Есөн бүсгүйдээ захих үг

УИХ-ын 2012 оны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэг­дүүлэх тал дээр манайхан хаа хаанаа л хичээв. Сонгуулийн тухай хуулиндаа квотын асуудлыг ший­дэж, олон улсын байгууллагуудаас эхлээд төрийн бус байгууллагаа хүртлээ нийгэмдээ хандсан ухуулга сурталчилгаа багагүй явуулсан билээ. Төрийн тэргүүн хүртэл “Би үнэхээр эмэгтэйчүүдийг улс төрд орж ирвэл итгэнэ. Эмэгтэйчүүд нийгмийг бүхэлд нь харж байдаг.

Эмэгтэй хүн олдсон эрх мэдлээ хуваадаг, олдсон баялгаа хуваадаг юм. Эмэгтэй авлигач гэж сонссон уу, эмэгтэй дарангуйлагч гэж сонс­сон уу. Эмэгтэйчүүдийг Монголын төр бүх шатанд дэмжих ёстой” гэж нийслэлийн иргэдтэй уулзах уул­зал­тын үеэр байр сууриа илэр­хийлж байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч улс төр дэх эмэг­тэй­чүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухайд нийтлэлийн бодлогоо чиг­лүүлж, өдөр тутмын сонины эмэг­тэй эрхлэгч нар нэгдэн улстөрч эмэгтэйчүүдээ дэмжин сонины зай талбайнаас эхлээд бүхий л боломжоороо дэмжиж байсан. Сэтгүүлч миний бие “Гурвыг гуч болгоё” хэмээн бичиж байсандаа өнөөдөр баяртай байна.

Гуч болоо­гүй ч гурав дахин олуулаа болсонд. Ер нь Монголын нийгэм хэр хэрээрээ л дэмжсэн юм.  Хэдий­гээр 2008-2012 онд парламентанд сууж байсан гурван эмэгтэй гишүү­ний тоо гурван гурвын ес болж үржсэнд олон хүн сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ заавал эмэгтэй хууль тогтоогчийг өсгөх тоон ялгаан­даа бус харин Монголын нийгмийн тэн хагасыг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл шийд­вэр гаргах түвшиндээ харь­цаа, дүн бараа нь ойролцоо байх ёстой гэсэн шударга зарчмын төлөө шүү дээ.

Ямартай ч УИХ маань дөрвөн нам эвслийн бүр задалбал таван ч намын (АН, МАН, МҮАН, МАХН, ИЗНН) есөн эмэгтэй гишүүнтэй боллоо. Энэ бүсгүйчүүд маань төр түшилцэх түүхэн үүрэг хүлээснээ­сээ гадна Монголын төр дэх хүйсийн тэгш байдлыг тогтоох, эмэгтэйчүүд улс төрд орсноор юуг эрүүлжүүлж, юуг өөрчилж чадах вэ гэдгийг батлах давхар үүрэгтэй болж байгаа юм. Тэгэхээр энэ парламентын эрчүүдээс илүү үүрэг, хатуу хариуцлага та нарт ногдож байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Үнэхээр энэ төрд бүсгүй хүний хатан ухаан дутаж байжээ, аав эжий хоёрын арга билгийн ухаанаар айл гэр явдаг шиг энэ төрд эрэгтэй, эмэгтэй түшээдийн уралдуулсан ухаанаар улс хөгжих нь гэдгийг баталж өгөх үүрэг та хэдэд байна. Магадгүй үүнээс өмнөх УИХ-ын эмэгтэй гишүүдэд ийм шаардлага ч байгаагүй, дараа дараагийн бүсгүйчүүдэд ч ийм хэрэг гарахгүй байх. Харин та бүхэнд л ийм торгон ир дээр төр түших хувь ногджээ.

АН-ын Ц.Оюунгэрэл, М.Бат­чимэг, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, МАН-ын Д.Оюун­хорол, ИЗНН-ын С.Оюун, “Шударга ёс” эвслийн Г.Уянга, З.Баянсэлэнгэ та есөн гишүүнд шүү дээ. Хэрэв БЗД-ийн дахин санал хураалтаар экс гишүүн Д.Арвин ороод ирвэл арав болно.

Саяхан УИХ-д сонгогдсон эмэг­тэйчүүд маань нэгдэж эмэгтэй­чүүдийн бүлэг байгуулсан, сайхан л харагдаж байна лээ. Гэхдээ бүлэг байгуулж нийгэмд сайхан харагдах нэг хэрэг. Харин үйл хэргээрээ зөв харагдаж, батлах л чухал шүү дээ.  Одоо Монголын нийгэм тэр чигээрээ та хэдийг ажиж байна. “Янтгар хатан зарга шүүдэггүй” гэж өөлөн суугаа эрчүүд, эмэгтэй­чүү­дэд санал өгөхдөө хамгийн хойрго эмэгтэй сонгогч нар, Монголын төр эмэгтэйчүүдээ дэмжих ёстой гэж төрийн тэргүүн юунд хэлэв хэмээн толгой гашилган суугаа улс төрийн идэвхтнүүд бүгд л та нарыг ажиж шинжин суугаа. Эмэгтэй түшээд бодлого ярьж ухаан уралдуулах нь уу, хов ярьж хөгөө чирэх нь үү гэсэн мянга мянган нүдний хурц хараан дор ирэх дөрвөн жилд та бүхэн маань ажиллах нь.

Шинэ цагийн Монголын улс төрийн үүх түүхийг ажиглаад бай­хад эмэгтэй улстөрчдийг нохойд барьдаг мод шигээ хандах гээд байдаг тал их. Барьж байгаа улсууд нь нөгөө эрчүүд л дээ. Аль ч улс төрийн хүчинд энэ байдал ажиг­лагддаг. Эмэгтэйчүүдээ хооронд нь өрсөлдүүлж, улс төрийн тэмцэл хорондоо хамгийн түрүүнд нөгөө хэдээ л барьдаг. Харин сүүлд нь “Хүүхнүүд та нар л өөрсдөө ингэдэг шүү дээ” гэж даапаалах нь бий. Нам дагаж улс төр хийх гэж байгаа хүүхнүүд ч хоорондоо өр­сөл­­дөж, эрчүүдийн ховын хутгуур, гар хөл болж ирсэн эмгэнэлт түүх бий. Ай даа, одоо та хэд ухаантай­хан ажиллах цаг энэ шүү.

Өнгөрсөн хэдэн хоногийн хугацаанд болж буй үйл явдлууд дээр бүсгүйчүүд байр сууриа сүрхий яарангуй илэрхийлсэн харагдана лээ. Илэрхийлэх ч ёстой биз. Зарим нь зарганд яараад ч байх шиг.

Ингэхдээ жин дааж, ухаан зарж байр сууриа илэрхийлээсэй билээ гэж хамгийн түрүүнд бодогдож байлаа. Эмэгтэй хүн хичнээн мундаг байлаа ч эрчүүдэд заавал давуу тал нь оччих гээд байдаг шударга бусын ялгаа энд тэндгүй байдаг. УИХ-ын чуулганы танхимд Д.Тэрбишдагва гишүүн С.Оюун гишүүн рүү, Байнгын хорооны хурал дээр Ц.Нямдорж гишүүн Б.Мөнхтуяа гишүүн рүү дайрч давшилж байхад сурвалжлага хийгээд сууж байлаа.

Тэгэхээр төрийн түшээдээсээ эхлээд үзэл бодол нь эмэгтэй улстөрчдийг хүлээн зөвшөөрөхдөө маруухан хөрсөн дээр бид амьдарч байна. Эрэгтэй улстөрчдөөс давж үг хэлсэн ч тэнцүүлж хүлээж авдаг уламжлал дээр бид зогсч байгаа. Зөв мэдэгдэл, алхам хийсэн ч сөргөөр нь хүлээн авах нь элбэг нөхцөлд байна. Тиймээс хэлж буй үг, мэдэгдэж буй байр сууриа илэр­хийлэхдээ далд давхрыг сайтар бодоосой гэж хүснэ. Бас өөр хооронд яс хаях нь элбэг эрэгтэй улстөрчдийн тоглолтод аль болох орохгүй бол сайн юмсан.

Саяхан болсон МАН-ын Бага хурал гэхэд эмэгтэйчүүдийн асууд­лаа­саа болж хоёр өдөр саатсан гэлцэнэ. Удирдах Зөвлөлд багтаах эмэгтэйчүүдийн нэр дээрээс болж багагүй маргажээ. Дам дуу­лахнээ экс дарга нь буюу эрэгтэй улстөрч өөрийн гар хөлийн хүнээ шургуу­лах гээд хүүхнүүдээ хооронд нь үзэлцүүлсэн бололтой юм. Үүний тулд олонхийн санал аваад явж байгаа хүнээ хараахан олныг авч чадаагүй хүнээр солихын тулд заалнаас бас нэг эмэгтэй хүнээр санал гаргуулжээ.

Ядахад өнөөх эмэгтэй нь МАН-ын Бага хурал болгон дээр эцсийн мөчид босч санал гаргаж, хор найруулгын гар хөл болдог эмэгтэй гэж ирээд МАН-ын Бага хурлын гишүүд нь бөөн уур унтуу. М.Энхболдыг намын даргаас нь унагаж С.Баярыг болгоё гэдэг санал гаргадаг шигээ л бөөн юм болсон юм даг уу даа. Хамгийн гол нь эмэгтэйчүүд маань эрчүүдийн улс төрийн тоглолтын гар хөл болж, түүнийг нь олон нийт хүлээж авах­даа “Эмэгтэйчүүд ингэнэ дээ” гэж сөрөг ойлголтоо лавшруулаад байх нь нийт бүсгүйчүүдэд хөнөөлтэй юм аа.

Шар будаатай цай шиг бужиг­насан он жилүүд бидний өмнө байна. Ирэх дөрвөн жилийн улс төрийн дэргэд өнгөрсөн жилүү­дийнх хүүхдийн наадгай шиг байх биз. Үзэл бодлоо илэрхийлж, улс төрөө хийлгүй яахав. Гэхдээ 2012-2016 оны парламентад суух нэр бүхий та есөн гишүүн түүхэн үүрэг хариуцлагыг хүлээж байгаа гэдгээ бүү мартаарай. Тэтгэврийн насны ахмадууд, ид насны бүсгүйчүүд, оюутан охин, сургуулийн сурагч, цэцэрлэгийн жаахан охидын өмнө та бүхний хүлээх хариуцлага саналаа дугуйлж танд саналаа өгсөн хүмүүсийн эрхтэй зэрэгцэн оршихыг бүү мартаарай.

Э.ЭНЭРЭЛ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих