч хүсэхгүй байна. Шунал ихэдвэл шулам болдгийг энэ өдрүүдэд Н.Энхбаярын жишээ тод харуулж байна. Ноён Н.Энхбаяр хөрөнгө мөнгө шамшигдуулсан бол З.Энхболд төрийн эсрэг гэмт хэрэг эхлүүлж, үргэлжлүүлж буйгаараа нэг л өдөр улам хүнд ялд унана даа. З.Энхболдоор нохойд барих мод хийсэн Ардчилсан нам төрийн эрхийг хууль бусаар авах төрийн эсрэг гэмт хэргээ улайран гүйцэлдүүлсээр байна.
УИХ бол 76 мандатаар бүх ард түмнийг төлөөлүүлэн бүрэлдүүлэхээр хуульчлагдсан газар. Энэ 76 хүний 15 нь нэг онгоцоор Олон улсын хэмжээний онцгой чухал арга хэмжээнд явах замдаа гэнэт осолдож, амь үрэгджээ гэж бодъё. Тэгвэл үлдсэн 61 гишүүн үйл ажиллагаа явуулах эрхзүйн чадамжгүй гээд энэ улсыг жолоодох эзэн, хамааралгүй байж болохгүй. Тийм цагт улсаа эзэн, хамаарагчтай байлгахын тулд УИХ 76 гишүүнтэй ч 57 хүртэл хүний бүрэлдэхүүнтэйгээр сая эрхзүйн чадамжтай болохыг мөн хуульд заасан байгаа. Яахав дээ, тэртэй тэргүй өнөөдөр Ардчилсан намынхан салбайлгаад, хөлдөө гишгэлээд байгаа энэ Үндсэн хуулийг тэнэг хүмүүс боловсруулсан байж болно.
Гэхдээ л 76 гишүүний 15 нь гэнэт байхгүй болсон ч Монголын төрийн ажил үргэлжилж л байх ёстойг тооцоолж 57 гишүүнээр асуудал хэлэлцүүлэхийг хуулиндаа тусгахыг зааж, зөвлөх ганц нэг цэцэн хүн бас байжээ гэж би итгэж байгаа юм. Гэтэл өнөөдөр 57 хүрэхэд 15 гишүүнээр дутуу байхад Ардчилсан нам хүч хэрэглэн УИХ-ын үйл ажиллагааг явуулаад байгаа юм. Чааваас, тэр 42 гэсэн бүрэлдэхүүнээ гаргаж ирэхийн тулд УИХ-ын бүтэц байгуулагдаж дууссаны дараа яригдах учиртай Засгийн газрын сандал, суудлаар өгөөш хийн “Шударга ёс” эвсэл, ИЗНН, гурван бие даагчид чихэр долоолгосон. Тэр гүйцэтгэх засаглалаар өгөөш тавьж, УИХ-д өөрийнхөө намын хүнийг даргаар батлуулах хавх хийж байгаа нь ч төрийн эсрэг гэмт хэрэг. Энэ Засгийн газрыг байгуулахаар эвссэн нь ч УИХ-ын эрх зүйн чадамжтай, хүчин төгөлдөр үйл ажиллагаанд огт хамаагүйг Ардчилсан намынхан ойлгохгүй биш ойлгож байгаа. Үндсэн хуулинд маань бас УИХ-д олонх, цөөнх болохын тулд хамтрах, эвсэхийн тухай ойлголт байхгүйг заасан.
Энд аль ч намын хэн ч бай орон даяар явуулсан сонгуулиар бүх ард түмний төлөөлөл болон орж ирсэн. Бүх ард түмний төлөөлөл учраас нэг хэсэг ард түмнийг төлөөлөх хүнгүйгээр буюу 76 гишүүнээс зохиомол шалтгаанаар ирц хорогдуулан байж УИХ-ын бүтцийг байгуулах учиргүй. Бас УИХ-ын даргаа баталчхаар УИХ хүчин төгөлдөр институци болчхож байгаа юм биш. Тийм учраас л 24 цагийн дотор УИХ дахь нам, эвслийн бүлэг байгуулах санал шийдэгдэх учиртай болдог.
“УИХ-ын бүтцээ гүйцээчихвэл л танай, манайхан нэг хүн шиг, нэг нам шиг ажиллаад явчихна шүү дээ..”. хэмээн Засгийн газраар барьцаалахгүй бол ИЗНН, бие даагчид, “Шударга ёс” эвслийнхэн хэнийгээ ч чуулганы танхимаас нэр дэвшүүлээд, даргаараа сонгоод явчхаж мэдэх учраас Ардчилсан нам үхтлээ айхдаа өнөөдрийн гацааг үүсгэсэн. УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаад, Ардчилсан намынхнаас бусад нь Монгол Ардын Намын хэн нэгнийг дэмжиж, спикер болгохоос болгоомжилж тэдний Бага хуралтай зэрэгцүүлэн хулгайгаар З.Энхболдыг “өргөмжилсөн”. УИХ-ын гишүүн бол ард түмний элч учраас Монгол Ардын Намын, ИЗНН-ын, “Шударга ёс” эвслийн хэн ч хэнийгээ спикерт нэр дэвшүүлэх, сонгох эрхтэй юм. Монгол Ардын Нам гурав тасарсан ч Ардчилсан намаас том болохыгоо саяын сонгуулиар харуулсан шиг УИХ-ын дарга батлах хурал дээр ч энэ хүчний л ямар ч улстөрч З.Энхболдоос илүү зангарагтайг гишүүд сонгон спикер болгох байсан л даа.
Н.Батбаяр гишүүн бас “УИХ-ын нэг гишүүн хоёр Байнгын хороонд харъяалагдаж болох хуулийн заалтыг нэг гишүүн гурван Байнгын хороонд харъяалагдах…” болгон өөрчилсөн төсөл орууллаа. Фракцынхаа гишүүдийн картыг сугалж гүйдэг энэ өвөө намынхаа төрийн эсрэг гэмт хэргээ үргэлжлүүлэхийн төлөөх зорилгыг хэний захиалгаар хийж байгаа бол. Аргагүй л дээ, Ардчилсан нам одоо төрийн эсрэг гэмт хэргээ уухайлан урагшлуулах гэхээр 42 гишүүн тус бүр хоёр Байнгын хороонд харъяалагдаад ч ирц хүрэхгүй байгаа юм.
Харин нэг гишүүнээ тус бүр гурван Байнгын хороонд харъяалуулчихвал ирц бүрдээд, А.Бакей даргатай Төрийн байгуулалтын байнгын хорооны араас бусад долоон хороог байгуулах боломж бүрдэнэ. Ингэж л төрийн эрхийг авахын тулд хууль өөрчлөх хүртэл хөл, толгойгүй аашилж байгаа нь төрийн эсрэг гэмт хэрэг болохыг хуулийн зүйл, заалт батална. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан бол 16-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 82 дугаар зүйлд бий. Төрийн эсрэг гэмт хэрэг эхлүүлсэн Ардчилсан намын шунаж дурласан УИХ-ын даргын суудал толгойг нь цуслах цагт З.Энхболд төмөр тэмдэг цуглуулсан тэнэг болохоо ухаараад ч ард түмэн, улс орон хэдийнэ хохирсон байх нь харамсалтай байна.
Б.ЭСЭН
sonin.mn
URL: