С.Ням-Очир: Өрсөлдөгчид үнэхээр чанга байлаа
Монгол улсаас төрсөн олимпийн 20 дахь, Монголын жүдогийн зургаадахь медальтан С.Ням-Очирыг медаль шагналаа гардсаны дараа хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс сэтгүүлчид хүссэн зүйлээ асууж авсан юм.
Долдугаар сарын 20-нд 26 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн тэрээр эхлээд “Маш олон хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Аав, ээж, Монголын жүдо бөхийн холбоо, холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, түүний “Хангарьд” спорт клубийн захирал Д.Баясгалан, дасгалжуулагч Ш.Бат-Орших багш, анх жүдод оруулсан Увс аймгийн Ю.Баттогтох багшдаа, бэлтгэл хангалцсан бүх тамирчдадаа баярлалаа гэж хэлмээр байна. Манай жүдочид “Хамтын хүч амжилт” гэсэн уриатай. Баг, хамт олныхоо хүч хөдөлмөрийн үр дүнд медаль авсандаа маш их баяртай байна” гэв.
-Олимпийн бэлтгэл хэр ханасан байв. Өмнөх хоёр өдөр манай жүдочид медальгүй үлдсэний дараа юу бодогдож байв?
-Бэлтгэл бол сайн байсан. Манай багийн тамирчид олимпийн өмнө олон тэмцээнд орсон. Урьдчилан гаргасан төлөвлөгөөний дагуу амралт, бэлтгэлээ зохицуулж байлаа.
-Оросын бөх Мансур Исаевтай хийсэн барилдааны тухайд юу хэлэх вэ?
-Би өмнө нь түүнд гурван удаа ялагдаж байв. Сая гурав дахь минутаас хойш барилдаанаа гаргаж барилдана гэж бодсон. Гэтэл их амархан ялагдчихлаа. Хэдийгээр ялагдсандаа сэтгэл дундуур байсан ч дараагийн барилдаануудаа сайн хийж, ямар ч байсан медаль авахыг зорьж, сэтгэл санаагаа төвлөрүүлсэн.
-Олимпийн наадмаас медаль авна гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Мэдээж дотроо их л том юм бодож том зорилго тавьж, олимпийн медаль авахын төлөө бэлтгэлээ хийсэн. Гэхдээ медальд хүрэх зам маш хэцүү гэдгийг мэдэж байлаа. Ямар ч байсан зорилгынхоо ард нь гарч, медаль авсандаа баяртай байна.
-Хоёр жилийн өмнө ДАШТ-ээс медаль авахад ойрхон байсан ч гэмтлийн улмаас тэмцээнээс хасагдсан. Олимпоос медаль авсан энэ мөчид тэр үеийн дурсамжаа хуваалцвал?
-2010 оны ДАШТ-д сая барилдсан Голландын Д.Элмонттой зооны аваргын төлөө барилдсан. Ялбал мөнгөн медаль дээр бууж, цаашаа аваргын төлөө барилдах боломжтой байсан. Тэгэхэд илүү явж байгаад гараа хугалаад хүрлийн төлөө барилдаж чадалгүй тэр тэмцээнийг орхиж байлаа. Сая тэр бөхтэйгөө дахин таарч, хоёр жилийн өмнө авах ёстой байсан медалиа авлаа. Элмонтын ах нь Бээжингийн олимпод манай ах Д.Нямхүүг торгуулиар ялж байсан. Тэгэхээр ахынхаа, өөрийнхөө ч медалийг авлаа гэж бодож байгаа. (Түүний нагац ах Галдангийн Жамсран самбо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Галдангийн Барсүрэн улсын аварга, Галдангийн Баатарсүрэн самбо бөхийн дэлхийн залуучуудын хошой аварга бол үеэл ах Д.Нямхүү 2006 оны Азийн наадмын аварга, Бээжингийн олимпийн V байрын шагналтай билээ)
-Хүрэл медалийн төлөө барилдахын өмнө сэтгэл санаа ямархуу байв?
-Хүрэл медалийн төлөө Голландын бөхтэй барилдана гэдгээ тооцож байлаа. Яавал хожих ёстой вэ гэдгээ маш их бодсон. Элмонт бол ДАШТ-ий хоёр мөнгөн медальтай, дэлхийн чансааны гуравт жагсдаг бөх. Ямар ч байсан хожих ёстой гэж бодож л гарсан даа.
-Өмнө нь барилдсан манай бөхчүүд медальд хүрч чадалгүй мултарсан нь дарамт болж байв уу?
-Ер нь маш хүнд байсан. Бид бүгдээрээ нэг системээр бэлтгэл хийсэн болохоор нөгөө хэдийгээ ялагдахаар миний бэлтгэл ч бас сайн ханаагүй юм болов уу гэж айж байлаа. Ямар ч байсан маш хүнд барилдаанууд хийнэ гэдгээ мэдэж байсан.
-Голландын Элмонт нэлээн ядарсан харагдаж байсан. Яг барилдахад ямар байна?
-Өмнө нь цаг сунгаж барилдаад ялагдсан болохоор нэлээн ядарсан байгаа болов уу гэж бодсон. Гэхдээ надад лав маш их хүнд байсан (инээв).
-Жин хэр хассан бэ?
-Долоон кг хассан. Багш нарын гаргаж өгсөн төлөвлөгөөний дагуу жингээ эртнээс хассан болохоор гайгүй байлаа.
-Та бол жингийнхэн дундаа нэлээн бяртайд нь орно. Олимпод танаас илүү бяртай бөх байна уу?
-Бүгдээрээ л маш их хүчтэй байлаа.
Лондон хот спортын сэтгүүлч Цагаанбаатар
URL: