Н.Энхбаярыг шүүх хурал маргааш өглөө 09.30 цагт үргэлжилнэ
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.30 цагийн орчимд эхэлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал завсарлаж, маргааш 09.30 цагт үргэлжлүүлэх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Таван өөр хэрэгт буруутгагдаад буй Н.Энхбаяр нарыг шүүх хурлын үеэр өнөөдөр шүүгдэгчдээс мэдүүлэг авч дууссан байна. Одоо өмгөөлөгчдийн зүгээс шинжээчдээс асууж тодруулах зүйл үлдсэн бөгөөд хуулийн хүрээнд шүүх хурлыг 22.00 цаг хүртэл үргэлжлүүлэх ёстой байдаг, тиймээс өнөөдөр хуулийн хугацаанд амжихгүй тул маргааш үргэлжлүүлэх хүсэлтийг Н.Энхбаярын өмгөөлөгч, Гавьяат хуульч С.Нарангэрэл болон шүүгдэгч До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнд гаргасан тул ийнхүү маргааш үргэлжлүүлэхээр болжээ.
Шүүх хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар, харин өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Л.Өлзийхүү, Ц.Цэрэнжээ, К.Бауржан, С.Нарангэрэл нар оролцлоо.
НЭМЭЛТ
Н.Энхбаярыг ямар хэрэгт буруутган шүүж байна вэ?
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 50 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэгт зааснаар буруутган, шүүж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 150.3-т “Бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн бол 263.2-т Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Түүнийг АТГ болон УМБГ-ын байцаагчид доорхи хэргүүдэд буруутган шалгаж, харьяалал тогтоолгосон байна. Үүнд:
- 2007 оны наймдугаар сард “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт хөрөнгө оруулалт хийлгэж хамтарсан компани байгуулах асуудлыг НИТХ-аар хэлэлцсэн. Улмаар тухайн үеийн Засаг даргад хөрөнгө оруулах аж ахуйн нэгжүүдийг төсөл сонгон шалгаруулах журмаар “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг хамтарсан үйлдвэр болгох чиглэл өгсөн байдаг. Гэтэл тухайн үеийн нийслэлийн Засаг дарга НИТХ-аас өгсөн чиглэлийг зөрчиж, нэг сая төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэй байгуулагдаад 10-хан хонож байсан “Хар дун” хэмээх компанид тухайн үеийн 605 сая төгрөгийн үнэлгээтэй байсан “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшүүлэхээр шийджээ. Энэ шийдвэрийн улмаас тухайн объектийг 137 сая төгрөгөөр үнэгүйдүүлсэн асуудлыг шалгаж байна. “Хар дун” компанийн захирал нь Б.Хуяг гэгч. Тэрбээр Н.Энхбаярын шадар туслах Б.Тулгын төрсөн ах нь юм. “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшсэний дараа 2007 оны аравдугаар сарын 5-нд ” Ремиф ” компанийн захирал Энхбаярын хүү Батшугар тушаал гаргаж ” Ремиф”-ийг охин компани болгох шийдвэр гаргаж захирлаар нь Б.Хуягийг томилжээ.
- “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудал. Тус сониныг менежментийн хувьчлалаар хувьчилжээ. Хувьчилж авсан баг нь үүргээ гүйцэтгээгүй. Их хэмжээний өр төлбөртэй байхад Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 75 тоот тогтоол гарч, “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг менежментийн багт дахин үнэлгээ хийхгүйгээр гэрээнд заасан 369.7 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан аж. Уг объект тухайн үед 2.1 тэрбум төгрөгийн үнэтэй байж. Гэтэл дахин үнэлгээ хийлгэлгүй маш бага үнээр худалджээ. Мөн уг объект маш их өртэй байхад буюу менежментийн баг үүргээ гүйцэтгээгүй байхад нь бусдад худалдсан гэнэ. Д.Чулуунбаатар ахлагчтай баг “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг худалдаж авсан. Ингээд анхны үнэлсэн 369.7 сая төгрөг тухайн үеийн үнэлгээ 2.1 тэрбум төгрөгийг харьцуулахад 1.7 тэрбум төгрөгөөр объектуудыг үнэгүйдүүлсэн байна. “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг хувьчлахдаа Н.Энхтуяа буюу Н.Энхбаярын төрсөн дүүгийн “NT” холдинг гэдэг компаниас 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр аваад өөрсдөө 49 хувийг нь эзэмшихээр болсон байдаг. Энэ байдлаар нийслэлийн өмчийг завшсан аж. “NT” холдинг компани нь 2010 онд Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Сгор” компанид шилжжээ.
- Н.Энхбаяр УИХ дахь намын цөөнхийн бүлгийн ахлагчаар ажиллаж байхдаа 2000 оны хоёрдугаар сард Япон улсын Киото хотод төвтэй Буддын шашны байгууллагын зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон байна. Энэ үеэр Японы талаас Монгол Улсад бурхны шашныг сурталчлах зорилгоор 11 төрлийн 43 ширхэг нийт 113 мянган ам.долларын үнэлгээтэй телевизийн тоног төхөөрөмж бэлэглэжээ. Тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр Гандантэгчинлэн хийдэд хүлээлгэж өгөлгүйгээр өөртөө завшиж, улмаар ТВ-9 телевизийг үүсгэн байгуулсан.
- “Хэнланд”, “Грийн глобал интернэшнл” гэдэг компаниуд БНХАУ-ын засаг захиргааны тусгай муж Хонконгод бүртгэлтэй. Эдгээр компанийн захирал нь Мягмаржаргал гэдэг хүн байдаг. Энэ хүн тодорхой ашиг сонирхлоор Н.Энхбаяртай холбоотой гэдэг нь тогтоогддог аж. Мягмаржаргал “Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээг удаа дараа байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй байхад дахин ган бөмбөлөг болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан хэмээн тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад өгсөн байдаг. Ийн гурван сая 356 мянга 369 ам.долларыг Мягмаржаргал завшжээ.
- Н.Энхбаяр Баянзүрх дүүргийн долдугаар хороо, Энхтайваны гудамжны 104 тоотыг 630 мянган ам.доллараар худалдан авсан зэрэг нийт долоон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргийг Авлигатай тэмцэх газар болон УМБГ-ын мөрдөн байцаагч нар хамтран шалгах харьяалал тогтоосон ажээ.
URL: