Сэргээш хэрэглэсэн 11 тамирчин олимпоос хасагдлаа
Сэргээш хэрэглэсэн тамирчид буурал тивийн Будант Лондонг орхисоор байна. Одоогоор сэргээш хэрэглэсэн хэмээн 11 тамирчин Лондонг орхих зааврыг авчээ. Харин Лондоны олимпод оролцох гэж ирээд сэргээшийн шалгалтад бүдэрсэн Африкийн зарим орны тамирчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.
Тэдний нэг, нэрээ хэлэхийг хүсээгүй тамирчин “Бид ямар баян орны мөнгөө багтааж ядсан тамирчид юм уу. Манай улс орон хармаагаа гөвөн байж биднийг энэ олимпод оролцоод ир гээд явуулсан. Гэтэл үл мэдэгдэх шалтгаанаар сэргээш хэрэглэсэн гэж гүтгэж байна. Бусад орны тамирчид шиг элдэв эм, бодис хэрэглэдэггүй бид яахаараа сэргээш хэрэглэсэн болчихдог юм. Эсэргүүцэж байна” гэжээ.
Харин энэ эсэргүүцлийг холбогдох албаныхан хүлээн авч “В” сорьцны шинжилгээ авахаар болжээ. Хэдий олимпийн их наадмын сэргээшийн “А” шинжилгээний хариу 24 цагийн дотор гарч байгаа боловч дараагийн “В” шинжилгээний хариу дөрвөн хоногийн дараа гарч байгаа гэнэ. Иймээс сэргээшийн хариуг эсэргүүцэн хүлээж байгаа зарим тамирчны уралдаан, тэмцээн тэр хооронд явагдаад өнгөрөх аж. Үүнийг эсэргүүцэж байгаа зарим тамирчдыг бодвол, сэргээшийн шалгалтад бүдэрсэн бусад нь Лондонг олон үггүй орхиж байгаа гэсэн.
URL: