3 хоногийн хугацаанд 90 гаруй гэмт хэрэг үйлдэгджээ
Долоо хоногийн эхний 3 өдөр буюу өнгөрсөн сарын 30-аас энэ сарын 1-ний өдрүүдэд нийт 90 гаруй гэмт хэрэг үйлдэгдэж, 350 гаруй хүн эрүүлжүүлэгджээ. Гарч байгаа гэмт хэргийн дотор хулгай, танхайн хэрэг, авто тээврийн осол зөрчил зонхилж байгаа юм. 3 өдрийн байдлаар хулгайн 20, танхайн 10, зам тээврийн ослын 31 хэрэг бүртгэгдсэн байна. Зуны улиралд хэрэг зөрчлийн тоо харьцангуй багасдаг ч авто осол тэр дундаа хөдөө орон нутгийн болон хотоос гаднах зуслангийн чиглэлийн замд техникийн бүрэн бус байдал, эвдрэл гэмтлээс үүдэлтэй осол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Тиймээс жолооч нар хол замд гарахдаа машин техникийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг мөн анхаарууллаа. Өдөрт дунджаар 100- 130 хүн тогтмол эрүүлжүүлэгддэг. Харин сар бүрийн 1-нд буюу архи согтууруулах ундаагаар үйлчилдэггүй өдөр энэ тоо 90 орчим болж буурдаг байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс насны хувьд 18-24 насны залуус байгаа юм. Нийт гэмт хэргийн 13 орчим хувийг эмэгтэйчүүд, 6-7 хувийг 17 хүртэлх насны хүүхдүүд үйлджээ. Үүнээс гадна хүүхдүүд гэмт хэрэгт өртөж, хохирогч болох нь их байгаа учраас эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
URL: