ЭМЧ НАРЫН ГАРЫГ ЦАЙЛГАХАА БОЛЬЁ

Сайн байна уу эмч ээ, манай хүүхэд танай эмнэлэгт хэвтэж байгаа юм. Май, энэ хэдээр хоолонд орчихоорой”, эсвэл “Энэ жаахан юмыг танд өгөх гээд” хэмээн эмч, сувилагчийн гарт ямар нэг юм атгуулахгүй л бол эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ бүү хэл анхан шатны тусламж ч авч чадахгүй буцах нь энгийн үзэгдэл. Үүнд нь ч дассан иргэд даралтаа үзүүлж, цээжээ чагнуулахын тулд эмнэлгийн жижүүр, үйлчлэгч, асрагч, сувилагч гээд албан тушаалтан тус бүрт гар цайлгах юм бэлтгэж, аваад гардаг тухай яриа ч чих дэлсэх.

Тийнхүү байдгаа барж, хамгаа шавхаад очсон зарим нэгнийх нь шан харамж эмч, эмнэлгийн ажилчдад гологдож, дарааллын хойгуурт зогсож, зарим нь бүр ажлын цагт амжиж үзүүлж чадалгүй буцдаг гэх. Цаадуул нь ч бүр энэ ажилдаа гаршсан байдаг нь захын нэг эмнэлгийн үүднээс л мэдрэгдэнэ.

Ямар сайндаа л нэгэн улсын эмнэлгийн хүлээн авах тасагт ”Гар хүндрүүлэхгүй болохоор нь хөдлөхөөс ч дургүй хүрээд байдаг юм. Цаадуул чинь уурлаад, загнаад ирэхээр хэдэн цаас өгөхгүй бол болохоо байлаа гэдгийг зөнгөөрөө мэдрээд, сарвайдаг байхгүй юу, өнөөдөр ч овоо “хаагаа”-тай харих нь ээ” гэх яриа гарч байх вэ дээ.

“ДУСАЛ ЗАЛГАХАД 1000 ТӨГРӨГ”

А4-ийн цаасан дээр томоор бичсэн дээрх үгсийг та өрхийн эмнэлгийнхээ тарианы өрөөний үүднээс харсан л байгаа. Цаашлаад тариа хийлгэх, даралт үзүүлэх гээд тус тусдаа үнэтэй. Үнийг нь төлөхгүй бол хэн ч хөдлөхгүй. “Хаалгаа хаа, дараагийн хүн нь ор” гэх хууль тэнд үйлчилдэг.

Үнэндээ бол энэ нь тэдний “халтуур”. “Халтуур” л сайн хийж байвал тэдэнд хэн өвдөж, зовж, тэр бүү хэл үхэх, сэхэхийн ирэн дээр байх нь ч хамаагүй. Байдал эвгүйцээд ирвэл дүүргийн эмнэлэгт үзүүлэх бичиг хийж өгөөд явуулна. Эсвэл ном, лавлахаас хайж, харж байгаад эмийн хэд хэдэн нэр бичиж өгөөд шалавхан гаргана.

НАБОР, ЧАНАМАЛААР ПАНААЛДДАГ ЦАГ АРД ХОЦОРЧЭЭ

Одоогоос 5-6 жилийн өмнөөс эмч, эмнэлгийн ажилтан ч гэлтгүй бүх албан тушаалтныг набор, компотоор зад панаалдаад ажлаа бүтээдэг зуршил өдгөө ийнхүү газар аваад байгаа билээ. Ийм муу занг хэнээс яаж хуулбарлаж, үлгэрлэснийг мэдэхгүй ч, энэ нь одоо эрүүл мэндийн салбарын томоохон хавдар, бэтгэ болжээ. Цаг үе өөрчлөгдөх тусам хүмүүсийн гараа хүндрүүлэх сонголт ч өргөн болсон аж. Эмч, сувилагч нар компот, набор өгсөн хүн рүү ширэв татаж, хяламхийн хараад дуртай, дургүй үүрэгт ажлаа хийнэ.

Харин үйлчлэгчид хэдэн чихэр, алим атгуулбал коридориор явахад загнаж үглэхгүй, асрагчид түүнээс арай үнэтэй зүйл ногдох нь ойлгомжтой. Сувилагчид бол таксины мөнгө, хошуу дэвссэн үгтэй хамт илгээвэл тариагаа өвтгөхгүй хийж, ганц, нэг витамин илүүчилнэ. Харин эмчийн гарыг хүндрүүлнэ гэдэг зүдрүүхэн өрхийн хувьд хэцүү. Ууртай, ааштай эмч тэр бүр хавьтуулахгүй.

Дор хаяж л 50 мянган төгрөг өгч байж эмчийн өрөөгөөр орж гарч, ганц нэг үг солих эрхтэй болдог гэнэ. Цаашлаад гар нь хүндрэх тусам эмчийн дор ажилладаг хүмүүсийн хөл хөнгөрч, ааль нь сайхан болоод ирдэг гэх. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, ёс зүйтэй байгаа нь энэ үү. . Ер нь тэгээд авлига, хээл хахууль авлаа гээд түүнийхээ дайтай эмчилгээ, үйлчилгээ үзүүлж чаддаг эсэх нь ч эргэлзээтэй.

МИНИЙ ДАНСНЫ ДУГААР ЭНЭ, ЯРЬСНААРАА ХИЙЧИХЭЭРЭЙ

Энэ үг олон эмчийн амнаас бүү гараг. Бүү гараг ч гэж өнөөдрөөс нэг ч эмч, сувилагч ийм үг битгий хэлээсэй. Газар дээрх ганц үр нь, аав, ээж нь, хань ижил нь гээд хайртай хүнээ алдахгүйн төлөө хүмүүс эмч, эмнэлгийн ажилчдын ая талыг засаж, байдгаа барин гүйх нь тэдний хувьд бэлэн олз.

“Гар хүндрүүлэх гэж байгаа бол энэ дансанд хийчихээрэй” хэмээн урьдаас бэлтгэсэн 10 оронтой тоо бүхий цаас сарвайх нь өвчтөний ар гэрийнхний хувьд маш том найдвар болдог байна. Тэрхүү бичгийг эмчийн гараас авснаар хайртай хүн нь босоод ирэх юм шиг санаж, хэчнээн хүн итгэлээ алдсан бол… Түүнээс гадна дүүргийн эмнэлэг бүрийн үүдэнд групп тогтоолгох гээд цөхрөнгөө барсан иргэн олон байна. Тэдэнд ч бас дансны дугаараа өгчихөөд, хэдэн төгрөгөөр дансан дахь мөнгөний тоо нэмэгдсэн эсэхийг шалгасныхаа эцэст ажлаа хийдэг эмч нар ч цөөнгүй гэсэн.

ХЭНИЙ Ч ГАРЫГ БҮҮ ХҮНДРҮҮЛ

Монгол Улсын хүн амын эрүүл энхийн төлөө ар гэр, авгай хүүхэд, бүхнээ орхин нойр, хоолгүй хүчин зүтгэдэг хэмээн хоёр жил гаруй жагсаал, цуглаан, ажил хаялт зарласны эцэст цалингаа нэмүүлж, үзлэг, оношлогоо, зөвлөгөөг тусдаа үнийн тарифтай болгосон ч, эмч, эмнэлгийн ажилчдын сэтгэл ханасангүй. Өвдөж, зовсон иргэдээс татах татаасны тариф тогтоох нь холгүй муухай зан гаргаж байна.

Үүнийг зогсоох цаг ирсэн юм биш үү? Хэн гэдэг ямар гавьяатай эмч байлаа ч, өнөөдрөөс эхлээд хэн ч юу ч битгий өг. Харин түүнийхээ оронд ажлаа хийхийг л шаард. Тэд иргэн таны өмнө хүлээсэн үүрэгтэй, өргөсөн тангарагтай. Эмч, эмнэлгийн ажилтнууд иргэдийнхээ өмнө үйлчлэгч шиг ажиллах үүрэгтэй. Тэднийг ажлаа хийснийх нь төлөө давхар шагнаж, эмч нарыг муу зуршилд уруу татахаа больё, иргэдээ.

Өнөөдөр сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих