Бие даагчид уриалгаа Ерөнхийлөгчид хаяглав

УИХ–д  бие даан сонгогдсон Х.Болорчулуун, С.Ганбаатар , Ц.Даваасүрэн нар төр засагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан уриалга гаргасан тухайгаа дөнгөж сая  Төрийн ордонд мэдээллээ.

Уг уриалгаа УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, намуудын удирдлагад хүргүүлэхээр болсон байна. Тэд засгийн ажил үндсэндээ гацаанд орсон. УИХ-д суудалтай намууд хоорондоо ойлголцохгүй ард түмний сонголтыг хүндэтгэхгүй, бүрэлдэхүүнээрээ хуралдахгүй төрийн ажлыг гацааж байгаа нь  ард түмний эрх ашгийг хойш тавьсан алхам гэж үзсэн байна.

Тиймээс намууд яаралтай харилцан зөвшилцөж төрийн үйл хэргийг тасралтгүй явуулах ёстой гэсэн байр сууринаас үндсэн хоёр асуудлаар уриалга гаргажээ. Үүнд нэгдүгээрт, сонгууль шударга бус явагдсан хууль бус үйлдэлд СЗХ илт тэгш бус хандсан, хоёрдугаарт намуудыг яаралтай зөвшилцөлд хүрэхийг уриалжээ.

Ер нь монголчууын   80 гаруй  хувь нь намд харьяалалгүй. Гэтэл намууд эрх ашгаа  тэргүүнд нь тавьж  байна гэл ээ. Тиймээс УИХ-д суудалтай намууд  улс төрөөс ангид байж эрүүл саруул сэтгэхийг уриалж байгаа гэнэ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Гишүүдээ дуурайж аймаг сум дүүргийнхэн нь гэдийгээд суудаг болчихвол  яах вэ. Чуулганы хуралдаандаа нэг хэсэг орж ирэхгүй. Нөгөө хэсэг нь  хөөгөөд гаргачихсан юм шиг гэрийн гаднаас хашгираад байх юм. Бид аль нэг намыг зөвтгөх эсхүл буруутгах гэсэн зүйлгүй.

Намууд зөвшилцөж чадахгүйгээс  иргэд хохирох ёсгүй. Ажил багатай айлд хэрүүл их гэдэг үг бий. Иргэд  ажлаар дарахгүй байна тэднийг. Нохойноосоо гинж нь гэгчээр  иргэдийн асуудлыг шийдэхгүй ширээ сандалтай зууралдаж байгаа нь маш буруу” гэв. Бие даагчид төр засгаа яаралтай эмхэлж цэгцлэх ёстой гэсэн  нэгдсэн байр суурьтай байгаа аж.

Уриалгыг бүрэн эхээр нь дор нийтлэв.

                                                                             УРИАЛГА

2012 оны 8 дугаар сарын 2

УИХ-ын сонгууль болоод сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаа нь УИХ-ын бүтцийн байгууллага, төр засгаа эмхлэн байгуулах хангалттай цаг мөч юм. УИХ-д суудал бүхий намууд хоорондоо ойлголцохгүй ард түмний сонголтыг хүндэтгэхгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдахгүй, төрийн ажлыг гацаах болсон нь эх орон ард түмнийхээ эрх ашгийг хойш тавьсан алхам боллоо гэж үзэж байна.

Иймд УИХ-ын бие даан сонгогдсон гишүүд бид Монгол улсын төрийн тэргүүн, улс төрийн намуудад хандан дараах зүйлийг уриалж байна. Үүнд:

  1. Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар булаан авах оролдлогод хамаарах сонгуулийн явцад сонгогчдод мөнгө, эд зүйлс тараасан гэмт хэргийн талаар нотлох баримттай асуудлуудад Сонгуулийн Ерөнхий хороо тэгш бус хандсан байдал өнөөдрийн УИХ-ын бүрэлдэхүүнд илт харагдаж байна.

Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д ард иргэдийн итгэлийг бэхжүүлэх, цэвэр тунгалаг болгох үүднээс төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг оролдож мөнгө, бэлэг сэлт тарааж бусармаг үйл ажиллагаа явуулсан нэр дэвшигчидтэй холбоотой баримтаар нотлогдсон асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо, хууль хяналтын байгууллага цаг алдалгүй шийдэж, цаашид зөв жишиг тогтоох шаардлагатай байна. Ингэснээр дараа дараагийн орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонууль хуулийн дагуу шударгаар явагдах нэг үндэс болно гэж үзэж байна.

Иймд Монгол улсад ардчилсан төр бэхжиж төлөвших нэг үндэс болсон чөлөөт ардчилсан сонгуулийг мөнгөний нөлөөлөлд автахгүй, хуулиа чанд баримлах зөв зарчим тогтооход анхаарч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох арга хэмжээ авч ажиллахыг эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд хандан уриалж байгааг хүлээн авна уу.

  1. УИХ-д шинээр сонгогдсон гишүүд бид эх орон ард түмнийхээ хөгжил сайн сайхны төлөө зүтгэхээр ард түмний төлөөлөл болсон билээ. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлууд та биднийг нэг  өдөр ч алдахгүй шамдан ажиллахыг шаардаж байна. Иймд намын эрх ашгаа хойш тавьж ард түмнийхээ сонголтыг хүндэтгэн төрийн ажлыг тасалдуулахгүй явуулах алхам хийж зөвшилцөлд хүрэхийг улс төрийн намуудад уриалж байна.

Төр түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай!

Уриалга гаргасан УИХ дахь бие даагчдын Зөвлөл,

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

С.Ганбаатар

Ц.Даваасүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих