АН-ын дотоод зөрчил хурцдаж, фракц хоорондын тэмцэл нь ширүүсч эхэллээ
АН-ын дотоод зөрчил хурцдаж, фракц хоорондын тэмцэл нь ширүүсч эхэллээ.
Тэр тусмаа УИХ, НИТХ-ын сонгуульд олонх болж ялалт байгуулсан ч ялалтдаа эрдсэн хүмүүсийн уухай өнөөдрийг хүртэл намжих төлөвгүй нь бололтой.
Нэг талаар намын дарга Н.Алтанхуяг нь Ерөнхий сайд болбол ингэж хийнэ, тэгж хэрэгжүүлнэ гэж хийгээгүй ажлаа тайлагнаж, Ерөнхий сайдын суудлыг өдрийн бодол шөнийн зүүд болтлоо мөрөөдөж явна.
Энэ зуур нам доторх шуудайд хийсэн үхрийн эвэр шиг бужигналдсан бүлэглэл фракцууд нь хагаралдаж, сайдын суудал дээр олигтой шийдэлд хүрч чадахгүй, бие биендээ алаагүй баавгайн арьсыг хэд хэд хуваагаад завгүй гүйлдэнэ. Ялангуяа сонгуульд унаад өвдөгнийхөө шороог гүвээгүй улстөрчид сайдын суудлыг үнэд хүргэхийн тулд амандаа орсон тоог намын даргадаа хэлж байгаа сурагтай.
Түүнчлэн өнгөрсөн сонгуулиар хамаг байдгаа гүвсэн улстөрчид тэрбум төгрөг давуулан үнэ хаялцуулж, сайдын суудалд санаархаж явна. Гэхдээ хоёр тэрбумын үнэд хүрсэн МАН-ын сайдуудын хувьд үдийн будаа төдийхөн зүйл гэдгийг улстөрийн хүрээнийхэн шивэр авир хийж сууна.
Гэвч дайны хажуугаар дажин гэгчээр АН доторх МҮДН угшилтай улстөрчид дотоод тэмцлээ ил гаргаж, Сангийн сайдын суудлыг авна хэмээн гөжүүдлээд эхэллээ.
Тэр тусмаа улаан туг гозолзуулан давхиж байгаа МҮДН-ын угшилтай УИХ-ын гишүүн Н.Батбаярын шахаасаар энэ суудлын төлөөх санаархал намын даргадаа бойкот үзүүлэхээс хэтэрсэнгүй.
Тийм болохоор л буруу тийш харж хэвтчихээд АН-ын дарга Н.Алтанхуягийг суудлаас нь буулгачих хэмжээнд намын их хурлыг зарлан хуралдуулна гэх зэргээр дүрмийн бус асуудлыг сөхөж тавихаар саарал ордноор тоос татуулан яваа гэнэ.
Харин АН-ын дарга Н.Алтанхуягийн хувьд МҮДН-ынханд Сангийн сайдын суудлыг өгч болох ч улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа үед данс нь улайсан яамыг мэргэжлийн бус хүнд даатгах нь улаан гараараа цог барихтай адил. Тиймээс л улс орны эдийн засгийг аврах хүн нь УИХ-ын гишүүн Фортуна Н.Батбаяр биш гэдгийг эрхбиш гадарлахтайгаа болсон тэрбээр Сангийн яамаа тийм ч амархан сул орхих хүн биш.
Мэдээж Сангийн сайдын суудалд сууж, гарын үсэг зурахыг хэд хэдэн удаагийн парламентад суухдаа мөрөөдсөн УИХ-ын гишүүн Фортуна Н.Батбаяр мөрөөдлөө биелүүлэхийн тулд Эвслийн гэрээг тарааж хаяхад бэлэн байгаа нь АН-д хамгийн том аюул болчихоод байна.
Тэгвэл нөгөө талаас дайрч буй МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн АН-ын дарга Н.Алтанхуягт амласан сайдын суудлаа өгөхгүй бол хамтрахгүй гэж мурих дээрээ тулчихаад байна. Товчхондоо хүссэн сайдынх нь суудлыг өгөхгүй бол эвсэхгүй гэж зүтгэх нь зүйн хэрэг. Сайдын суудалд анхнаасаа санаархсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн Н.Энхбаярыг Шадар сайд болгох, М.Энхсайханыг Сангийн сайд болгох хувилбараар Засгийн газарт хамтарч, эвсч болно гэдэг болзлоо хатуухан тавиад буй. Иймийн тулд эвсэхгүй ч байж болох юм гэдэг утгатай мэдэгдэл хийсэн нь АН-ыг ямар улстөрийн хүчинтэй дэр нэгтгэж байгааг илтгэж байна.
Харин нөгөө талд МАН хэмээх Монголын толгой хуульчдаар толгойлуулсан сөрөг хүчин нь УИХ-ыг аль болохоор гацааж, хуулийн цоорхойг сиймхийчлэн сууна. Тэдний зүгээс үүсээд байгаа гацааг арилгахын тулд УИХ-ыг хууль ёсоор байгуулахыг шаардаж буй. Тийм ч учраас УИХ-ын даргыг томилсон асуудлаа эргэж харах ёстой.
Өвөрхангайн 10 дугаар тойргийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх явцад оролцогч, хариуцагч талыг байлгахгүйгээр хуралдааныг буруу явуулсан. Цөөнхийг нугачин дарах аргаар асуудлыг шийдсэн. Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд “Эв зүйгээр асуудлыг шийдмээр байна. Хуулиас гадуур шаардлагыг тавиагүй” хэмээн өөрсдийгөө зөвтгөхөөс өөр тайлбарыг хийхгүй сууна.
Энэ мэтээр өнөөдрийн улстөрийн амьдралд өрнөөд буй үйл явдлыг ажиглахад төр түшилцэхээр сонгогдсон төрийн түшээд маань албан тушаал, эрх мэдлийн төлөө үхэлдэж, улс орны язгуур эрх ашиг гэдэг зүйлийг намаасаа доогуур тавьчихжээ гэхэд нэг их хол зөрөхгүй.
Эцсийн дүндээ ямар сонголт хийснээ ард түмэн бид эргэж нэг харахгүй бол энэ улстөрчид төрийн машиныг хэвийн ажиллуулахгүйд хүрэх нь байна шүү.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: