Гэрээт хилчин найз охинтойгоо муудалцаж амиа хорлосон бололтой
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Улаан-Уулын отрядын IX заставт гэрээт хилчин амиа хорлосон хэрэг гарчээ. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул 1991 онд төрсөн Н.Чойжамц гэх гэрээт хилчин амиа хорлосон юм байна. Тэрбээр хилийн манааны ээлжинд гарч байгаад өөрийгөө буудаж егүүтгэсэн байжээ. Хэргийн газарт очсон цагдаа нарын хэлж буйгаар амиа хорлосон гэрээт хилчин буугаа эрүүн доороо тулгаж байгаад буудсан бололтой тархи нь задарсан байжээ. Хэргийг Дорноговь аймгийн Хилийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд шалгаж байна.
Мөн хэргийн газарт үзлэг шалгалт хийгээд байгаа гэнэ. Талийгаач юуны учир амиа егүүтгэх болсон шалтгааныг цагдаа нар олж тогтоожээ. Заставын албан хаагчдын зүгээс ямар нэгэн дарамт шахалт байгаагүй гэнэ. Мөн өнгөрсөн хавар гэрээт хилчин болж сарын 290 мянган төгрөгийн цалинтайгаар Монгол Улсын хилийг манаж байжээ. Түүний энгэрийн халааснаас гэрээслэл гарч ирсэн гэнэ.
Гэрээслэлдээ найз охинтойгоо муудсан талаар бичсэн байж. Хилчид амиа хорлох нэг шалтгаан нь цэргийн алба хаагчид алба хааж байх үедээ ар гэрийнхэнтэйгээ байнга холбоотой байх нь тэдний хэт их анхаарал халамжид автах, эсвэл гэр бүлд учирсан бэрхшээлийг мэдсэнээр стресст орох, уурлаж бухимдах, улмаар цэргийн албанаас шантрах бэрхшээх нь амиа хорлох шалтгаан болж байгааг Хууль зүйн хүрээлэнгийн судлаач нар цэргүүдийн дунд дөрвөн сар судалгаа хийн тогтоожээ. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Улаан-Уулын отрядын IX заставт гэрээт хилчин Н.Чойжамц утсаар найз охинтойгоо яриад муудсан байна.
Дээрх заставт Жи Мобайлын утас барьдаг ажээ. Сүүлийн жилүүдэд Улаан-Уулын отрядын заставуудад шил шилээ дарсан олон хэрэг гарах болсон. Дарга нараа буудаж хөнөөсөн дөрвөн хилчин цаазын дээд хэмжээ сонсож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 405 дугаар ангид байгаа. Мөн офицерууд нэгнийгээ зодож хөнөөсөн хэрэг Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт гарсан. Эхнэрээ хөнөөгөөд өөрийгөө буудсан хэрэг ч жилийн өмнө гарч, олныг цочирдуулж байсан билээ.
Э.ХҮРЭЛБААТАР
URL: