Оюутолгойгоос археологийн 400 гаруй олдвор олджээ
“Оюутолгой” төсөл хэрэгжиж, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа болон бүтцийн төсөл, зам, нисэх буудал, цахилгааны шугам барьж эхэлснээс хойш нийт археологийн 400 гаруй, палеонтологийн 80 орчим олдвор олджээ. Тухайлбал, саяхан “Оюутолгой” компанийн барьж байгаа эрчим хүчний шугамын дагуух газарт хийсэн малтлагаас хүрэл цутгамал толь олджээ. Түүнийг эрдэмтэд Зүрчидийн Алтан үеийнх гэж үзэж буй аж. Мөн гүний хоолойн орчимд хийсэн малтлагаас илэрсэн махан идэшт аварга биетний сарвууны хэсэг олджээ.
“Оюутолгой” компанийн Соёлын хамгаалах хэлтэс мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эдгээр олдворыг авран хамгаалах ажилд одоогийн байдлаар хоёр тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ хүрээнд уг компани газар шороо хөндөхтэй холбоотой ажил хийж байгаа бүх ажилтнаа археологи палеонтологийн сургалтад хамруулдаг аж. Түүнчлэн соёлын өвийг хамгаалах хөтөлбөрт археологи палеонтологийн олдвороос гадна соёлын биет бус өв, шагайн харваа, уртын дууг хамгаалах, хөгжүүлэх, залуу үедээ сургах зэрэг багтжээ.
“Оюутолгой” компани соёлын өв хамгаалах хөтөлбөрөө Палеонтологийн хүрээлэнтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Гүний хоолойн орчмоос эртний амьтны олдвор олдох өндөр магадлалтай гэж үзээд, томоохон малтлагын ажил эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж.
М.УЯНГА
URL: