Эрхэм гишүүд ээ, хот сүйрлээ

УИХ явдаггүй ээ, таг гацаж дороо хий эргэсээр долдугаар сарыг ардаа хийлээ. Ээлжит сонгуулиар шинэ парламент бүрдэж, 69 гишүүн долдугаар сарын 6-ны өдөр тангаргаа өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш цаг хугацаа эргэсээр намрын эхэн, наймдугаар сар гараад ирлээ. Гэвч энэ хугацаанд УИХ дахь АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН, бие даагч гишүүдийн бүрэлдэхүүнтэй олонх УИХ-ын даргаар З.Энхболдыг сонгосноос өөр ажил хийж гавьсангүй. Төрийн байгуулалтын байнгын хороог 18 гишүүнтэй бүрдүүлсэн ч даргаа сонгож чадалгүй өдийг хүрлээ. Чуулганд орох бололцоо бүхий олонхийг бүрдүүлэгч дөрвөн субъектын 44 гишүүн үсрээд л дөрвөн байнгын хороо бүрдүүлэх чадвартай тул МАН-гүйгээр Засаг байгуулах тухай бодоод ч нэмэргүй нь.

Парламентын ажил мухардалд орсноос УИХ-ын дэд дарга нарыг сонгох,  байнгын хороодыг байгуулах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг батлах ажил явсангүй. Ерөнхий сайдаа томилж, шинэ Засгийн газрыг үүрэгт ажилд нь оруулах зэрэг дараа дараагийн ажил ч нийслэлийн зам дээр түгжирсэн машин шиг шил шилээ харан таг зогсов.

УИХ-ын даргыг сонгох асуудлаар зөвшилцөөгүй гэдгээр шалтагласан МАН намын бага хурлаараа бамбай хийж, УИХ-ын анхдугаар чуулганд орохгүй хэмээн гэдийж, улмаар олонхийн сонгосон УИХ-ын даргыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Үүний цаад талд Өвөрхангайн хоёр гишүүнийг УИХ-д оруулж ирэх санаа тэдэнд бий. Түүнээс гадна Архангай, Хэнтий, Өвөрхангай, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сонгуулийн саналын дүнг гараар тоолох санал тавиад буй. Боломж олдвол УИХ дахь суудлынхаа тоог ганц хоёроор ахиулж барьцаа лавшруулах гээд л байгаа нь тэр. Харин АН-ын хувьд олонхийн хийсэн ажил бүхэн хууль ёсных тул МАН-ын аливаа зөвшилцөх саналыг хүлээж авахгүй гээд сөрөг хүчин байсан үеийнх шигээ гэдийчихсэн.

Энэ бүхнээс нэг л зүйл анзаарагдаад байна. АН олон суудалтай болсон ч цөөнхийн зангаа гээсэнгүй, зөвшилцөх, буулт хийхийг сурсангүй. МАН цөөнх болсон ч олонхийн азаргалж сурсан омгоо дарсангүй, бойкотлоод хэвтчихсэн. Ингээд цөөнхийн гэдэн, олонхийн зөрүүд араншингийн дундуур хот орон, ард иргэдийн амьдрал ахуй унаж хохирогчид нь сонгогчид болж байна.

Уг нь өнгөрсөн хавар УИХ дахь МАН-ын бүлгээс цөөнхийн бүлгийн хугацаагүй завсарлага авдаг тогтолцоог халж цаг хязгаартай болгох хуулийн төслийг батлуулах гэсэн ч АН-ын бүлгийнхэн ороолж цааргалсаар батлуулалгүй чуулган завсарлуулсан. АН өөрсдийгөө байнга цөөнх байх юм гэж санаагүй л байлтай. Одоо түүнийхээ горыг олонх амсч эхлэв.

Олонхийн сэтгэлгээтэй цөөнх, цөөнхийн сэтгэлгээтэй олонхийн дунд парламент гарц олж чадахгүй, Ерөнхий сайдаа томилж засгаа байгуулж амжихгүй суутал намар наашилж, өвөл дөтөлж тариа ногоо хураах, хадлан тэжээл, мал мах, хоол хүнс бэлтгэх ажил хаяанд туллаа.

Наад зах нь Ерөнхий сайдаа томилоогүй болохоор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг Засгийн газрын тэргүүнтэй зөвшилцөн томилох ажил саатав. Сургууль, цэцэрлэгийн засвар, зам талбайн шинэчлэлт гээд намраас өрсч хийх өчнөөн ажил Улаанбаатар хотыг даргатай болохыг хүлээж буй.

Нийслэлийг амалж аваад ялж гарсан Э.Бат-Үүл баатрын багийнхан өдөр болгон шахам хуралдаж хотын амьдралыг ярьж байгаа юм байна. Хориод жилийн дотор нийслэлд анх удаа АН ялсан болохоор тэдэнд хийх ажил мундахгүй их бий. Иргэдэд олгох газар, гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгох, дэд бүтцэд холбох гээд хар зургийг нь гаргасан асар том төлөвлөгөө байгаа. Гэвч Засгийн газар бүрдэж Ерөнхий сайд томилогдоогүй болохоор даргагүй нийслэлийг яаж ч хөдөлгөх аргагүй. Намрын сэрүү унасан хойно хэчнээн ч хөрөнгө мөнгө төлөвлөөд эвдэрсэн зам нөхөөс авахгүй хуураад ойчино. Дулаан, цахилгаанаа одооноос янзлахгүй бол нийслэл хот өвлийн хүйтэнд хөлдөөж зутарч мэднэ. Хавар, зуны хэдэн сардаа мартдаг утаа униарын асуудал хоёрхон сарын дараа босоод ирнэ. Гэр хорооллын хэдэн айлаас агаар бохирдуулсны татвар аваад энэ асуудал цэгцрэхгүй. Осгож үхэлтэй нь биш, нүүрсээ түлж утаагаа баагиулж л таарна. Намар болохоос урьтаж утаа униараа багасгах арга бодохгүй бол ирэх өвлийг дахиад л нийслэл даяараа хар утаандаа хахаж өнгөрөөнө. Ерөнхий сайдтай болохыг хүлээж чадалгүй нийслэлийн ажил амьдрал сүйрэхэд ойрхон боллоо.

Шинэ Засгийн газрын төсөв хөрөнгийг шинэчилж батлах, үгүй ядахад хоёр том намын өмнөх сонгуулиар амлаад дутуу үлдээчихсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үлдсэн 340 мянган төгрөгийг гүйцээж олгох гээд том бага олон асуудал энэ УИХ-ын өмнө байгааг эрхэм гишүүд эрх биш санаж л байгаа байх. Нөгөө Оюутолгой, Тавантолгой ч яалаа.

Цөөнхийн сэтгэлгээтэй олонх засгаа барих шиг барьж, сөрөг хүчин болсон МАН суудлаа ахиулж эрх дарх эдлэх шуналаа дарахгүй бол төр нь гацсан Монгол Улс  дэлхийн хөгжлийн их хурдыг гүйцэлгүй бахардах шинж бүрдлээ. Үгүй ядахад хот сүйрлээ шүү, эрхэм гишүүд ээ.

 Д.ОЮУНЦЭЦЭГ





news.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих