DDISHTV-ийн антенний хэрэглэгчид нэмэлт мөнгө төлж тохиргоо хийлгэнэ гэнэ үү

Үндэсний хэмжээнд сансрын антеннаар олон сувгийн ТV-ээр үзэгчдэд үйлчилнэ гэж баруун солгойгүй рекламдаад байсан DDISH телевизийнхэн хэрэглэгчдээ хохироосон үйлдлүүд ихээр гаргах болжээ. Саяхан нэгэн хэрэглэгч тэдний сансрын антенн хүлээн авагчийг 170.0 мянган төгрөгөөр худалдан аваад тэдний зааварчилгааны дагуу олон янзаар оролдож тохируулсан боловч гараагүй байна. Арга ядсан хэрэглэгч DDISH-ийнхнээс асуухад ”чанар /Q/”- ийн хувь гарч иртэл нь антеннаа дээш доош хөдөлгөөд бай гэж зааварчилгаа өгчээ. Хэрэглэгч маань дээр үед зурагтын антенн тохируулах гэж бөөн юм болдог шиг тавган антеннаа дээш зүүж урагш харуулан дээш доош, хойш урагш гараа чилтэл хөдөлгөөд ч тусыг эс олжээ.

Ингээд аргаа барсан хэрэглэгч тус телевизийнхэнд хандан ирж гаргаж өгөхийг гуйхад 27.000 төгрөг төлж дуудлага дуудаж гаргуулж болно гэжээ. Уг нь зах зээлийн өнөө цагт бараагаа худалдсан нь өөрсдөө тохируулж өгдөг жишиг байдагсан. Ямартай ч интернэт шинээр суурилуулах, кабелийн телевиз шинээр тавиулахад үйлчилдэг энэ журам DDISH -ийнхэнд хамаагүй бололтой. За дүүрсэн хэрэг 27.000 төгрөгийг нь нэмж төлөөд гэрийнхээ антеннийг тавиулъя гээд өглөөжин бөөн юм болж ярьтал удахгүй очих болно, таны дуудлагыг хүлээж авлаа гэж наалинхай ааштай оператор бүсгүй хариулжээ.

Ингээд өдөржингөө хүлээсэн хэрэглэгч орой болтол таг чиг байсанд гайхаад дахин баахан залгаж арай ядан холбогдож асуухад өнөөдөр амжихгүй маргааш очно гэжээ. Аан нээрээ мартсанаас тэдний ганц захиалгын энэ оператортай холбогдох гэж яг л ТV-ийн шууд нэвтрүүлэгт оролцох гэж залгадаг шиг гар утсаараа тасралтгүй, утсаа тавилгүй 30-50 минут залгаж байж холбогдоно гэж байгаа. XXI зуунд зурагтаа үзэх гээд гэрийнхээ гадаа антеннаа хөдөлгөөд сууж байдаг хүмүүс бол DDISHTV-ийн антенн авсан хүмүүс байж таарах нь ээ. Үнэтэй, хулхи, тохируулахад хэцүү энэ антеннийг хэдэн хүн худалдан авч дээрх хэрэглэгч шиг хохирох бол доо.

Ц.Мөнх olloo


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих