Сайдын суудал тэрбумын үнэтэй юу

АН-ын дотоод зөрчил хурцдаж, фракц хоорондын тэмцэл нь ширүүсч эхэллээ.

Тэр тусмаа УИХ, НИТХ-ын сонгуульд олонх болж ялалт байгуулсан ч ялалтдаа эрдсэн хүмүүсийн уухай өнөөдрийг хүртэл намжих төлөвгүй нь бололтой.

Нэг талаар намын дарга Н.Алтанхуяг нь Ерөнхий сайд болбол ингэж хийнэ, тэгж хэрэгжүүлнэ гэж хий­гээгүй ажлаа тайлагнаж, Ерөнхий сайдын суудлыг өдрийн бодол шөнийн зүүд болтлоо мөрөөдөж явна.

Энэ зуур нам доторх шуудайд хийсэн үхрийн эвэр шиг бужигналдсан бүлэглэл фракцууд нь хагаралдаж, сайдын суудал дээр олигтой шийдэлд хүрч чадахгүй, бие биендээ алаагүй баав­гайн арьсыг хэд хэд ху­ваагаад завгүй гүйлдэнэ. Ялан­гуяа сонгуульд унаад өв­дөг­ний­хөө шороог гүвээгүй улс­төрчид сайдын суудлыг үнэд хүргэхийн тулд амандаа орсон тоог намын даргадаа хэлж байгаа сурагтай.

Түүнчлэн өнгөрсөн сон­гуулиар хамаг байдгаа гүв­сэн улстөрчид тэрбум төг­рөг давуулан үнэ хаял­цуулж, сайдын суудалд са­наархаж явна. Гэхдээ хоёр тэрбумын үнэд хүрсэн МАН-ын сайдуудын хувьд үдийн будаа төдийхөн зүйл гэдгийг улстөрийн хүрээнийхэн ши­вэр авир хийж сууна.

Гэвч дайны хажуугаар дажин гэгчээр АН доторх МҮДН угшилтай улстөрчид дотоод тэмцлээ ил гаргаж, Сангийн сайдын суудлыг авна хэмээн гөжүүдлээд эхэл­лээ.Тэр тусмаа улаан туг гозол­зуулан давхиж байгаа МҮДН-ын угшилтай УИХ-ын гишүүн Н.Батбаярын шахаасаар энэ суудлын тө­­лөөх санаархал намын даргадаа бойкот үзүүлэхээс хэтэрсэнгүй.Тийм болохоор л буруу тийш харж хэвт­чихээд АН-ын дарга Н.Алтан­­­­хуягийг суудлаас нь буул­­гачих хэмжээнд на­мын их хурлыг зарлан хурал­дуулна гэх зэргээр дүрмийн бус асуудлыг сө­хөж та­вихаар саарал ордноор тоос та­туулан яваа гэнэ.

Харин АН-ын дарга Н.Алтанхуягийн хувьд МҮДН-ынханд Сангийн сай­дын суудлыг өгч болох ч улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа үед данс нь улайсан яамыг мэргэжлийн бус хүнд даатгах нь улаан гараараа цог барихтай адил. Тиймээс л улс орны эдийн засгийг аврах хүн нь УИХ-ын гишүүн Фортуна Н.Батбаяр биш гэдгийг эрхбиш гадар­лахтайгаа болсон тэр­бээр Сангийн яамаа тийм ч амар­хан сул орхих хүн биш.
Мэдээж Сангийн сайдын суудалд сууж, гарын үсэг зу­рахыг хэд хэдэн удаа­гийн парламентад суухдаа мөрөөдсөн УИХ-ын гишүүн Фортуна Н.Батбаяр мөрөөд­лөө биелүүлэхийн тулд Эвс­лийн гэрээг тарааж хаяхад бэлэн байгаа нь АН-д хам­гийн том аюул болчихоод байна.

Тэгвэл нөгөө талаас дайрч буй МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн АН-ын дарга Н.Алтанхуягт амласан сайдын суудлаа өгөхгүй бол хамтрахгүй гэж мурих дээрээ тулчихаад бай­на. Товчхондоо хүссэн сайдынх нь суудлыг өгөхгүй бол эвсэхгүй гэж зүтгэх нь зүйн хэрэг. Сайдын суудалд анхнаасаа санаархсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн Н.Энхбаярыг Шадар сайд болгох, М.Энх­сайханыг Сангийн сайд бол­гох хувилбараар Засгийн газарт хамтарч, эвсч болно гэдэг болзлоо хатуухан та­­­виад буй. Иймийн тулд эвсэхгүй ч байж болох юм гэдэг утгатай мэдэгдэл хий­сэн нь АН-ыг ямар улстөрийн хүчинтэй дэр нэгтгэж байгааг илтгэж байна.

Харин нөгөө талд МАН хэмээх Монголын толгой хуульчдаар толгойлуулсан сөрөг хүчин нь УИХ-ыг аль болохоор гацааж, хуулийн цоорхойг сиймхийчлэн сууна. Тэдний зүгээс үүсээд байгаа гацааг арилгахын тулд УИХ-ыг хууль ёсоор байгуулахыг шаардаж буй. Тийм ч учраас УИХ-ын даргыг томилсон асуудлаа эргэж харах ёстой.

Өвөрхангайн 10 ду­гаар тойргийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх явцад оролцогч, хариуцагч талыг байлгахгүйгээр хуралдааныг буруу явуулсан. Цөөнхийг нугачин дарах аргаар асууд­лыг шийдсэн. Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд “Эв зүйгээр асуудлыг шийд­мээр байна. Хуулиас гадуур шаардлагыг тавиагүй” хэ­мээн өөрсдийгөө зөвтгөхөөс өөр тайлбарыг хийхгүй сууна.

Энэ мэтээр өнөөдрийн улстөрийн амьдралд өрнөөд буй үйл явдлыг ажиглахад төр түшилцэхээр сонгогдсон төрийн түшээд маань албан тушаал, эрх мэдлийн төлөө үхэлдэж, улс орны язгуур эрх ашиг гэдэг зүйлийг на­маасаа доогуур тавьчихжээ гэхэд нэг их хол зөрөхгүй.

 
Эцсийн дүндээ ямар сон­голт хийснээ ард түмэн бид эргэж нэг харахгүй бол энэ улстөрчид төрийн машиныг хэвийн ажиллуулахгүйд хүрэх нь байна шүү.


URL:

Сэтгэгдэл бичих