С.Нарангэрэл:Ё.Сагсай Н.Энхбаярыг яллахаар улайрч байна
Сүхбаатар дүүргийн шүүхэд МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал гуравдах өдрөө үргэлжилж байна. Н.Энхбаяр нарт холбогдох хэрэгт ажиллаж буй улсын яллагч Ё.Сагсай яллах дүгнэлтийг уншиж, танилцуулсан юм. Түүний танилцуулснаар Н.Энхбаярт 8,6 жил, До.Чулуунбаатарт 6,6 жил, М.Мягмаржаргалд 6,1 жилийн ял тус тус оноохоор төлөвлөсөн аж.
Н.Энхбаярын өмгөөлөгч О.Сайнгэрэл ялыг эсэргүүцэж тайлбараа хийгээд хэргийг мөрдөн буцаалтад буцаахыг хүслээ.
Түүний дараагаар өмгөөлөгч С.Нарангэрэл “Өнөөдөр 1937 он биш шүү. Нэг нэгнээ хэлмэгдүүлж байсан үйл явдалд цэг тавьсан эсэхийг харуулна.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Н.Энхбаярын талаар бичиг ирүүлсэн. Тэрбээр бичигтээ” Бид Монголын шүүхийн дотоод үйл ажиллагаанд оролцож чадахгүй, тэгэх ч эрхгүй. Харин хүний эрхийг зөрчиж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Үүнийгээ ч илэрхийлж Лондон дахь Монгол Улсын элчин сайдын яам болон Монголын Засгийн газарт илгээсэн. Экс ерөнхийлөгчийн шүүх хурлыг ч НҮБ анхааралдаа авсан байгаа” гэж онцолсон байна.
Улсын яллагч Ё.Сагсайгаас татгалзах хүсэлтийг би өмнө нь гаргаж байсан. Энэ нь зөв байжээ гэдгийг өнөөдөр тод томруун харууллаа.
Ё.Сагсай Н.Энхбаярт ял оногдуулахаар улайрч байна. Түүнийг нийгмээс олон жил тусгаарлаж ял оногдуулахаар болсноо дөнгөж сая танилцууллаа. Бид нотлох баримт хангалтгүй байна, бодит үнэнийг шалгаж тогтооё гээд мөрдөн байцаалтад буцаах санал гаргахад энэ хүн улайран эсэргүүцлээ.
Эрхэм хүндэт шүүгчдээ асуудалд бодиттой хандана гэдэгт найдаж байна.Тиймээс хэд хэдэн зүйлийг тодруулж хэлье.
Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбоотой бүх л цуу яриаг өргөн хүрээтэй шалгасан байна. Энэ хүний сайн зүйлийг албаар орхигдуулж, харлуулах гэж оролдож байна. Зөвхөн Н.Энхбаяр төдийгүй гэргий, үр хүүхэд, аав ээж, туслахаас эхлээд ойр дотны бүх хүнийг шалгажээ. Гэр орон, ажлын байр, данс, гар утас гээд бүх л зүйлийг шалгасан. Мөн маш олон хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. МБШТ-ийн тэргүүн Д.Чойжамцаас эхлээд бүх гэрчүүдийг байцаасан байна.
Гэрч нарт дарамт үзүүлж байна. Д.Чойжамц хамба Японы талаас телевизийн хэрэгслийг Н.Энхбаяр бид хоёрт өгсөн гэдгээ бичгээр болон өөрөө мэдүүлээд байхад яагаад Н.Энхбаярт ял өгөх гээд байгаа юм бэ. Хамба ламын ирүүлсэн бичгийг яагаад нуугаад байгаа юм. Н.Энхбаярт үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах ёстой гэв.
www.times.mn
URL: