МАН-ын ирээдүй

Энэ янзаараа гэдийх юм бол МАН-ын ирээдүй бүрхэг харагдаж байна. Улс төр гэдэг тайзны жүжигт үргэлж л эрх баригч гэдэг ганц гол дүрд тоглох ёстой гэдэгтээ тэд бүр итгэчихсэн нь асуудлын гол болж буй юм. Уг нь улстөрч буюу “жүжигчин” хүнд гол, туслах гээд олон дүр ногдох ёстой.

Өнгөрсөн он жилүүдэд (1996-2000 оныг эс тооцвол) МАН үргэлж гол дүрд тоглож ирсэн нь үнэн. Харин энэ удаа ард түмэн хэмээх найруулагч тэдэнд туслах дүр оноосон. Гэтэл найруулагчийнхаа үгнээс зөрж, гол дүрийн жүжигчинтэй тайз булаацалдаад байдаг нь тоогүй.

ШИНЭ УДИРДЛАГАД ТАВЬСАН ХУУЧИН НАЙДВАР

УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ялагдсаны алдаа, оноог МАН-ынхан Бага хурлаараа шүүсэн. Гэхдээ шүүлтүүрийн нүх хэтэрхий том байсан юм даг уу даа. Шинэчлэл гэхээр юм бараг хийсэнгүй. МАН-ын гишүүд С.Батболдыг Ө.Энхтүвшингээр, У.Хүрэлсүхийг Г.Занданшатараар сольсон ч бодлого, үйл ажиллагаагаа шинэчлээгүй байна. Тус намын Удирдах зөвлөл хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо гэж мэдэгдсэн. Үүнийгээ “улс төрийн өндөр соёл” гэж нэрлэв. Уг нь МАН-ын хувьд бол Удирдах зөвлөл огцорч, сонгуульд ялагдсаныхаа хариуцлагыг хүлээж буй нь соёл мөн. Гэвч шинээр сонгохдоо Удирдах зөвлөлийн нэлээд хэдэн гишүүнийг улираасан. Тэгэхээр бүрэн шинэчилсэн гэхэд хэцүү. Анхдугаар чуулганы үйл ажиллагааг гацаан байж гурван өдөр хурал дахдаа МАН-аас хийсэн шинэчлэл нь энэ. Ард түмэн тэдэнд дүнгээ тавьсан, УИХ-д 25 хүнийг нь л сонгосон.

Харин УИХ-д хамгийн олон суудал авсан АН сонголтоо хийж, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтарч олонхийг бүрдүүлснээр МАН-д сөрөг хүчин гэдэг дүр ногдож байгаа юм. Бага хурлаараа тэд “Бодлого үйл ажиллагаанд алдаа байсан учир сонгуульд ялагдсан” гэж дүгнэсэн. Тийм ч учраас шинэ дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар өөрөөр ажиллана гэж олон нийт найдсан юм. Тэд олонх болж чадаагүй, ялагдсан, АН-ын сонголтоор сөрөг хүчний дүрд тоглохоор болсноо ойлгосон гэж бодсон. Үүндээ зохицуулж, төрийн ажлыг гацаах биш, олонхийн бурууг хянаж, зөвийг дэмжиж ажиллана гэж хүлээж буй. Гэхдээ энэ найдвар, хүлээлт бодит ажил болох эсэх нь эргэлзээтэй болж байна.

МАН-ын шинэ дарга өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргатай уулзаж, зөвшилцөх Ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон. Та ван тойрогт гараар санал тоолох та лаар УИХ-ын даргатай зөвшилцлөө, одоо Ажлын хэсгүүд ойлголцвол бид Цэцийн шийдвэрийг хүлээлгүй төрийн аж лыг үргэлжлүүлнэ хэмээн МАН-ын дарга мэдэгдсэн. Гэтэл АН-ын УИХ дахь бүлгийн дарга “Санал тоолох асуудлаар зөвшилцсөн гэдэг бол ташаа ойлголт. Төрийн байгууллага сон гуулийн асуудлыг шийдэх ёстой. Ямар ч шийдвэр гараагүй байхад тохи ролцоод шийддэг юм биш” гэлээ. Бас АН бүх зүйл хуулийн хүрээнд болсон учраас зөвшилцөх Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзжээ. МАН-ын дарга шинэ арга барил, бодлогоор ажиллах уу, эсвэл хуучин удирдлагынхаа адилаар үргэлжл үүлэн зөрөх үү гэдэг нь удахгүй тодорхой болно. Хэрэв тэр ахиад л гөжих юм бол шинэ удирдлагад нь тавьсан найдвар хуучин шигээ үр дүнгүй болно.

ТОХИРОЛЦОО ГЭЖ БАЙХГҮЙ

Өнгөрсөн жилүүдэд ажлыг тохиролцоогоор явуулж ирсэн хуучин аргаа МАН үгүйлсээр байна. “Та нар ингэж байгаа бол хариуд нь тэг. Тэгээд тохиролцож чадвал ажил үргэлжилнэ” гэсэн барьцах сэтгэлгээнээсээ тэд ангижирч чадсангүй. Цөөнх болчихсон атлаа “Тохиролцчихвол болно” гээд зүтгэв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр үдээс хойш МАНын зөвшилцөх Ажлын хэсгийнхэнтэй уулзсан байна. Тодорхой үр дүн гарсан эсэх нь тодорхойгүй. УИХ-ын чуулган үргэлжилж, МАН-ынхан тэнд суух уу үгүй юү гэдгийг харчихад л байдал тодроод ирнэ. “Тохиролцдог цаг дууссан” гэсэн сануулгыг АН-ын зүгээс тэдэнд өгч буй юм. МАН удирдлагаа ямар ч байсан солилоо.

Удирдлага нь өмнөх даргынхаа дүгнэснээр бодлого, үйл ажиллагаанаа шинэчилж, олон нийтийн итгэлийг буцаан олж авахын төлөө ямар нэг юм хийх нь үү гэдгээс тус нам үхэх, сэхэх нь шийдэгдэнэ. Тэд зөв ажиллаж, “хайр татсан” цөөнх байж, төрийн ажлыг гацааж биш түшиж, хянаж чавал хонгилын үзүүрт гэрэл харагдаж болно. Гэвч яг өнөөдрийн нөхцөл байдлаар МАНын арга барил хуучнаараа, ирээдүй нь бүрхэг л байна. Анхдугаар чуулганы үйл ажиллагааг гацаасаар, шүүх шийдэх асуудлыг нам, УИХ руу чирч авчрах гэж зөрүүдэлсээр. Байдал энэ чигээр үргэлжилбэл МАН-аас олон нийт улам л нүүр буруулна. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Гэтэл үүнд намын жижиг эрх ашгийн үүднээс санаатайгаар саад хийгээд байвал хайр татах нь юу л бол.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих