Намын дарга “ЧИНГИС”-ийг, БОРООГ, ТАВАНТОЛГОЙГ яаж авснаа ил тод мэдэгдэх ёстой

О.Чулуунбат УИХ-ын гишүүн

- Монголын эдийн засгийн форум болж өнгөрлөө. Хөгжлийн гарч хайсан энэ чуулганы үр дүнг та юу гэж дүгнэж байна вэ?

- Эдийн засаг, нийгмийн амьдралд чухал үйл явдал болох форум болсон л доо. Харамсалтай нь, би гадаадад явж байгаад оролцож чадсангүй. Уг нь санал солилцох асуудлууд байсан юм. Гэхдээ эдийн засгийн форумд Монголын болон гадаадын олон эрдэмтэн ухаанаа уралдуулж, санал бодлоо солилцсон гэж ойлгож байна. Миний ойлгосноор форумд оролцсон хүмүүс Монголын эдийн засаг хурдацтай хөгжиж байгааг, далайц нь ихэсч байгааг голчлон ярьсан байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, зах зээлийн тэлэлт гэдгийг бүгд дурдсан байна лээ. Ганцхан дурдаагүй,  хөндөөгүй зүйл нь нэмэгдэж байгаа энэ баялгийг хэрхэн шударгаар, тэгшээр, ил тодоор ард түмэн, олон нийтэд хуваарилж байгаа талаар нэг их санал солилцсонгүй. Хуваарилалтын хамгийн гол механизм манайд бол төсөв. Гэтэл төсөв маань шударгаар бөгөөд бүгдэд хүртээлтэй  хуваарилалтыг хийж чадахгүй байна. Тийм учраас төвийн өөрчлөлт хийе.

- Ямар өөрчлөлт?

- Төсөв дээр хэдхэн том даргад ашигтай хуваарилалт явж байна. Баахан тендерээр далимдуулаад төвийн бөгөөд орон нутгийн дарга нар мөнгө халаасалдаг хуваарилалтын схем өнөөдрийг хүртэл явж ирлээ. Нийгэмд үүнээс нь болж их бухимдал бий боллоо. Хоёрдугаарт, манай хөгжлийн өсөлтийн хамгийн гол эх үүсвэр нь уул уурхай. Бас л уул уурхайн энэ өсөлт олон нийтэд хүртээл болж очиж чадахгүй байна. Хэдхэн гэр бүл, цөөн тооны компани л мөнгөжөөд байдаг.

Түүнээс нь болоод нийгэмд бухимдал, тогтвортой бус байдал үүсч мэдэхээр болжээ. Сая болдог эдийн засгийн форум дээр энэ том баялгийг яаж ил тодоор, тэгшээр хуваарилах вэ, өсөн нэмэгдэж байгаа төсвийг бас ил тодоор хэрхэн хуваарилах талаар анхаарал хандуулж чадсангүй. Энэ л харамсалтай байна. Дараа дараагийн форум, иргэний нийгэм, төрийн байгууллагын дунд яригдах ёстой, маргалдах ёстой, шийдэл олох ёстой чухал сэдэв бол энэ.

- УИХ-аар Төсвийн шинэ хуулийн төслийг хэлэлцээд эхэлчихсэн. Энэ хууль батлагдвал тэгш хуваарилалтын зарчим бодитоор хэрэгжих үү?

- Би анхны төслийг нь харсан. Нэг их зарчмын дэвшил гарахааргүй юм билээ.Тиймээс би санал дэвшүүлье гэсэн бодолтой байгаа. Эдийн засагчид, Засгийн газрын төсөвт оролцож байгаа бүтцүүд. УИХ-ын гишүүд яаж хүлээж авах юм мэдэхгүй. Санал солилцох бодолтой байгаа.

- Уул уурхайн баялгийг хэдхэн гэр бүл, цөөхөн компани л хүртэж байгаа гэж та хэллээ. Тавантолгойг ашиглахаар ярилцаж буй энэ үед танд ямар санал байна вэ, Сая жишээ нь зөвлөгөө авах банкуудаа сонгосон нь эхнээсээ хэл ам дагуулаад эхэллээ?

-Сонголт яаж явсныг би сайн мэдэхгүй байна. Засгийн газар дотроо л шийдсэн асуудал шүү дээ. Уг нь ил тодоор, нээлттэй явах ёстой юм. Сонгогдсон банкууд яахын аргагүй нэр хүндтэй. Ийм том банкуудын цаана сайн нь ч, муу нь ч байдаг байх. Миний хэлэх зүйл бол, Оюутолгойн гэрээг саяхан Засгийн газар байгуулаад нийгмийн нэлээд том бухимдлыг бий болгочихоод байна. Өнөөдөр иргэний хөдөлгөөнийхөн, парламентын гадна байгаа намууд, олон нийтийн байгууллагууд бүгдэрээ Засгийн газрын буруу  шийдвэр гаргасан гэсэн ойлголттой болоод байна. Ийм хэцүү үед Тавантолгойг Засгийн газар  дангаараа шийдэх нь их эвгүй үр дагаварт хүргэчих вий гэсэн эмзэглэл надад төрөөд байна. Энэ бухимдсан хүмүүс Тавантолгойг Засгийн газар дахиад бухимдалтай, ил тод биш байдлаар шийдвэл иргэний дайнд ч хүрэхээр байдалтай өнгө аяс хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээс сонсогдоод байна.

Ийм хурцадмал байдалд оруулахгүйн тулд УИХ санаачилгыг аваад, ажлын хэсэг байгуулж ажиллавал үр дүнтэй. Эндээ олон нийтийн төлөөллийг оруулаад хамтарсан хувилбар гаргахгүй бол Засгийн газар ганцаараа Тавантолгойг шийдэх боломжгүй болж байна. Гудамжинд босохоор байдалд орчихлоо шүү дээ. Хүмүүс яагаад Засгийн газрыг буруу гээд байгааг,  яагаад эрх барьж байгаа түшээд буруу байдлаар шийдээд байна гэдгээр олон нийтээс саналыг нь үг бүрчлэн сонсох хэрэгтэй. Боломжтой бол аваад болохгүйг нь ил тодоор харуулъя. Тэдэнтэй санал солилцохгүй, хаалганы цаана шийдээд байхаар зөв ч байсан буруу гэж ойлгоод байна шүү дээ.

- Нийгмийн хурцадмал байдлаас гадна танай намд ч бас хуваагдал үүсээд байгааг та хэрхэн хүлээн авч байна вэ?

-Сонгууль болоход богино хугацаа үлдсэн энэ үед манай намд ийм байдал үүссэн нь харамсалтай. Үүнд намын дарга ямар дүгнэлт хийж байгаа юм бол доо. Хэвлэл уншаад байхад намын даргад маш их цохилт очиж байна. Саяхан Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албан дарга байсан Мягмар МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдыг “Чингис” зочид буудлыг хувьчилж авахдаа мөнгө төлөөгүй гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, олон нийтээс энэ бүхнийг нуусан гэж мэдэгдлээ.

Тун саяхан Авирмэд гуай дугуй ширээний ярилцлагад орж байхдаа телевизээр Ерөнхий сайдыг шууд л хулгайч, луйварчин гэж цоллосон. Төсвийн хөрөнгөөр геологи хайгуулын ажил нь хийгдсэн Тавантолгой, Бороогийн ордын лицензийг авч, төсөвт ямар ч мөнгө төлөөгүй гэсэн мэдэгдэл хийсэн шүү дээ. Намын гишүүд, ялангуяа УИХ-д сууж байгаа МАН-ын бүлгийнхэн үүнд сэтгэл зовж байгааг хэлье. Удахгүй сонгууль болох гэж байхад намын дарга үүнд хариулт өгөх ёстой. С.Батболд дарга энэ бүгдэд ил тодоор, нээлттэйгээр тоо баримттайгаар хариулж, хэдээр авсан, хэдийг төлснөө ил тодоор хэлээч. Яагаад гэвэл, энэ бол ганц С.Батболдын асуудал биш. Намын асуудал. Маш их түүхтэй,  гавъяатай, энэ намын хамгийн чухал үед нь чимээгүй суугаад байж болохгүй. Бодит байдлыг намын хамт олонд, Монголын ард түмэнд хэлэх ёстой.

- МАН хоёр хуваагдаж байгаа талаар. . .?

-Үл мэдэгдэх, үл ойлголцох, үл харагдах байдлаас болж нам хоёр хуваагдлаа. Нийгэм ч хоёр хуваагдах байдалтай байна. Нийгмийн энэ бухимдал эвгүй үр дагаварт хүргэж болно. Улсын баялаг, төсвийн орлогоо буруу хуваарилснаас болоод баян орнуудад хүртэл иргэний дайн гараад эхэллээ. Ливи байна. Маш баян орон. Хэдхэн гэр бүл хамаг баялгийг нь идсэнээс болж дайн болж байна. Бахрейн бол дэлхийн хамгийн баян орнуудын нэг Өнөөдөр гудамжаар нь дүүрэн бослого гарч иргэний дайны ирмэгт ирээд байна. Ийм зүйл манайд гарахгүй гэх баталгаа алга. Цөөхөн хэдэн хүн л баяжаад байна шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих