Кивигийн охид тайзнаас хөөгдөж буужээ

СТА гэдэг тэмдэгнээс болж Киви хамтлагийн охид хоорондоо муудалцаж, Намуунаагийн өвөө гавьяат Д.Ухнаа ч тэр хэрүүлд нь хутгалдаж орсноос бөөн хэрэг мандааж, хамтлагийг тараах шахсан ч сайн продюссорынхаа ачаар бүтэн үлдсэн. Гэсэн ч нэгэнт цуурсан шаазан бүтэн болдоггүйн адил ан цавтай Кивичүүдийг Б.Долгионы гавьяатын найран дээр албан ёсоор зодог тайлах гэж буй тухай шуум ид тарж байна. Үнэн худлыг цаг хугацаа харуулах бөгөөд одоохондоо ямар ч байсан Б.Ангирмаагийн атганд хэвээр байна.
Хэдийгээр тэд өөрсдөө хамтлаг тараагүй гэдэг ч бодит амьдрал дээрээ тийм ч таатай харьцаатай байхгүй байгаа нь зөрөөд өнгөрсөн захын хүнд мэдэгдэхээр болсон байх юм. Өнгөрсөн сард нэгэн аймгийн баяр наадмын шоунд СГЗ Д.Ухнаагийн ятгалгаар Киви хамтлаг оролцжээ. Тэд тайзнаа гарах хүртлээ гурван өөр зүг рүү харчихаад л хоорондоо үг хэл солихгүй шахам байж.
Тэр нь ч дүүрч гэхэд их ой нь тохиож буй аймгийн наадмын үдшийн цэнгүүнд уригдчихаад “тус аймгийн бүх муу залуучуудад “Муу залуу” дууг зориулъя” хэмээн элийрснээс болж, тайзнаас хөөгдөх шахам буухад хүрсэн аж. Хаана, хэзээ, хэнд зориулж, ямар арга хэмжээнд дуулж, хуурдаж байгаагаа бодолцохгүй бол Кивигийн жишээгээр бол горьгүй бололтой.
Э.Болор

URL:

Сэтгэгдэл бичих