Төсөв нэмснээр ”Үдийн цай”-ны өгөөж нэмэгдэх үү

Ерөнхий боловсролын сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сурагчдад “Үдийн цай” өгч эхлээд зургаан жилийг ардаа орхих гэж байна. Энэ хооронд “Үдийн цай” хөтөлбөртэй холбогдсон сайн муу, сайхан муухай яриа нэлээд сонсогдсон. Эн тэргүүнд хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгддөг ч үүнд анхаарч байгаа зүйл төдийлөн харагдахгүй байна.

Сарын дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр хүүхдийн эрүүл мэндийг хохироож, ил далд бизнесээ цэцэглүүлдэг дүр, зураг дахиад л давтагдана. Ялангуяа, хөдөө орон нутагт мухлагтай нь мухлагийнхаа жигнэмэг, таргийг бяцхан хүүхдүүдэд “Үдийн цай” нэрийн дор өгчихөөд төсвөөс орж ирсэн хэдэн төгрөгийг нь хүүдийлж суудаг аж. Тухайлбал, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Зүүнбаян, Даланжаргалан сумдын сургуулиуд “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд жигнэмэг, Говь-Алтай аймгийн III сургуульд өндөг өгч байсан нь мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар илэрсэн байна.

Ийм чанаргүй, хүүхдийн биед өгөөжгүй аар саархан зүйлийг “Үдийн цай”-нд өгч, аргалдаг албаны хүмүүс хөдөө орон нутагт тендер зарлах боломжгүйтэй холбон тайлбарлах аж. Учир нь “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журамд хөдөө орон нутагт тендер зарлах боломжгүй учраас тухайн сургууль орон нутгийнхаа цайны газар, нарийн боовны цех зэрэгтэй Мэргэжлийн хяналтын газрын зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулж ажиллахаар тусгажээ.

Ийм байхад жижиг бизнест ашигтай байлгүй яахав. Орон нутагт мэргэжлийн хяналтынхныг танил талаараа аятайхан аргалж байгаад зөвшөөрөл авчихдаг аж. Харин үүнийг яаж таслан зогсоож, “Үдийн цай” хөтөлбөрийг бизнес биш жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх вэ. Энд төрөөс хийх зохицуулалт үгүйлэгдэж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ боловсрол мэдлэгтэй, улс эх орондоо хэрэгтэй хүн болгох гэж сургуульд сургадгаас биш хэн нэгний бизнесийг дэмжиж, эрүүл мэндийг нь хохироох гэж сургуульд явуулдаггүй нь ойлгомжтой.

“Үдийн цай” хөтөлбөрийг тойрсон асуудал үүгээр дуусахгүй. Өнгөрөгч хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 12-ны хооронд нийт 306 сургуулийг хамруулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хангамжид хийсэн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар ерөнхий боловсролын сургуулиуд хөдөө, хотгүй бүдэрчээ. Уг шалгалтад хамрагдсан сургуулиудын 48.2 хувь нь “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг сурагчдын жин, өндрийг хэмжиж, үнэлгээ дүгнэлт өгч, үр дүнг нь тооцдоггүй, 39.4 хувьд нь “Үдийн цай”-ны бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахгүй байсан байна.

Түүнчлэн 50 хувь нь дээжийн хөргөгчгүй, “Үдийн цай”-ны орцонд хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнс оруулсан аж. Хяналт шалгалтын явцад хийсэн лабораторийн шинжилгээгээр хүнсний хөгц мөөгөнцөрийн бохирдол ч илэрсэн байна. Түүнчлэн сургуулийн цайны газрын тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, халдваргүйтлийн чанарыг шалгах зорилгоор авсан эрүүл зүй, нян судлалын 1698 арчдасны 376 буюу 22.1 хувь, унд ахуйн хэрэгцээний уснаас авсан 75 дээжийн зургаа буюу 8.0 хувь нь нянгийн бохирдолтой гэх зэрэг нийт 284 зөрчил илрүүлсэн байна. Гэтэл зөрчил дутагдалтай сургуулиуд гаргасан алдаагаа төсөв мөнгөний хүрэлцээтэй холбон тайлбарладаг аж.

Энэ талаар БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтнээс тодруулахад ““Үдийн цай” хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхлэхдээ улсаас нэг хүүхдэд өдөрт 300 төгрөг байхаар тооцож төсөвлөсөн. Дараа нь 400 төгрөг болгосон. Одоогоор төсөв мөнгийг нь нэмэгдүүлэх тогтоолын төсөл боловсруулж байна. Аймгуудыг саналаа ирүүлэхийг хүлээж байна. Удахгүй Засгийн газраар хэлэлцэж дэмжвэл 2013 оноос “Үдийн цай” хөтөлбөрт зарцуулагдах төсөв нэмэгдэнэ” гэв.

Гэхдээ төсөв нэмэгдээд ч “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сургуулийн удирдлага, хариуцдаг эздээс сэтгэл гарахгүй бол үр дүн харагдахгүй нь тодорхой юм. Миний, таны, бидний хүүхдийн ходоодонд хоол орж байна уу, хор иддэг үү гэдгийг эцэг, эхчүүд ч хянах цаг иржээ.

Ц.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих