“S” авна
Хөлсөө дуслуулан, чадвар оюунаа дайчлан олсон мөнгө амттай гэдэг. Гэхдээ өөр аргаар хөлсөө дуслуулан мөнгө олох сонирхол зарим залуусын дунд бий болжээ. Эдгээр залуусын өөрсдийгөө үнэлдэг газар нь интернэт зарын орон зай. Телевизийн чатуудаар ил цагаан өөрийгөө үнэлэх зар явж байгаад нь хууль хяналтын байгууллага арга хэмжээ авсны эцэст тэр орон зай нь үгүй болсон. Харин шахагдсан тэд буйраа сэлгэсэн нь zar.mn, sainzar.mn гэх мэт зар сурталчилгааны сайтууд болж.
Энд хэн хүссэн нь ямар ч хяналтгүйгээр зар оруулах боломжтой бөгөөд биеэ үнэлэгчдийн болоод худалдан авагчдийн өөрийн гэсэн хэллэг, утга агуулгыг бий болгосон аж. Тухайлбал, “Хөөрхөн аниа нараас S авна” “Дажгүй бүсгүйд хажуу өрөө хөлсөлнө” “Эрэгтэй массажист цагийн ажил хайж байна” “Яг одоо 18-30 насны бүсгүйд туслалцаа үзүүлнэ” “Санхүү авий, яг одоо” гэх зэргээр үргэлжлэнэ. Санхүүгийн тусламж авна гэдгээ S хэмээн товчлох бөгөөд энэ нь зарим сайтуудын хууль бус үг хэллэгийн автомат хязгаарлалтаас зугтаж буй арга нь аж.
“S awna” гэх утгаар хайлт хийхэд ганцхан Sainzar.mn хаягнаас л гэхэд 15 ийм утгатай зар гарч ирэх жишээтэй. Ийн оруулсан зарыг нь арван жилийн хүүхдүүдээс эхлээд УИХ-ын гишүүд хүртэл интернэтэд холбогдсон газраас сонирхох боломжтой. Ийм том зах зээлд өөрсдийгөө сурталчлах боломж бий болсон тул Улаанбаатарын үүдэнд зогсдог янхнуудын зуучлагчид ч интернэт кафегаас ажлаа явуулдаг болсон гэнэ.
Гол нь нууцлагдмал, хууль бус энэхүү үйлдэл нь хяналтгүй, хууль бус үйлдлийг араасаа дагуулсаар байгаад асуудал байна. Өсвөр насныханд хязгаарлалтгүйгээр хүрч буй мессежний сөрөг нөлөөнөөс эхлээд бэлгийн замын халдварт өвчин гээд олон сүүдэр эдгээрийн ард нуугдсаар. Ийм үйлдэл хийж яваад баригдсан нэгэн охин “мөнгө ч авч чадалгүй бусдад хүчиндүүлэх тохиолдол олон. Гэхдээ өөрөө хууль бус зүйл хийж байгаа юм чинь хуулийнханд хандаж болдоггүй” хэмээн мэдүүлсэн байдгаас нь харсан ч амь нас, эрүүл мэндээ хэдхэн төгрөгнөөс болж алдаж болзошгүйг харуулж буй юм.
Өнгөрсөн хугацаанд биеээ үнэлэгчидтэй тэмцэж байсныг л мэдэх юм байна. Гэвч үр дүн тийм ч сайн байсангүй. Одоо аргаа өөрчлөөд биеээ худалдаж байгаагаас нь илүү худалдаж авч байгаа хүмүүстэй нь тэмцэж болохгүй гэж үү. Лангуун дээр байгаа барааг хэн ч тоож авахгүй бол аажмаар тухайн бараа шахагддаг гэдэг. Үүнийг эдийн засгийн хэлээр эрэлт үгүй бол нийлүүлэлт багасна гэж томъёолдог.
Хэрэв нэг нь биеээ худалдаж нөгөө нь худалдан авч буй энэ харилцааг эдийн засгийн нүдээр харвал дээрх томъёо мөн адил үйлчлэх учиртай. Авлига өгснөөс нь авч байгааг нь илүү хүнд шийтгэх хариуцлага үр дүнтэй гэдэг. Үүн шиг биеэ үнэлэлттэй тэмцэх гээд байгаа юм бол худалдаж авч байгаатай нь ширүүхэн үзэж яагаад болохгүй гэж. Хэн ч S өгөхөө больчихвол өнөө залуус өөр мөнгө олох арга сэдэж л таарна.
/Дээрх цахим хуудсын нэрийг шууд дурдсан шалтгаан нь цагдаагийн байгууллагын мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу хянан ажилладаг бүтцэд зориулсан болно/
Б.МАНД
URL: