Солонгост оршин суугаа Монголчуудад эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэв
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ Солонгосын Самсунг Эрүүл мэндийн Төвтэй хамтарч тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулах ажлыг зохион байгуулав. Уг арга хэмжээг Дон Дэ Мүн дүүргийн Гуан Хи бага сургуулийн байранд 7 дугаар сарын 29-ний ням гаригт зохион байгуулсан болно.
Самсунг Эрүүл мэндийн Төвөөс өндөр мэргэжлийн эмч 15, сувилагч, сайн дурын ажилтан 70 хүн, мөн Самсунг эрүүл мэндийн Төвд мэргэжил дээшлүүлж буй Монгол эмч 25 хүн оролцож иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, шаардлагатай иргэдэд үнэгүй эм тараав. Үзлэг, оношлогооны зохион байгуулалт болон хэлмэрчлэх зэрэг ажилд тус ЭСЯ-ны ажилтнууд, БНСУ дахь НХХЯ-ны харьяа Нэг цэгийн үйлчилгээний Төвийн ажилтнууд оролцов.
Оношлогоо, үзлэгийг дотор (хоол боловсруулах болон бусад дотор эрхтэн, дотоод шүүрэл), гоо засал, хүүхэд, арьс өнгө, дүрс оншолгоо, рентген, зүрхний бичлэг, уушигны үйл ажиллагаа, ерөнхий үзлэг зэрэг чиглэлээр явуулав. Үзлэгийн явцад Солонгос болон Монгол эмч нар хамтарч иргэдэд эрүүл мэндийн зөвлөлгөө өгсөн нь онцлог боллоо.
Үзлэгт нийт 520 иргэн хамрагдсанаас тэдгээрийн ихэнх нь хууль бусаар оршин сууж байгаа иргэд байв.Самсунг эрүүл мэндийн төв нь 2012 онд манай нийт 68 эмчийг өөрийн эмнэлэг дээрээ 3 сарын хугацаатай дадлагажуулахаар манай ЭМЯ-тай тохирч эхний 17 эмчийг сургалтад хамруулж буцаасан бөгөөд эдүгээ 2 дахь ээлж 25 эмч сургалтад хамрагдаж байгаа болно гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
URL: