Хуурамч дипломтонгууд төрд шургалсаар байна

Сүүлийн хоёр жилд төрийн албанд 80 орчим хуурамч дипломтой хүмүүс ажиллаж байгааг мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан тогтоосон байна. Үүнд хуучин Авто замын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ, СХД-ийн экс засаг дарга, Дундговь аймгийн Хулд сумын засаг дарга гэхчлэнгээр бүр ч хүсээгүй өндөр дээд суудалдаа морилсон нэгэн хүртэл байсан юм. Тэр ч бүү хэл, Авто замын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ төрийн албаа эргэн санаж энэ жил нийслэлийн иргэдийн хуралд хүч үзсэн билээ. Өнгөрсөн жилийн шалгалтаар 30 гаруй төрийн албан хаагч хуурамч дипломтой нь тогтоогдсон. Эдгээр хүмүүсийг эхнээс нь ажлаас халсан ч энэ жил дахин 50 төрийн албан хаагч хуурамч диплом бүрдүүлж төрд шургалсан нь тогтоогдлоо. Гэхдээ төрд хуурамч диплом бүрдүүлж орсон төрийн албан хаагчдын дийлэнх нь мэргэжилтнүүд байдаг гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдэв. Хуурамч диплом бүрдүүлж төрд шургалсан төрийн албан хаагчид төрийн суудалд суугаад ямар ажлыг хуурамчаар үйлдэж байгааг хэн ч тодорхойлж чадахгүй байна. Ямар ч байсан эдгээр хуурамч диплом бүрдүүлж төрд орсон албан хаагчдыг эхний ээлжинд ажлаас нь халах эрхтэй гэнэ. Өнгөрөгч оны сүүлээр төрийн албанд шургалсан хуурамч дипломтонгуудыг нэр устай нь зарлаж олон нийтэд таниулна гэсэн хэдий ч таг чиг болсон. Тэгвэл хуурамч дипломны бизнест төрийнхөн өөрсдөө хамааралтай байж болохыг хэлэх хүмүүс байгаа юм. Дипломыг хуурамч үгүйг нь тогтоолгохоор цагдаагийн газар болоод Авилгатай тэмцэх газрын шалгасан баримтаар нотолдог байна. Энэхүү тоо баримтаас харахад хуурамч диплом үйлдүүлж ажилд орсон албан хаагчдын тоо өнгөрсөн жилийнхээс өсчээ. Тэгэхээр энэ бизнес салбартаа “хөөрхөн” цэцэглэснийг харуулж буй юм. Нөгөө талаар чанаргүй дээд мэргэжилтнүүдийн тоо эрс нэмэгдэж байгаагийн тод жишээ ийнхүү илэрч байна гэлтэй. Энэ жилийн төгсөлтөөс диплом авсан оюутнуудын дунд шалгалт хийвэл магадгүй дахиад үүнээс олон хуурамч дипломтой төрийн албан хаагч илрэхгүй гэсэн баталгаа алга. Хамгийн гол нь тэд төрийн албанд яагаад ингэж дурлаж байна вэ гэдэг нь мөн асуулт юм. Мэдээж хариулт нь санхүүтэй холбоотой гэдгийг хэлэх хүмүүс ч бий. Хараа хяналтгүй явагдаж байгаа хуурамч дипломны бизнесийг нам дарахгүй бол одоогийн Их хуралд ч ийм нөхдүүд суугаа гэдэгт эргэлзэх аргагүй юм. Ийм хэргээс болж 2008 оны сонгуульд нэр дэвших эрхээ хасуулахын даваан дээр байсан эрхэм ч бий. Нэрийг нь хэлж нүүрийг нь улалзуулахыг хүсэхгүй байгаа ч түүний хуурамч дипломтойг олон талаар нотлосон баримт тухайн үедээ олдож байсан юм. Энэ жилийн хувьд л гэхэд “Харцага” кино урлагийн дээд сургуулийн 2010 оны төгсөлтийн дипломыг 2.5 сая төгрөгөөр зарах тухай зар явж байсан. Ийм төрлийн мессеж зарлалууд телевизүүдийн чатаар багагүй явж байгааг хууль хяналтынхан анхааралдаа авах нь зүйн хэрэг биз ээ. Магадгүй сургууль нь ч үүнийг өөрсдөө наймаалдаг байж болох. Оригинал гэх хаягтай диплом ийм ханшаар гарч байгаа бол Худалдаа хөгжлийн банкны ард байрлах бичиг хэргийн төв дээр ямар ч мэдээллийн санд ороогүй гар хийцийн диплом ч зарагдаж байна. Үнэт цаасан дээр хэвлэгдсэн хэрнээ мэргэжлийн хяналт, Боловсролын яамны мэдээллийн санд байршаагүй ийм дипломуудыг ажилд орохыг хүссэн хүмүүс 400 мянган төгрөгөөр худалдан авч болдог ажээ. Энэ мэт төрийн алба гэлтгүй хувийн хэвшилд ч хуурамч дипломны хэрэг мандсаар байгаа. Харин чимээгүй өрнөж байгаа энэ хэрэг нэг талаасаа ажилд орохыг хүссэн хүн бүрт дээд мэргэжилтэй байх шаардлага тавьдгаас болдог ч байж болох юм. Уг дипломноос илүүтэйгээр толгойд байгаа мэдлэг, ажлын ур чадвар хоёр илүү байлтай. Иймд дипломны эрэлт хэрэгцээг ийнхүү өсгөх болсон шалтгаануудын нэг болсон ажлын байрны шаардлагыг мөн эргэж харж үзэж ч болох юм. Дээд мэргэжилтэй цэвэрлэгч, дэлгүүрийн худалдагч, ресепшн байх шаардлага хаана байна? Мэдээж төрийн албанд бол энэ шаардлагыг өндрөөр тавих нь зүйн хэрэг. Магадгүй дээд сургуулийн тоо дэндүү олон байгаагаас гээд хуурамч дипломын тойрсон салбарт олон хүчин зүйл нөлөөлж байгаа биз ээ. www.niigem.mn


URL:

Сэтгэгдэл бичих