УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ц.Даваасүрэн, С.Эрдэнэ, Н.Батцэрэг, Х.Тэмүүжин нар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

Одоо мөрдөж байгаа хуулиар УИХ нь долоон байнгын хороо, 11 дэд хороотой. Шинээр өргөн барьж байгаа хуулийн төсөлд Өргөдлийн байнгын хороог байгуулах, нэг байнгын хороонд 10-19 гишүүн байх, нэг гишүүн гурваас дээшгүй байнгын хороонд харьяалагдах тухай асуудлуудыг тусгасан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд өргөдөл, гомдлын дэд хороо ажилладаг ч иргэд сонгогчдод тэр бүр хүрч чадахгүй, бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхзүйн орчин бүрдээгүй байгаа юм. Энэхүү Өргөдлийн байнгын хороог байгуулснаар УИХ-ын хянах шалгах чиг үүргийг мэргэшүүлж, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн шууд ардчиллын элементийг парламентад оруулах болно гэж хууль санаачлагчид үзэж байна.

Мөн байнгын хороодын үйл ажиллагааг түргэн шуурхай ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд нэг байнгын хороо 10-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байх, нэг гишүүн гурваас дээшгүй байнгын хороонд харьяалагдахаар хуулийн төсөлд тусгажээ.

УИХ-ын дарга З.Энхболд УИХ гацаанаас гарах гарцыг олж байгаа гишүүдэд талархал илэрхийлээд энэ асуудлыг яаралтай хэлэлцэхээр боллоо. Энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор үдээс хойш хэлэлцэнэ. УИХ-ын чуулган өнөөдөр 15 цагаас хуралдахаар товлоод байна гэж УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих