Лондон тамирчдын өмнө “Бөхөлзөж” байна
Энэ удаагийн зуны XXX олимпийг дэлхийн 180 гаруй агентлаг шууд дамжуулах эрх авсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тэр ч утгаараа олимптой холбоотой сайн муу мэдээллийг дэлхийн сая сая үзэгчдэд хүргэсээр байгаа.
Бүх цаг үеийн хамгийн олон олимпийн медальтай тамирчин
Олимп эхлэхээс өмнө дэлхийн спортын хорхойтнууд, спортын ажиглагчид АНУ-ын усан сэлэлтийн мастер, “Загасан хүн” хочит Майкл Филпсийг дээрх олимпийн бүх цаг үеийн хамгийн олон олимпийн медалтай тамирчин болно гэдэгт итгэлтэй байсан. Олимпийн эхний хоёр өдрийн байдлаар түүний хувьд усан спортын хоёр ч төрөлд хожигдол хүлээгээд байсан.
Харин өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 4х200 метрийн буухиа, чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүлж, олимпийн наадмаас 19 дэх медалиа хүртэж, түүхэнд бичигдэн үлдлээ. Дөнгөж 27 настай түүний хувьд дараагийн олимпт оролцох бүрэн боломжтой. Олимпийн түүхэн тоглолтын буухиаг сайн хийж, америкчууд 6.59.70 секундын амжилт үзүүлсэн юм. Афинаас зургаа, Бээжингийн олимпоос найман алтан медаль хүртэж, агуу амжилтын эзэн болж байсан Филпсийн хувьд тун баяртай байгаагаа илэрхийлсэн.
Энэ талаар “Би энэ удаагийн олимп дуусаагүй гэдгийг эхний хоёр өдрийн тэмцээний дараа хэлж байсан. Магадгүй формтой байх юм бол дараагийн олимпт хүч үзэж магадгүй” хэмээжээ. Түүнийг ийнхүү бүх цаг үеийн хамгийн их олимпийн медаль хүртсэн тамирчин болсноор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баяр хүргэжээ. Түүхэн амжилтын буухиа уралдааныг АНУ-ын тамирчин Рьян Лохте эхлүүлсэн бөгөөд сүүлийн тамирчин гараанаас гарахын өмнө өрсөлдөгчөөсөө аль хэдийнэ дөрвөн секундын өмнө тасарсан байжээ.
Сэргээш үү, супер охин уу…
Хятадын тамирчин Е Шивень дөнгөж 16 настайдаа Лондонгийн олимпийн хоёр дахь алтан медалийн эзэн боллоо. Эхний алтан медалийг хүртсэний дараа зарим улсын багш, дасгалжуулагчид түүний амжилтын талаар ОУОХ-д гомдол гаргаж, сэргээш хэрэглэсэн байж болзошгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч түүнийг Лондонгийн олимпийн зохион байгуулагчид болон ОУОХ-ноос “Сэргээш хэрэглээгүй” гэдгийг баталсан. Гэвч “Генийн шинжилгээнд оруулах хэрэгтэй” гэх яриа гараад амжсан билээ. Өчигдөр болсон 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд залуу тамирчин Е Шивень түрүүлж, хоёр дахь алтан медалиа хүртсэн юм.
Анхны алтан медалиа 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд 4.28.43 секундын амжилтаар авсан. Сүүлийн 50 метр зайг 28.93 секундэд туулсан амжилт нь эрэгтэйчүүдийн төрөлд уралдсан АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Рьян Лохтегээс ч илүү байсан аж. Уурандаа ч тэр үү, шарандаа ч тэр үү хамаагүй. Е Шивень 200 метрийн уралдаанд 2.7.57 секундын амжилтаар олимпийн рекорд эвдэн түрүүлсэн.
Финалын тоглолтод Бээжингийн олимпийн аварга Стефани Райс дөрөвдүгээр байрт орсон юм. Түүнийг хоёр дахь алтан медаль хүртсэний дараа ч сэргээшийн шинжилгээнд оруулах хүсэлтийг АНУ-ын дасгалжуулагч Жонн Леонард зохион байгуулагч оронд санал болгожээ. Тэр ч бүү хэл, тэрбээр Е Шивений талаар “Түүний амжилт байж боломгүй зүйл. Тэр үнэхээр сэргээш хэрэглээгүй бол генетикийн арга хэрэглэсэн байж таараа.
Манай улсын тамирчин Рьян Лохте энэ удаагийн олимпт алдарт Майкл Филпсийг ардаа орхиж алтан медалийн эзэн болсон. 16 настай түүний хувьд 400 метрийн зайг 28.93 секундэд туулсан. Харин Рьян Лохте 29.1 секундэд барианд орж ирснээр алтан медаль авчихаад байна” хэмээжээ. Гэвч түүний саналыг зохион байгуулагч орон хүлээж аваагүй аж. Хэрэв Е Шивень сэргээш хэрэглэсэн нь нарийвчилсан шинжилгээгээр тогтоогдвол одоогийн байдлаар аваад байгаа медалиа хураалгах нь тодорхой.
Арьс өнгөний үзэлтэн хэвээр байгааг сануулжээ
Тийм ээ. Олимп эхэлснээс хойш хоёр ч тамирчин өөрийн үзэл бодол, үйлдлээрээ олимпт оролцох эрхээ хасуулаад байгаа. Харин өчигдөр олимпийн хотхоны сагсан бөмбөгийн цэнгэлдэхэд болсон Латви, Аргентины шигшээ багийн тоглолтын үеэр Латвийн нэгэн хөгжөөн дэмжигч эр нацистыг дэмжсэн үйлдэл хийсэн нь олны анхаарлыг татжээ.
Түүний хувьд Латвийн иргэншилтэй бөгөөд бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Тоглолт эхлэхээс өмнө харуулууд түүнийг суудалдаа суухыг шаардсан байна. Хэсэг хугацааны дараа тэрбээр алгаа доош харуулан тэнийлгэж, баруун гараа 45 градус налуутай дээш өргөжээ. Өргөөд харуул руу харан, “Хаха” хэмээн инээж байжээ. Түүний ийм үйлдлийг харсан хамгаалагчид латви жуулчинд удаа дараа анхааруулга өгч, ёс бус үйлдлийг нь болиулахыг оролджээ.
Өнгөрсөн ням гаригт Швейцарь, БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолтод 2:1-ийн харьцаагаар Өмнөд Солонгосын шигшээ ялалт байгуулсан билээ. Үүний дараа Швейцарийн шигшээ багийн тамирчин Мишель Морганелла өөрийн “Твиттер” хуудаснаа “Би Өмнөд Солонгосын бүх хүнийг хэмх зодмоор байна. Муу азиуд” хэмээн бичжээ. Швейцарийн шигшээ багийн ахлагч Жиан Жилли Олон улсын олимпийн хороонд хандан ийм явдал болсонд харамсаж буйгаа илэрхийлээд Мишель Морганеллаг шигшээ багаас хөөсөн юм.
Аргагүй шүү дээ, цаг нь гацсан юм чинь…
Олимпийн хорооноос Лондонгийн олимпийн алдаануудыг нэг нэгээр нь бүртгэсээр л байгаа. Энэ удаагийн олимп маш олон алдаа дутагдалтай явагдаж байгааг ч тэд анхааруулсаар байна. Туялзуур жадны төрөлд цагийн механизм гацсанаас болж Өмнөд Солонгосын тамирчин медалийн төлөө өрсөлдөх эрхээ алдсан үйл явдал саяхан болжээ. БНСУ-ын туялзуур жадны тамирчин А Лам Шин илүү нэг секундэд ХБНГУ-ын тамирчин Бритта Хайдерманд хожигдон, гомдолтойгоор дэвжээ-нээс уйлан суусан.
Түүний хувьд үнэхээр харамсалтай бөгөөд зохион байгуулагч орны хувьд ийм алдаа гаргасан нь гутамшигтай. Туялзуур жадны дээд удирдах байгууллага болох “FIE” түүнд өөрийн байгууллагын медалийг олгох болсноо зарласан аж. Улмаар түүний олимпийн медалийг хэрхэн, хаана гардуулах нь тодорхойгүй байгаа бөгөөд олимп дуусахаас өмнө гардуулах аж. Уг явдлаас болж Лондонгийн олимпийн туялзуур жадны төрөлд цаган дээр маргаан цаашид гарахгүй гэх баталгаагүй гэдгийг “FIE” мэдэгджээ.
Саудын Арабын эмэгтэй тамирчин алчууртайгаа барилдана
Лондонгийн олимпийн зохион байгуулах хороо алдаа их гаргаж буйтай холбогдуулан, нэр төрөө ч бодсоны үүднээс тамирчин болгоны өмнө “бөхөлзөж” эхэллээ. Саяхан лалын шашны хатуу ёс жаягийн улмаас олимпийн наадмаас хасагдаж магадгүй болоод байсан Саудын Арабын эмэгтэй жүдоч хижаб буюу толгойн алчууртай барилдахыг зөвшөөрсөн талаар эх сурвалжууд мэдээлж эхлэв. ОУОХ, Олон улсын жүдо бөхийн холбоо болон Саудын Арабын албаны хүмүүс зөвшилцсөний үр дүнд олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-ийн жинд Вождан Шахерканы барилдааны үеэр хижаб өмсөхийг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.
Энэ удаагийн зуны олимпийн наадамд оролцож буй дэлхийн 205 улс орнуудаас анх удаа эрэгтэй, эмэгтэй бүх тамирчдаа олимпод илгээсэн үйл явдал тохиож байгаа. Саудын Арабын баг 19 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй бөгөөд тэдний дунд хоёрхон эмэгтэй багтжээ. Нэг нь жүдоч Шахеркани бол нөгөөх нь хөнгөн атлетикийн тамирчин Сара Аттар юм.
Шудрага тоглоно гэсэн яасан бэ
Лондонгийн олимпийн нээлтийн ажиллагаанд тамирчдын өмнөөс “шударга өрсөлдөнө” гээд байсан хаана байна. Наадмын одон бөмбөгийн эмэгтэй баг тамирчдыг Дэлхийн агаарын теннисний холбооноос шүүмжилжээ. Энэ талаар Их Британийн “Guardians” сонинд нийтэлсэн байна. Тодруулбал, БНХАУ, БНСУ, Индонезийн нийт найман тамирчин тоглолт бүрт санаатай гэмээр алдаа гаргасан талаар онцолжээ. Хуурамч тоглолтын талаар шүүгчид ч санал нэгтэй байгаа аж.
Тиймээс ДАТХ-ноос Хятадын хоёр, Өмнөд Солонгосын дөрөв, Индонезийн хоёр тамирчинг буруутгаж байгаа юм байна. Жишээ нь БНХАУ, БНСУ-ын хооронд болсон тоглолтын үеэр тамирчид яг л сонирхогчид мэт бөмбөгөө нэг бол шугам давуулан алдаж, эсвэл тор руу цохин алдаж байсан нь үзэгчдийн дургүйцлийг ихэд хүргэжээ.
Б.БААТАР
URL: