Л.Гансүх: А.Баатархуяг шүүхийн хаалга татах сонголтыг өөрөө хийсэн
Л.Гансүх сайд сүүлийн үед өөрийнх нь тухай хэвлэлээр цацагдаж буй мэдээллийг үгүйсгэж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Тодруулбал А.Баатархуягийн түүний талаарх бичсэн нийтлэл нь ор үндэсгүй гүтгэлгийн шинжтэй гэдгийг онцолсон. Тэрбээр эл асуудал өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-ээс эхэлсэн. “Ард түмний амлалт нэхэх холбоо”-ны тэргүүн, ҮШН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянга орон нутгаар явахдаа Л.Гансүх сайдыг Оюуютолгойгоос нэг сая ам.долларын авлига авсан. Түүгээрээ туулын хөвөөнд тансаг хаус авсан гэх мэдээллийг удаа дараа ард түмэнд мэдэгдсэн. Тиймээс энэ мэдээллийг үгүйсгэн А.Баатархуяг, Г.Уянга нарын явуургүй арга хийгээд өөрийнхөө талаар бэлтгэсэн баримтат нэвтрүүлэг үзүүлсэн юм. Тэрбээр дээрх нэвтрүүлгийг өнөөдрөөс эхлэн хэд хэдэн телевизээр цацахаа ч мэдэгдсэн юм. Дээрх баримтат нэвтрүүлэгт А.Баатархуяг, Г.Уянга нарын хийсэн мэдэгдэл болон нийтлэлийг эсэргүүцэн баримт дэлгэн үзүүлж байв. Сайд энэ нэвтрүүлгээрээ дамжуулан “
таадад хэн нэгнийг шүүхэд өгөх ямар ч сонирхол байхгүй. Хэрвээ тэр хоёр буруугаа хүлээгээд уучлалт гуйвал би хүлээж авахад бэлэн байгаа. Би өмнө нь энэ асуудлаар А.Баатархуягтай уулзах санал тавьсан болов ч тэр хүлээж аваагүй. Энэ талаар надад хангалттай баримт бий гэсэн. Тиймээс би нэр төрөө сэргээлгэх үүднээс шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн. А.Баатархуяг шүүхийн хаалга татах сонголтыг өөрөө хийсэн гэсэн юм.
Энэ үеэр Л.Гансүх сайдаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Та түрүүн гүтгэлгийг бизнес болгож байна гэж хэллээ. А.Баатархуяг, Г.Уянга нар таниас ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг нэхсэн зүйл байна уу?
-Ямар нэгэн байдлаар надаас мөнгө төгрөг нэхээгүй. Гэхээ энэ бизнес юм шиг харагдаад байгаа юм. Гэнэт орон нутгаар явж худал мэдээлэл цацав гэдэг нь их сонин . Тиймээс би үүний цаана мөнгө байгаа байх гэж хардаж байна. Мөн тодорхой улс төрийн өнцөг ч байж магадгүй.
-Танай байшин хаана байдаг, хэдэн төгрөгийн үнэтэй байшин юм. Хэвлэлийнхэн очоод үзэж болох уу?
-Үзэж болно. Манайх Орчлон сургуулийн ард Сэлбэ хотхонд байдаг. Нэг давхар дороо гараштай таван өрөө байр. Манай байшин 2004 онд ашиглалтад орсон. Би 2003 онд урьдчилгаа мөнгийг нь өгөн ашиглалтад орохоор нь нүүж орсон юм. Тэгээд 2009 онд MCS компанийн орлогч захирал манай урд талын таун хаусаас нүүсэн юм. Тэр үед би өөрийнхөө байшинг 130 сая төгрөгөөр зарж, дээр нь мөнгө нэмэн түүний байшинг 165 сая төгрөгөөр авсан. Үүнийг би 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй бичсэн байгаа. Үүнийг л MCS-ийн үнэтэй хауст орсон мэт бичээд байх шиг байна.
-Танд болон танай гэр бүлийн нэр дээр хэчнээн төгрөгийн үнэлгээтэй хэдэн орон сууц байдаг юм бэ?
-Энэ байрнаас гадна социализмын үед хайрцагны банзаар барьсан зуслангийн нэг байшинтай. Нийт үнэлгээ нь 15 сая төгрөг.
-Мөн таныг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн гэсэн. Таныг шалгасан уу?
-Өнгөрсөн жилээс хойш намайг Авлигатай тэмцэх газраар шалгуулж байгаа. Д.Нинж хүртэл намайг шалгуулахаар Авлигатай тэмцэх газраар шалгуулж байсан.
-Хэрэв тэр хоёр таниас уучлалт гуйвал та бүх хэргийг нь хэрэгсэхгүй болгох уу?
-Уучлалт гуйгаад ирвэл энэ хоёр надаас уучлалт гуйлаа. Хэргийг нь хөнгөрүүлэх ямар арга байна хэмээн цагдаад хандах байх. Хэрэв тэгэхгүй бол энэ асуудал хууль журмынхаа дагуу шийдэгдэнэ биз. Энэ бол миний мэдэх хэрэг биш. Яагаад гэхээр эрүүгийн хэрэгт хэрэг үүсгэх болон хаах нь надаас шалтгаалдаггүй юм билээ.
-Та нарын дунд хувийн өс хонзон зэрэг ямар нэгэн үл ойлголцох зүйл байсан юм уу?
-Г.Уянгааг Ардчилсан намын сэтгүүлч байхад нь би Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед бид байрных нь түрээсийн мөнгийн төлдөг байсан. Дараа нь А.Баатархуяг манай намын албаны, би зөвлөлийн даргаар ажиллаж байлаа. Тэр үед бид хамтдаа зөвлөлдөөд л хийх ёстой ажлаа хамт хийгээд явдаг байсан. Хувийн өс хонзонгийн асуудал юу ч байхгүй. Тиймээс үүнд өөр хүчтэй нэг сэдэл байна гэдэг нь эргэлзээгүй.
-Та тэднээс мөнгө нэхэмжилсэн үү?
-Үгүй.
-Ард түмний хянан шалгах хорооноос С.Баяр тэргүүтэй хэдэн сайд Оюутолгойгоос өмнгө авсан гэх мэдээллийг хийж байсан. Тэр сайд нарын нэрийн жагсаалтад таны нэр явж байсан?
-Тийм мэдээлэл хийсэн юм уу. Би мэдээгүй юм байна. Оюутолгойгоос нэг ч төгрөг аваагүй гэдгийг би хаана ч, хэний ч өмнө баттай хэлж чадна.
Г.Анар
URL: